Жирэмсэн болохоосоо өмнө хийх 17 зүйл
Та хүүхэдтэй болж эх хүн болохоор шийдсэн үү. Хэрэв тийм бол хэдэн хором эсвэл сар магадгүй дор хаяж хоёр сар хүлээгээрэй. Жирэмсэний явцад эрүүл саруул байж эрүүл хүүхэд төрүүлэх хамгийн сайн боломжийг бүрдүүлэхийн тулд жирэмсэн болохоосоо өмнө дараах чухал зүйлсийг хийж гүйцэтгэх шаардлагатай.
1. Жирэмсэн болохоосоо өмнө эмчид үзүүлэх
Заавал жирэмсэн болсон хойноо эсвэл төрөхдөө эмчид үзүүлэх биш харин жирэмсэн болохоор төлөвлөж байхдаа эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмч таны өөрийн болон гэр бүлийн эрүүл мэндийн түүх, таны одоогийн эрүүл мэндийн байдал, ууж байгаа эм зэргийг тодруулах болно. Зарим эмийн бодисууд нь жирэмсэний хугацаанд хэрэглэхэд аюултай байдаг бол зарим нь биеийн өөхөн эдэд хадгалагддаг тул жирэмсэн болохоор оролдохоосоо өмнө хэрэглэхээ зогсоох шаардлагатай.
Эмч мөн тантай хоолны дэглэм, биеийн жин, дасгал, эрүүл бус амьдралын хэвшил (тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх, эмийн бодис болон мансууруулах бодис ) зэргийн талаар ярилцахаас гадна жирэмсний витамин, таныг дархлаажуулалтанд бүрэн хамрагдсан, хүүхэд байхдаа салхин цэцэг, улаан бурханы вакцин хийлгэсэн тухай асуух болно. Үүний дараагаар биеийн бодит үзлэг болон хэт авиан шинжилгээ хийхийн зэрэгцээ таныг эрсдэлтэй бол бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх шинжилгээ хийлгэхийг санал болгоно.
2. Фолийн хүчил уух
Фолийн хүчлийг нэмэлт хэлбэрээр уух нь чухал. Жирэмсэн болохоос доод тал нь нэг сарын өмнөөс болон жирэмсний эхний гурван сарын туршид фолийн хүчлийг өдөрт 400 микрограмаар уух нь ургийн мэдрэлийн гуурсны гажиг үүсэх эрсдэлийг 50-70 хувиар бууруулдаг. Фолийн хүчил нь мөн бусад ургийн гажигаас сэргийлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Та фолийн хүчлийн нэмэлт бүтээгдэхүүнийг эмийн сангаас дангаар нь авахаас гадна жирэмсэн хүмүүст зориулсан витаминтай хавсарсан хэлбэрээр авч хэрэглэж болно. Хэрэв бусад витаминуудтай хавсарсан хэлбэрээр байвал фолийн хүчилийн агууламж 400 мкг байгаа эсэхийг шалгаж авахаа мартуузай.
Мөн витамины комплекст байгаа А витамины хэмжээг сайтар шалгаарай. А витамины хоногийн тун 770 мкг буюу 2,565 IU ихгүй байх шаардлагатай. Учир нь илүүдэл хэмжээний А витамин ургийн гажиг үүсэх шалтгаан болдог.
Хэрэв та ямар нэмэлт витамин хэрэглэхээ мэдэхгүй байгаа бол эмчээсээ зөвлөгөө аваарай.
3. Согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх
Хэрэв та тамхи татдаг эсвэл мансууруулах бодис хэрэглэдэг бол одоо зогсоох цаг нь болжээ. Олон тооны судалгаагаар тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх нь зулбалт, дутуу төрөлт, жин багатай хүүхэд төрөх, ургийн зарим төрлийн гажиг үүсэх зэрэгт хүргэдэг болох нь тогтоогдсон.
Мөн тамхи нь таны нөхрийн үр тогтоох чадвар болон үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоонд сөрөгөөр нөлөөлдөг. Судлагаагаар өөрөө тамхи татдаггүй ч тамхи татдаг хүнтэй хамт байх нь жирэмсэн болох боломжинд сөргөөр нөлөөлдөг байна.
Жирэмсэн болохоос хоёр долоо хоногоос доошгүй хугацааны өмнөөс согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Жирэмсэний хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх нь ургийн гажиг болон бусад таагүй үр дагаварын шалтгаан болдог.
