Урт наслах нууцаас

2015 оны 5 сарын 09

Урт наслах боломжтой холбоотойгоор монголчуудын дунд уламжлал болон хадгалагдаж ирсэн зан заншлын талаар зарим хүмүүс өөрсдийн бодит амьдралын жишээгээр хүүрнэснийг толилуулж байна.

Чингэлтэй дүүргийн  19-р хороо Дээд Салхитын 8-.... тоотод  амьдарч байсан Говь-Алтай аймгийн .... сумын уугуул Ядмаа 76 настай: 

- Намайг анх цэргээс ирсэний дараахан аав минь “чи ингэж их идэж байж яаж урт наслах юм” гэж загнаж билээ. Тэгээд бага шиг хэмжээний дунд тагшаар 2 аяга хоол өдөр бүр идэж сургасан юм. Би өглөө мэдээж чавираа  иднэ. Чавираа гэдэг нь хэдхэн боорцог юмуу, 2-3 зүсэм талх эсвэл хэдэн ааруул ээзгий дээр тавьсан зүсэм өрөм. Үд дунд үдийн унд, заримдаа хийцтэй цай,  орой болохоор нөгөө аавын сургасан 2 аяга гурилтай хоол. Тэгээд л болоо. Миний бие хөнгөхөн. элдэв хууч байхгүй. Даралт байхгүй.

Сүхбаатар дүүрэг Базаррагчаа 78 настай:

Би нэг удаа Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн юм. Манай тасагт янз бүрийн л насны хүмүүс хэвтэж эмчлүүлж байв. Тэдний дунд хөнгөхөн биетэй нэгэн хөгшин байсан сан. Тэрээр залуучуудтай нийлэн 7 давхараас хар хурдаараа нэг давхарт буух, буцаж 5-7 давхарт гарах зэрэгт түүртэхгүй байх тул би амьдралдаа хэрхэн биеэ авч явсан талаар сонирхсон юм. Тэрээр хэлэхдээ: “Ер нь миний амьдрал өдий хүртэл хугацаанд  их сайхан тайван өнгөрсөн. Эхнэр бид хоёр  нэг их ам муруйж үзээгүй, их найрсаг, эвтэй. Манай гэр миний ажилладаг аптекаас нэг их холгүй тул хоолны дэглэм ер нь алдаж үзээгүй. Нэг их идэхгүй мөртлөө хоолны горимоо насан туршдаа сайн баримталж ирсэн тул элдэв хууч өвчин  байхгүй. Одоо би жаахан сувилгаа ядаргааны эмчилгээ хийлгэж байна” гэсэн юм.

Чингэлтэй дүүрэг 4-р хороо  Сандагдорж  74 настай, армийн бэлтгэл дэд хурандаа:

-Та ямар нэг хууч өвчингүй  сайхан өндөр  наслаж байна. Таны биеэ ингэж сайхан авч яваагийн нууц юу вэ?

- За даа нэг их нууц ч юу байх вэ дээ. Хамгийн гол нь тогтмол хэмжээтэй цагтаа хооллож, тогтмол хөдөлгөөнтэй байх нь чухал.Эцэст нь хэлэхэд та нарынхаар бол хагас өлсгөлөнгийн байдалтай байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ өлсөж болохгүй л дээ.

Миний хөгшин аав Ж.Пүрэв 81 насалсан. Түүний дүү Ж. Галбаа 85 насалсан. Тэд зун цагт айраг цагаа элбэгших үед махан хоол иддэггүй цагаан идээгээр хооллодог байж билээ. Улсын баяр өнгөрөнгүүт хүүгийн гэдэс цайруулна гээд намайг гэр лүүгээ авч явна. Тэгээд очсон өдөр  мөн явах өдөр гурилтай хоол хийж өгөх бөгөөд  бусад өдрүүдэд тараг сүү, өрөм ааруул хааяа бяслагаар өглөө өдөр цайгаа ууна, орой унтахын өмнө 1-2 аяга тараг уулгана. Тэгээд нэг сар болоход 8-р  сарын 10-д өнгөрөөгөөд за сургууль орох дөхөж байна, гэрт чинь хүргэж өгье дээ гээд намайг гэрт минь хүргэж  өгдөгсөн. Энэ нэг сарын хугацаанд өлсөж цангаагүйгээр барахгүй царай орчихсон , бие хөнгөн гэртээ ирдэгсэн.

Б.Норжванчиг МУИС- ийн багш доктор профессор:

Хүн хоолны дэглэмээ сайн барьж байх хэрэгтэй. Өлсөж болохгүй. Ходоодоо хоосон байлгаж болохгүй. Бүүр ядаад ганц  алим ч болсон идэхэд хангалттай. Хоолоо бага хэмжээгээр тогтмол идэж байх нь л маш чухал.

Тунгалаг /Шагдарсүрэн эмнэлгийн эмч /  Тус эмнэлгийн эмчлүүлэгч нарт хийсэн нэг удаагийн ухуулга яриа дээр хэлсэн үг:

 Манай эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа та бүхэн өөрсдийгөө нэг хар даа . Энд ямар хүмүүс хэвтэж эмчлүүлдэг вэ гэв. Бид бие биеэ гайхан харцгаасан боловч онцын ялгаа олж харсангүй. Бас ижил төстэй зүйлээ ч сайн ухаарсангүй. Хэсэг байсны дараа тэрээр хэлж байна. Энд дандаа баян чинээлэг хүмүүс сууж байна. Амьдрал нь хангалуун дутагдах зүйлгүй  тийм хүмүүс сууж байна гэв. Тэгээд хоолны дэглэм, хоолны хэмжээ, дэг журмын талаар ёстой ой тойнд буутал яриа таниулга хийлээ. Хүний ходоод хоёр алгаа хумбайлган тоссон байдалтай хагас дэлгэсэн хэмжээтэй гэнэ. Тийм  хэмжээгээр л хоол идэхэд хангалттай байтал амьдрал дээр хэтрүүлэн хоол ундаа хэрэглэснээс болж ходоодныхоо ачааллыг хэтрүүлэн, төрөл бүрийн дотор өвчнүүд, ялангуяа элэг муудах түүнээс улбаалан элэгний өвчтэй болох нэг гол шалтгаан үүсдэг гэнэ. Өөрөөр хэлбэл элэг өвдөж байна гэдэг хоол ундаа тохируулалгүй, хэтрүүлэн их идсэнээс болж өөрт чинь бие эрхтэн чинь эсэргүүцлээ илэрхийлж байгаа хэрэг гэдгийг ягштал сайн ойлгуулсан билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21258
0 эможи
keyboard_arrow_up