Стресс тайлах сонгодог аргууд
Өөрөө өөртөө тушаал өгч зоригжуул
Стресст өртөж, тааламжгүй сэтгэл хөдлөлд автсан үед та биеэ барьж, өөртөө тушаал өгөх аргаар өөрийгөө ялж болно. Ингэхдээ “тулгарсан бэрхшээлийг би заавал ялж дийлэх болно”, “би давна, туулна” гэсэн агуулгатай шийд гаргах ёстой. Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд өөрөө өөртөө зохих тушаал өгөөрэй. Хэн нэг хүн чамд заавар өгч, яахыг чинь хэлж өгөхийг бүү хүлээ. Чи өөрөө л санаачилж, хүнд байдлаас гарах арга замыг ол.
Сэтгэл зовинлоо тайлж, өөрийгөө ятга
Хий хоосон сэтгэл түгших буюу хэт зовинох тохиолдолд “Санаагаа бүү зовоо, тайван бай. Сэтгэл зовох юу ч алга, бүх юм сайхан болно. Би тайван байна. Би хүчиндээ итгэж байна. Сэтгэл түгших нь надад тусалж чадахгүй, харин ч хор хохирол учруулна шүү” гэсэн үг хэллэгийг өөртөө чимээгүй хэлж, өөрийгөө ятга.
Сэтгэлийн ганихарлаа тайл, хүчиндээ итгэ
Сэтгэл гутралын эсрэг чиглэсэн ятгалга хэрэгтэй. Жишээ нь, үерхдэг найзаа өөрөөсөө хөндийрснөөс болж сэтгэлээр унаж байгаа бол “түүнийг өмчлөх эрх надад байхгүй. Хэн ч хэнээс ч хөндийрч болно. Түүнийг надаас хөндийрснөөс болж уйтгар гунигт автаж болохгүй ээ. Амьдрал минь урд байна, өөр олон найзтай болох боломж надад байна” гэж хүчиндээ итгэн, улмаар түүнийгээ батласан аялгаар хэлж байгаарай.
Ятгах энгийн үг хэллэгүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэгдэж хэвшүүл
Сэтгэлийн зоригийг нөөцөө дайчлах (чи өөрөө ч мэдээгүй байхад чамд ийм боломж их бий), сэтгэл түгшилтээ номхруулах болоод ганихарлаа тайлахын тулд өөрийгөө ятгах сэтгэл зүйн хэллэгүүдийг хэрэглэж болно. Ятгах үг хэллэгүүд нь цөөхөн энгийн хэллэгтэй байх нь зөв.
Уур бухимдлаа хяна
Уурлах, бухимдах, сэтгэл хүчтэй бачимдах үед “Тайван бай. Уур бол түр зуурын солиорол, биеэ барьж чадахгүй байгаагийн л илрэл” гэсэн үгийг сэтгэл дотроо бодоход эсвэл амандаа шивнэхэд аяндаа сэтгэл уужирч, бухимдал тайлагдана.
Өөрийн уур бухимдал стрессээ тайлж чадахуйц өөрийн дуртай зүйлсээ хий.
Жишээ нь: Цэвэр агаарт зугаал
Бухимдсан үедээ цэвэр агаартай газарт 3-8 км зайд түргэн алхаагаар зугаалахад, тархи хүчилтөрөгчөөр хангагдан, ухаан улам саруул болж, сэтгэл баясна.
Ухааран бодох
Уур, бусад тааламжгүй сэтгэл хөдлөлүүд мунхагийн улмаас төрж болно. Уур бол юмны учир начирыг ухаарч чадаагүйн улмаас буюу харилцаж байгаа этгээдтэй харилцан ойлголцож чадалгүй, мунхагласнаас болно. Уурлахгүй байх нэг арга бол уурын гэм, уурлахгүй байхын тус хоёрыг харьцуулан бодох явдал. Энэ тухай бодож байтал уур аяндаа үгүй болно.
Биеийн тамирын дасгал, биеийн хүчний хөдөлмөр хий
Бүх биеийн булчинг ажиллуулсан ажил хийх, шал угаах мэтийн булчин шөрмөсний ажил хийх, гүйх, хөл бөмбөг, сагс, биллиард тоглох зэрэг биеийн тамирын дасгал хийхэд бие махбодь, уураг тархины цусан хангамж сайжирч, эд эсүүд хүчилтөрөгчөөр ханаж, тааламжтай сэтгэл хөдлөл үүснэ. Мөн булчингийн агшилтын явцад биед үлэмж хэмжээний сүүний хүчил хуримтлагдана. Энэ сүүний хүчлийн нөлөөгөөр бухимдал арилна.