Сүмсний тухай та юу мэдэх вэ?
Сүмс нь хоолны амт үнэр шүүслэг чанарыг дээшлүүлж мөн илчлэг чанарыг нь сайжруулдаг. Сүмс нь яг тухайн хийж байгаа бүтээгдэхүүнээс болоод өөр өөрийн онцлогтой байна. Жишээ нь сүүн сүмс гэхэд ханасан болон ханаагүй тосны харьцаа яг зохистой хэмжээгээр агуулагддаг, дээр нь 20 гаруй төрлийн уураглаг нэгдэл байдаг учраас биед шингэц сайтай сүмс юм. Сүмс нь амтлаг хоол болон жимс, ногооны гэх мэт хөнгөн төрлийн хоолонд зохимжтой. Махан хоолонд төдий л зохимжтой бус, учир нь сүүний кальци, махны төмөр нь өрсөлдөөнт шимэгдэлтэд ордог учраас бие биенийхээ шимэгдэлтийг дарангуйлдаг, ингэснээр организмд хэрэггүй болно гэсэн үг. Махны сүмсний хувьд бол мах нь маш олон төрлийн үл орлогдох амин хүчлийн эх үүсвэр болдог учраас хоолны уураглаг чанарыг нэмэгдүүлж, тэжээллэг болгоно. Дарсны сүмс нь хоолыг өвөрмөц амт үнэртэй болгоно. Мөн хоолны шингэцийг сайжруулна. Гол төлөв стейк, махан хоолонд зохимжтой.
Махан сүмс
Орц: /150гр/
Гурил 30 гр
Ургамлын тос 30 гр
Сонгино 1,5 ш
Шөл 180 гр
Томат паст 15 гр
Шар буурцгийн өтгөн сүмс бага зэрэг
Давс, перец
Хийх арга:
Тосоо халаагаад сонгиноо хийж хуураад томат паст нэмж шаргал болтол нь хуурна. Шөлөө хийж дээр нь хуурсан гурилаа бага багаар цацаж хийгээд бөөнгүй болтол нь хутгана. Зөөлөн галаар 10 орчим минут буцалгаад бэлэн болно. Хэрэв өтгөн болвол шөл нэмж шингэлж болно. Сүмс нь өтгөвтөр байдалтай байна.