Тогтсон эрүүл бус зуршилаа зогсооно гэдэг хэцүү байж болзошгүй. Хэрэв танд ийм байдал үүсвэл эмчтэйгээ ярилцаж өөрт тустай хөтөлбөрийн талаар ярилцаарай.
4. Хөргөгчиндөө эрүүл хүнсээр хадгалах
Та хоёр хүнд зориулсан дэглэмээр хооллохгүй байгаа хэдий ч эрүүл жирэмслэлтэнд зориулсан хүнс сонгон хэрэглэж эхлэх хэрэгтэй.
Хүнсэндээ жимс жимсгэнэ, хүнсний ногоо, бүхэл үр тариа болон кальцийн агууламж өндөртэй сүү тараг зэргийг түлхүү хэрэглээрэй. Уургийн эх үүсвэр болгож шош, вандуй, шар буурцагийн бүтээгдэхүүнээс гадна хонь, үхрийн мах сонгоорой.
Нөөшлөгч, будагч бодис, халуун ногоо агуулсан органик бус хүнснээс аль болох татгалзах нь зүйтэй.
5. Коффее уухаас татгалзах
Жирэмсэн үед ямар хэмжээний каффейн хэрэглэх нь аюулгүй болох талаар нарийн тоо байдаггүй ч мэргэжилтнүүд жирэмсэн болохоор оролдож байгаа хүн каффейн хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөдөг.
Судалгаагаар каффейны их хэрэглээ үр тогтох чадварын доройтол хоёрын хооронд хамаарал байгааг тогтоожээ. Мөн хэт их каффейн хэрэглэх нь зулбалт үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж судлаачид үздэг.
Зарим мэргэжилтнүүд жирэмсэн хүний каффейны хэрэглээ дээд тал нь хоногт 200 миллиграм буюу нэг аяга коффее гэж үздэг хэдий ч болж өгвөл өөртөө эрсдэл бий болгохгүй байхыг хичээх нь чухал.
6. Биеийн жиндээ анхаарах
Хэрэв та хэвийн жинтэй байвал илүү амархан жирэмсэн болох хандлагатай байна. Биеийн жингийн индекс бага эсвэл өндөр байх нь зарим эмэгтэйчүүдэд жирэмсэн болоход бэрхшээл үүсгэдэг. Нэгэн судалгаагаар биеийн жингийн индекс 20-оос бага эсвэл 24-өөс дээш байх нь үр тогтолтонд сөрөг нөлөө үзүүлдэгийг тогтоожээ. Та манай сайтын нүүр хуудсанд байгаа Биеийн жингээ хэвийн байгааг яаж мэдэх вэ? гэсэн хэсэг рүү орж өөрийн биеийн жингийн индексийг бодож үзээрэй.
Таны биеийн жин хэвийн хэмжээнд биш байвал жингээ хэвийн болгох талаар санаа тавиарай. Энэ нь таныг жирэмсэн болоход дэмжлэг болох болно. Биеийн жингээ хэвийн болгоход өөрт тохиромжтой хамгийн сайн аргын талаар эмчтэйгээ ярилцаарай.
7. Хүнсэндээ загас хэрэглэдэг бол анхаарал хандуулах
Хэрэв та загасны маханд дуртай бол анхааралаа хандуулаарай. Хэдийгээр загас нь омега-3 тосны хүчил,(энэ нь ургийн тархи болон нүдний хөгжилд маш чухал ач холбогдолтой) уураг, витамин Д, болон бусад хүнсний бодисын сайн эх үүсвэр болдог боловч мөнгөн ус агуулсан байж болзошгүй. Мөнгөн ус нь ургийн хөгжилд маш хортой бодис юм. Сүүлийн үед уул уурхайн замбараагүй ашиглалтаас болж манай орны гол нуурууд мөнгөн ус, цианид натраар хордсон тухай мэдээ байгаа тул анхаарал хандуулахгүй байж болохгүй.
8. Дасгалын хөтөлбөр зохиох
Дасгалын хөтөлбөр зохион хичээллэж эхлэх эсвэл өмнө нь хийдэг байсан дасгалаа үргэлжлүүлэн хийх нь таны биеийг эрүүлжүүлж жирэмсэн болоход бэлтгэж өгнө. Хөлс гаргаж хичээллэх нь стрессийг бууруулах хамгийн сайн арга болно.
