Угаалгын нунтгийг сонгоход анхаарах зүйлс
Таны хувцас угаах тусам өнгөө алдаад байгаа юм биш биз? Эсвэл та өөрийнхөө хайртай хувцсыг угаахдаа өнгийг нь гундаачих вий, хуучруулчих вий гэж санаа зовж суугаа бол доорх зөвлөгөө танд хэрэг болно.
Угаалгын нунтаг дотроо хоёр янз. Гар болон автомат угаалгынх гэж. Зориулалтын хувьд цайруулагчтай, ангижруулагчтай, жинсэн болон будагтай хувцасных, ноос, ноосон эдлэлийнх, хар өнгийн хувцасных гэж ангилдаг. Орцон дахь нэмэлт найрлагаас шалтгаалан нунтгийн үнэ болон чанар харилцан адилгүй байдаг байна.
Угаалгын машинаар, эсвэл гараар угаах гэж байгаагаасаа шалгтаалаад гар (оросоор “ручная стирка”, англиар “hand wash” гэж бичсэн байх), эсвэл автомат угаалгын нунтаг сонгоорой. Таны угаалгын машин хагас автомат бол гар угаалгын нунтагийг сонгох нь зөв. Ингэж ялгахын учир нь гар угаалгын нунтаг автоматыг бодвол илүү их хөөсөрдөг тул автомат угаалгын машинд тохирдоггүй. Ихэнх нэр хүнд бүхий брэндийн угаалгын нунтгийн савлагаан дээр орцыг маш тодорхой бичсэн байдаг. Хувцсаа 30 угаалтын дараа ч шинэ хэвээр нь хадгалмаар байвал та аль хамгийн чанартай угаалгын нунтгийг хэрэглээрэй.
Гар зориулалтын нунтгийг машинд хэрэглэдэггүй. "Автомат" гэсэн тодотголтой нунтгийн найрлагад угаалгын машины эд ангийг хамгаалах тусгай бодис орсон байдаг юм байна. Тиймээс гap угаалгын нунтаг танай угаалгын машины эд ангийг хамгаалж чадахгүйгээс гадна угаалга ч санасан хэмжээнд хүрэхгүй.
Нэг удаагийн угаалгад нунтгийн орох тунг маш нарийн хэмжих ёстой. Савлагаан дээр байгаа тунгийн тайлбар, хэмжээг зөв харж, зааврын дагуу хэрэглээрэй. Хэрэв тунг тааруулахгүй бол химийн элементүүдээс бүрддэг энэ бүтээгдэхүүн цэвэр усаар зайлсны дараа ч хувцаснаас бүрэн арилдаггүй. Тунг хэтрүүлэн угаасан хувцсыг өмссөн үед хүний хөлсөөр дамжин дотор эрхтэн болон арьсанд элдэв харшил, эмгэг үүсдэг болохыг анхаарах хэрэгтэй.