Хувцасны шүүгээний баяр тэмдэглэцгээе

2014 оны 4 сарын 29

Заримдаа бүсгүй чамд хувцасны шүүгээгээ тэр чигт нь шинэчилмээр адтай бодол төрдөг үү? Жил гаруйхан зүүсэн ч аль хэдийн уйдчихсан хэрнээ шаггүй үнэтэй тул яаж ч чадахгүй хадгалсаар байгаа ороолт бий юу?

Тэгвэл найз охидоороо хамтран “Хувцасны шүүгээний баяр” тэмдэглэдэг болцгооё. Хэдэн ч охидоороо нийлсэн болно. Дөрвөөс цөөн эсвэл арваас олон бүсгүй нийлвэл жаахан замбараагаа алдаж мэдэх юм.

Бүсгүй тус бүр гэртээ хэрэглэхээ больсон цүнх, ороолт, бугуйвч, ээмэг, алчуур, гадуур хувцас, цамц, бошинз, даашинз гээд өөр хүн хэрэглэхэд дургүйцэхгүй юуг ч сонгосон болно. Үүний дараа хоорондоо груп мессежээр хэнд хэдэн ширхэг ямар төрлийн зүйл байгааг тооцон гаргана. Тэгэхээр нэг бүсгүй ахлан явуулах хэрэгтэй болно. Цаашид ээлжлэн зохион байгуулах системд аяндаа орчихно.

Ахлагч хэнд хэдэн ширхэг юу байгаа дээр үндэслэн дундаж тооцоог дараах байдлаар гаргана.

Малгай, ороол, алчуур, бүсний төрөл :  хоёр ширхэг

Дээгүүр өмсөх хувцас: хоёр ширхэг

Доогуур өмсөх хувцас: xоёр ширхэг

Гадуур хувцас: хоёр ширхэг

Хөлд өмсөх юм (хэрэв хэмжээ таардаг бол) : хоёр ширхэг

Гоёл чимэглэлийн зүйлс: xоёр ширхэг

Мөн зохион байгуулж буй нэгнийхээ гэрийг хүндрүүлэхгүй тулд хүн бүр гэрээсээ төрөл бүрийн хоол, зууш, уух юм авчирч болно. Эсвэл хоолгүй зөвхөн зууш, дарсаар дагнасан ч хамаагүй.

Ингээд Баасан гарагийн орой, эсвэл Бямба гарагийн үдийн цай гээд өдрөө тохирно. Зохион байгуулагч маань гэрээ жаахан бэлдэх хэрэг гарна. Хаана ямар хувцас хэрэглэлийг дэлгэж, өлгөж тавих, зууш уух юмаа хэрхэн байрлуулахаа бүсгүйчүүдийг ирэхээс өмнө жин тан болгоно. Өөрөөр хэлбэл жижигхэн дэлгүүрийг гэртээ бий болгоно гэсэн үг.

Бүх бүсгүйчүүдийн авчирсан хувцас, хэрэглэл “дэлгүүрийн” лангуунд байраа эзэлсэний дараа “Хувцасны шүүгээний баяр” эхэлснийг албан ёсоор зарлаж “дэлгүүр хэсэж” эхэлнэ дээ. Таалагдсан бараагаа өөрийн авчирсан бараанаас солилцон өгөх маягаар төлбөр хийгдэнэ. Тэгэхээр хоорондоо санал тохирсон байх хэрэгтэй.

Энэ баярыг шинэ жил, мартын найман гэх мэт том баяруудыг угтуулан хийвэл хэн хэндээ илүү хэрэгтэй байх ба дотно найз хүүхнүүдийн бас нэгэн цагаа өнгөрөөж таашаал авах өдөр болж хувирдаг. Харин хоорондоо санал нийлдэг, сайн найзуудыг хамруулах нь чухал шүү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2232
0 эможи
keyboard_arrow_up