Эрүүл дасгалын хөтөлбөр нь алхах эсвэл дугуй унах, фитнесийн хөнгөн дасгал зэрэг дунд зэргийн ачаалалтай дасгалыг долоо хоногийн ихэнх өдрүүдэд 30 минут болон түүнээс дээш хугацаагаар хийхэд хамаарна.
Мөн уян хатан чанарыг нэмэгдүүлэх, сунгалтын дасгал эсвэл иогын дасгалууд хийхэд тохиромжтой. Харин та нэгэнт жирэмсэн болсон бол өмнө нь хийж байсан дасгалаа үргэлжлүүлж болно.Усанд сэлэх нь эмэгтэй хүнд тохиромжтой дасгалуудын нэг байх болно.
Хэрэв та өмнө нь дасгалаар хичээллэж байгаагүй бол хөнгөн хэлбэрийн дасгалаас эхлэх хэрэгтэй. Эхлээд өдөрт 10-20 минут алхаж байсан бол аажимаар ачаалалыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ лифтээр явахын оронд шатаар явах, машинаа зогсоолд тавихдаа арай холынхыг сонгох гэх мэтчлэн өөрийн идэвхтэй хөдөлгөөнөө нэмэгдүүлээрэй.
9. Шүдний эмчид үзүүлэх
Жирэмсэн болохоор бэлдэж байх үедээ амны хөндийн эрүүл ахуйн талаар мартаж болохгүй. Жирэмсэн үеийн дааврын өөрчлөлтийн улмаас буйл илүү өвчлөмтгий болдог. Прогестерон болон эстроген дааврын ихсэлтийн нөлөөгөөр буйл хөөнгө болж үрэвсэхдээ амархан болохын зэрэгцээ шүд угаах үед цус гарамхай болно.
Жирэмсэн болохоосоо өмнө шүд болон буйлны эрүүл ахуйдаа анхаарал хандуулвал жирэмсэн болсны дараа буйлны үрэвсэл үүсэх магадлалыг бууруулж чадна. Мөн шүд цоорсон байвал цаг алдалгүй эмчилгээ хийлгээрэй.
10. Өөрсдийн гэр бүлийн эрүүл мэндийн түүхийг судалах
Таны болон таны нөхрийн цусан төрлийн хүмүүсд Дауны хам шинж, хадуур эст цус багадалт, цус бүлэгнэлтийн хүнд хямрал зэрэг удамшлын болон хромосомын эмгэг тохиолдож байсан эсэхийг тодруулаарай. Мөн оюун ухааны болон хөгжлийн бэрхшээлтэй хүн, зүрхний болон мэдрэлийн гуурсны гажиг зэрэг төрлөхийн гажигтай хүүхэд төрж байсан эсэхийг асууж тодруулах хэрэгтэй.
Эмч танаас жирэмсний өмнөх үзлэгийн үед энэ талаар бүлэг асуулт асуух бөгөөд үүнд үнэн зөв хариулах нь үүсч болох эрсдэлээс эрт сэргийлэх ач холбогдолтой. Шаардлагатай гэж үзвэл удам зүйн зөвлөгөө авах болно.
11. Санхүүгийн боломжоо эргэцүүлэх
Гэр бүлийн хүнтэйгээ харилцан ярилцаж таныг жирэмсэн байх хугацаа болон төрөх, төрсний дараах үед гэр бүлийн санхүүгээ хэрхэн зохицуулах талаар урьдчилан төлөвлөөрөй. Жирэмсэний хяналтанд хаана орох, хүүхдээ улсын эмнэлэгт төрүүлэх уу хувийн эмнэлэгт төрүүлэх үү гэдгийг санхүүгийн боломжоо харж урдаас шийдэх нь зүйтэй.
Хүүхэд төрсний дараа мөнгөний хэрэгцээ илүүтэйгээр нэмэгдэнэ гэдгийг тооцоорой.
