Та гүйлтийнхээ амжилтыг ахиулаарай
Хөлийнхөө өсгийгөөр газардаж гүйж болохгүй - Та гүйхдээ хөлийнхөө өсгийгөөр газардаж гүйх нь буруу. Яагаад гэвэл биеийнхээ бүх жинг хөлийн өсгий дээрээ өгөх нь амархан ядраадаг. Холын зайд гүйх гэж байгаа бол эхлээд нэг хөлийнхөө өлмийгөөр газардан улаараа гүйцэд гишгэсний дараа дараагийн хөл ажиллагаанд орно. Мэдээж нуруу цэх, мөр сул мөн гишгэлт шулуун байх хэрэгтэй.
Өдөр бүр тогтмол бэлтгэл- Өдөр бүр нэгэн хэмжээний зайд гүйгээд ирэхээр аяндаа дасан гүйх газраа арай хурдан туулдаг болно. Харин бэлтгэлээсээ илүү их үр өгөөж авмаар байвал богино хэмжээний тэсрэлттэй гүйлт, хурдан, удаан гүйлтийг хослуулах, удаан гүйлтээр хол зам туулах, эсвэл уул өөд гүйх, бартаатай газар шороогоор гүйх гэх мэт олон төрлийн гүйлтийг хослуул. Үргэлж зааланд гүйх нь бас буруу: энэ тохиолдолд хөлийн ул хавтгайрч гүйх тэсвэр тэвчээр багасна.
Удаан явах юм бол хол зам туулна- Ихэнх хүмүүс нэг гүйлтээрээ асар их зам туулахыг хичээдэг. Мэдээж болно л доо, гэхдээ маргааш нь ахиж гүйхгүй л болов уу даа. Харин тэр хол замыг туулахад биеэ бага багаар бэлдэх нь жинхэнэ кайф. Тэгээд нэг л өдөр 20, 40 км зам хөнгөхөн гүйгээд сурчихвал өөртөө үнэхээр баярлаж, өөрөөрөө бахархах болно. Ер нь ямар ч зүйлийг хурдан эхэлбэл хурдан л дуусдаг болохоор тэвчээр ч энд давхар шалгагдана.
Халаалт, сунгалт- Гүйхийн өмнө халаалт хийх нь мэдээж гэмтэл бэртлээс урьдчилан хамгаална. Харин гүйсний дараах сунгалт нь булчинг хурдан сэргээж дараагийн удаа бэлтгэл хийхэд биеийг бүхэлд нь бэлэн болгож өгнө.
Гүйснийхээ дараа нэг өдөр амрах хэрэгтэй- Хэрвээ хэт их ачаалал өгвөл дөнгөж гүйж эхэлж байгаа хүмүүсийн булчин хөндүүр болж ядаргаанд ч орж магадгүй. Тиймээс зөв хооллолт, зөв нойр, зөв гүйлтээ хооронд нь хослуулбал бие сайхан хөнгөрч сэтгэл санаа ч бас давхар өөдрөг болно.
Хооллолт - Компьютерын ард байгаа хүнийг бодвол гүйж байгаа хүн илүү энерги зарцуулдаг болохоор илүү хоол идэж энергиэ нөхөж байх хэрэгтэй. Харин тос бага, уураг ихтэй хоол идээрэй.
Ус- Бид гүйж байхдаа их хэмжээний шингэн алддаг болохоор биеийн шингэний хэмжээг үргэлж нөхөж байх хэрэгтэй. Хүн бүр өөр ч ер нь 10 км тутамд ус уух нь хэвийн юм. Харин бэлтгэл эхлэхээс өмнө бас дууссаны дараа заавал ус уух шаардлагатай. Усны хувьд хэт халуун эсвэл хүйтэн байх юм бол биед ороод сайн шингэж чадахгүй.
Хөнгөхөн, агаар нэвтэрч байхаар материалаар хийгдсэн хувцас сонгоорой- Гүйхэд их хөлс гарч хувцас хамаг биед наалдах шиг онцгүй зүйл байдаггүй болохоор амархан хатдаг байх хэрэгтэй. Гутал сонгохдоо улын болон хамгийн хөнгөхөн, эвтэйхэнийг нь сонгох хэрэгтэй юм
Аадар бороо ороогүй л бол шиврээ бороо орж байхад гүйж болно. Тэгэх нь арьсанд чийг өгч сайнаар нөлөөлөх болно.