Нүдээ амраах хялбар дасгал
Компьютер дээр байнга ажилладаг хүмүүст зориулж дараахь нүдээ амраах хялбархан дасгалыг зөвлөж байна. Удаан хугацаагаар компьютерийн өмнө суух, ном унших, телевиз үзэх зэрэгт бидний нүд маш амархан ядарч улмаар нүдний хараа мууддаг. Тиймээс ажлын үеэр ч хийж болох хялбар дасгалыг хийж сурцгаая.
- Сандал дээрээ нуруу цэх, нүдээ анилгүй, хараа шулуун анхаарлаа төвлөрүүлж 2-3 минут сууна. Үүний дараа нүдээ зүүн, баруун, доош, дээш харна. Энэ дасгалыг 10 удаа хийнэ.
- Нүдээ зүүн доош, баруун доош, зүүн дээш шулуун харна. Аажмаар нэг байрлалд байх хугацааг уртасгана. Дасгалын үеэр амьсгалаа чөлөөтэй авч буцааж гаргана. Мөн 10 удаа давтан хийнэ.
- Баруунаас зүүн, зүүнээс баруун тийш харна. Энэхүү дасгалыг эхлээд түргэн дараа нь удаашруулах байдлаар 10 удаа хийнэ. Харах цэгийн байрлалыг өөрчлөн хамрын үзүүрийг харна. Дараа нь алсыг харах байдлаар дасгалыг дуусгана.