12. Сэтгэцийн эрүүл мэндэдээ анхаарах
Сэтгэл гутралын байдалтай эмэгтэйчүүдэд үр тогтолтын асуудал хоёр дахин илүү тохиолдох хандлагатай байдагийг судлаачид тогтоожээ. Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бүх эмэгтэйчүүд ялангуяа стресс ихтэй ажил хийдэг болон сэтгэл гутралаар гэр бүлийнхнээс нь өвдөж байсан эмэгтэйчүүдийг жирэмсэн болохоосоо өмнө сэтгэцийн эрүүл мэндээ шалгуулахыг зөвлөдөг. Хэрэв танд ямар нэг юманд сонирхолгүй болох, баясал таашаал авдаггүй болох, хоолны дуршил, нойрны хэв маяг өөрчлөгдөх, эрч хүчээ алдах, өөртөө итгэлгүй байнгын сэтгэл түгшүүртэй болох зэрэг сэтгэл гутралын шинж тэмдгүүд илэрвэл эмчтэйгээ ярилцаж сэтгэл зүйч эмчийн зөвлөгөө аваарай.
13. Халдвараас сэргийлэх
Та жирэмсэн болохоор оролдож байхдаа урагт хорт нөлөө үзүүлдэг халдвараас сэргийлэх нь чухал.
Та хөөрүүлээгүй сүү, түүхий сүүний бяслаг, хагас боловсоруулсан махан бүтээгдэхүүн, түүхий болон дутуу болгосон загас зэрэг хүнс хэрэглэхээс зайлсхийгээрэй. Эдгээр хүнсний зүйлсд листериозийн бактер байж болзошгүй бөгөөд энэ нь зулбалт болон ураг амьгүй болох зэрэг ноцтой хүндрэлийн шалтгаан болдог. Та буцалгаж ариутгаагүй шүүс уухаас татгалзах нь зүйтэй. Учир нь эдгээрт сальмонелла эсвэл E. coli зэрэг гэдэсний халдвар үүсгэгчид агуулагдаж байдаг.
Хоол хүнсээ бэлдэхдээ гараа сайтар угааж заншаарай. Хөргөгчнийхөө тохиргоог 2-4 градусд харин хөлдөөгчнийхийг бол хасах 18 хэмд тохируулах нь хоол хүнсний зүйлийн хадгалалтанд тохиромжтой байдаг.
Гэр ахуйн цэвэрлэгээний ажил ялангуяа цэцэрлэг, газар шорооны ажил хийх бол заавал бээлий өмсөх шаардлагатай. Энэ нь таныг өсөж хөгжиж байгаа ургийг халдварлуулдаг токсоплазмозоос сэргийлэх болно.
Эцэст нь жирэмсэн байхдаа ханиад хүрэхээс сэргийлэх зорилгоор ханиадны вакцин хийлгэж болно. Ялангуяа ханиадны дэгдэлт явагддаг улирал бол энэ нь тухай анхаараарай. Жирэмсэн байхдаа ханиад хүрвэл уушгины хатгаа болон дутуу төрөлт зэрэг ноцтой хүндрэл үүсэх магадлал өндөр байдаг.
14. Орчныхоо эрсдэлт хүчин зүйлсийг багасгах
Та хүрээлэн байгаа орчинхоо аюулыг бүгдийг нь устгах боломжгүй байж магадгүй. Гэвч тэдгээрийн ихэнхийг өөрийн амьдрах орчноос зайлуулж чадна. Зарим ажил мэргэжил танд болон таны хүүхдэд хор хүргэх боломжтой. Тухайлбал химийн бодистой шууд харьцдаг эсвэл цацраг идэвжилтэй орчинд ажилладаг бол жирэмсэн болохоосоо өмнө ажлаа солих нь зүйтэй.
Мөн утаа, зарим цэвэрлэгээны бодисууд, шавьж устгагчид, будаг шингэлэгч болон зэвтэй крантны ус зэрэг нь өсөж хөгжиж буй урагт аюултай. Эмчтэйгээ өөрийн өдөр тутмын амьдрал, ажлын болон гэр ахуйн орчныхоо хорт нөлөөлөлөөс зайлсхийх арга замын тухай ярилцаарай.
15. Өөрийн шийдвэрийн тухай бодож үзэх
Үр хүүхэдтэй болно гэдэг амьдралын үндсэн утга учрын нэг. Хүүхэдтэй болохыг дагалдаад маш том үүрэг хариуцлага ирдэг. Иймд жирэмсэн болохоор оролдож эхлэхээсээ өмнө эцэг эх байхын үүрэг хариуцлагын талаар бодож үзээрэй. Зарим бодож үзэх хэрэгтэй асуултуудыг орууллаа:
• Хүүхэд хэрхэн асарч бойжуулах болон ажил төрлөө хэрхэн зохицуулах талаар бодож үзсэн үү?
