Бүсгүйчүүдийн амьдралыг бүрэн өөрчлөх номууд

2015 оны 5 сарын 20

Бид дэлхийг өөрчилсөн эмэгтэйчүүдийн тухай олонтаа сонссон. Тэгвэл энэ  бүсгүйчүүдийн бодол санааг өөрчилж, өөрөө өөрийгөө олоход нь тусалсан алдартай номуудыг танилцуулъя.

Дашрамд дурьдахад эдгээр жагсаалтад эрдэмтэн, зохиолчдын бичсэн олон арван бүтээлийг багтааж болох ч төлөөлөл болгож цөөн тооны номыг оруулсан болно. Иймд эмэгтэйчүүдэд оюун санааны хувьсгал хийхэд нь нөлөөлсөн гайхамшигт бүтээлүүд энэ тоогоор хязгаарлагдахгүй юм.

 The Vindication of the Rights of Woman

 

Эмэгтэйчүүдийн эрх чөлөөний тухай ам ч нээх эрхгүй үе буюу 1792 онд Английн зохиолч, философич Мэри Уолстонкрафт “Эмэгтэйчүүдийн эрхийг зөвтгөх нь” нэртэй ном гаргасан нь тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж байжээ. Тэрбээр эмэгтэйчүүд боловсрол эзэмшиж, эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх, сонгуульд саналаа өгөх эрх гэдэг байр суурийг тууштай баримталж байсан аж. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш эрхийн талаарх түүний үзэл тухайн үедээ мөрөөдөл төдий байсан ч эцсийн дүндээ энэ нь феминизмийн тулгын чулуу болж өгсөн юм.

 

   Pride & Prejudice

 

 

Английн алдарт риалист үргэлжилсэн үгийн зохиолч Жейэ Остины уран бүтээл амьд ахуй цагт нь төдийлөн алдаршаагүй юм. Харин түүний 1813 онд бичсэн “Бардамнал ба бахархал” роман нь орчин цагийн эмэгтэйчүүдэд ч үлгэр дуурайлал болсоор байна. Таван охинтой гэр бүлийн хоёр дахь охин Элизабет Бэннэт болон чинээлэг, царайлаг ноён Дарси нарын хайрын түүхээр дамжуулж XIX зууны Англи орны нийгмийн байдлыг чадварлаг илэрхийлсэн бүтээл билээ. Мөн Элизабет Бэннэт, Дарси нар Англичуудын хамгийн хайртай уран зохиолын баатар болжээ. 2010 онд BBC агентлаг шилдэг 100 номын жагсаалтыг гаргахад “Бардамнал ба бахархал” ном тэргүүлж байжээ.

 

 The Second Sex

 

 

Францын зохиолч Симона де Бовуарын “Дайвар хүйстэн” бол түүний сор бүтээлүүдийн нэг мөн билээ. Хүйсийн тэнцвэртэй бус байдлын тухай өгүүлэх уг бүтээл 66 жилийн өмнө бичигдэж байсан ч өнөөдрийг хүртэл үнэ цэнээ алдаагүй байна. Түүгээр ч үл барам феменистүүдийн үзэл санааны тулгын чулуу болжээ. Өрнийн эмэгтэйчүүд хэдэн үеэрээ ариун судар мэт уншиж, хүмүүжиж ирсэн энэ зохиол эмэгтэйчүүдийг чөлөөлөх хөдөлгөөний онолын үндэс болсон юм. Мөн хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан, шударга ёсыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж, оршихуйнхаа төлөө хариуцлага хүлээн, жинхэнэ “хүмүүний” ёс суртахуунаар амьдрахад сургасан бүтээл гэж үнэлэгджээ.“Эмэгтэй хүн байна гэдэг юу гэсэн үг вэ? хэмээх асуулт надад юуны өмнө төрдөг байлаа. Үүнд би ядах юмгүй хариулчихна гэж бодлоо. Гэтэл уг асуудлыг анхааралтай авч үзэх төдийдөө л би энэ ертөнц эрчүүдэд зориулагдсаныг ойлгосон...” хэмээн зохиолч Симон дө Бовуар бичжээ.

 

  The Golden Notebook

 

 

2007 онд Нобелийн утга зохиолын шагналыг гардаж авсан Английн зохиолч Дорис Лессины 1962 онд гаргасан “Алтан тэмдэглэлийн дэвтэр” роман нь түүний хамгийн ярвигтай хийгээд алдартай бүтээлийн нэг юм. Зохиол Анна Вулф хэмээх зохиолч бүсгүйн амьдралыг өгүүлдэг. Эмэгтэй хүний хүсэл тачаал, ижил хүйстний харилцаа, хүчирхийлэл, хайр сэтгэлийн хурц илэрхийлэмжүүд өнөө үед тийм ч хурц биш ч 1960-аад оны үед радикал үзэл санаа байсан нь гарцаагүй.

 

  I Know Why the Caged Birds Sings

 

 

Африк гаралтай зохиолч Майя Анжелугийн өөрийн амьдралын гашуун түүхээс сэдэвлэн бичсэн “Торонд хоригдсон шувуухай яагаад жиргэдгийг би мэднэ” нэртэй бүтээл 1969 онд хэвлэгдэн гарчээ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн бодит байдлыг тусгасан эл бүтээл тухайн үедээ АНУ-ын ахлах сургууль болон их сургуулийн сургалтын хөтөлбөрт багтаж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22049
0 эможи
keyboard_arrow_up