• Та бүхэн өөрсдийгөө эцэг эх болоход бүрэн бэлтгэгдсэн гэж бодож байна уу?
• Хүүхэдтэй болох талаар аав ээж болон ойр дотны хүмүүстэйгээ ярилцсан уу?
• Хэрэв таны хамтрагч өөр үндэстэн эсвэл өөр шашин шүтдэг бол энэ нь хүүхдэд хэрхэн нөлөөлөх талаар ярилцсан уу?
16. Жирэмсэн болох хугацаагаа төлөвлөх
Зарим эмэгтэйчүүд жирэсэн болохоор шийдсэн үедээ зүгээр л жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхээ зогсоодог. Харин зарим нь өндгөн эс боловсрох хугацаагаа тооцоолж хэзээ жирэмсэн болох боломжтойг сар бүр тооцоолдог.
Өндгөн эс боловсорч ялгарах хугацааг хэд хэдэн аргаар тооцоолж болно. Хэрэв үүнийг илүү нарийн тооцоолохыг хүсвэл биеийн суурь дулаан болон умайн хүзүүний салстын өөрчлөлтөөр мэдэж болно. Эдгээрийг хэдэн сарын турш шалгаж үзэхэд таны өндгөн эс биений юмны хэд дэх хоногт ирдэгийг мэдэх ач холбогдолтой.
Мөн өндгөн эс гадагшлах үеийн дааврын өөрчлөлтийг шээсэнд илрүүлдэг овуляцийн тест ашиглаж болно.
17. Жирэмслэлтээс хамгаалах аргыг хэрэглэхээ хэрхэн болих
Та жирэмслэлтээс хамгаалах аргаа орхиход бэлэн үү? Зарим хүмүүс бэлгэвч эсвэл диафрагм зэрэг хаалтын арга хэрэглэдэг бөгөөд эдгээрийг хэрэглэхээ болиход ямар нэг асуудал үүсдэггүй. Гэвч дааврын аргыг хэрэглэхээ болиход анхаарах асуудлууд байдаг.
Хэрэв та жирэмслэлтээс хамгаалах дааврын эм уудаг бол зохицуулгагүй цус алдалтаас сэргийлж одоо ууж байгаагаа дуустал нь уух шаардлага гарч магадгүй. Эм уухаа болисноос хэдэн сарын дараагаас таны биений юм хэвийн ирдэг болно. Гэвч олон эмэгтэйчүүд жирэмслэлтээс хамгаалах эм уухаа зогсоосны дараах эхний сардаа жирэмсэн болдог. Харин жирэмслэлтээс хамгаалах суулгацийн болон цагирагийн аргыг хэрэглэж байгаа бол асуудал гарч ирнэ.
Зарим эмч нар дааврын эм, суулгац, бөгжийг хэрэглэж байсны дараа биеийн юм хэвийн ирдэг болтол хаалтын арга буюу бэлгэвч хэрэглэхийг зөвлөдөг. Биений юмаа хэвийн болтол хүлээх нь жирэмсэн болсон хугацааг нарийн тогтоох улмаар жирэмсэний эхний гурван сард шинжилгээ өгөхөө урьдчилан төлөвлөхөд тусладаг.
Хэрэв та биений юм эргэн тогтвортой ирдэг болохоос өмнө жирэмсэн болсон бол санаа зовох хэрэггүй. Хэт авиан шинжилгээгээр жирэмсэний хугацаа болон урьдчилсан төрөх хугацааг тодорхойлох боломжтой.
Та жирэмслэлтээс хамгаалах дааврын тариа болох Депо-Провера хэрэглэдэг бол сүүлийн тун тарьснаас хойш жилийн дараагаас овуляц хэвийн явагддаг гэж үздэг. Иймд жирэмсэн болохоор төлөвлөсөн хугацаанаасаа жилийн өмнөөс энэ тариаг хэрэглэж болохгүйг анхаарах хэрэгтэй.
Эдгээр зүйсийн талаар уншиж, эргэцүүлэн бодсон танд баярлалаа. Танд амжилт хүсье.