Түргэн хоолны тухай товч мэдээлэл
Бүсгүйчүүд маань өдрийн хоолондоо юу идэх вэ? хэмээн бодож сууна уу? Бүхнийг хурдан, түргэн, гялс амжуулах нь өнөө үеийн хамгийн гол зарчим болоод байгаа билээ. Энэхүү эрчимтэй хэмнэлийн улмаас бид өдрийн цайгаа ч тухтай суун ууж чадахаа больжээ. Тиймээс өөрийн эрхгүй пакеттай шөл, гоймон руу зүтгэцгээдэг. Ажлынхаа хажуугаар савтай ийм бүтээгдэхүүндээ ус хийгээд л тэжээллэг үдийн зоог бэлэн боллоо гэсэн үг. Бас амттай. Гэхдээ ашигтай болов уу?
Түргэн хоол идэх дуртай хүмүүс зүрхний элдэв өвчин, чихрийн шижинтэй болж мэднэ. Үүнээс гадна, тэдэнд цус харвах эрсдэл их байдаг. Америкийн Техас муж улсын эмнэлгийн мэргэжилтнүүд ийм дүгнэлтэд хүрчээ. Долоо хоногт хоёроос гурван удаа түргэн хоол, түүний дотор японы нэрд гарсан гурилтай рамен шөл идэх дуртэй хүмүүсийн биеийн байдлыг судлаачид шинжилснээр, ийм харилцан холбоо байдгийг илрүүлсэн байна. Ийм гурилтай хоол идэх нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд илүүтэй сөрөг нөлөө үзүүлдэг гэж Kedem сайтад бичжээ.
Бэлэн гоймон бол дэлхий дээр хамгийн өргөн түгсэн хоол. Энэ хоолны найрлаганд ус, гурилаас гадна амт оруулагч, консервант, үнэр оруулагч, будагч бодис их хэмжээгээр агуулагддаг. Сайхан амтны төлөө ходоодны өвчин худалдан авч байгаагаас ялгаагүй юм. Ялангуяа бэлэн гоймонг дагалддаг амтлагч, тосыг холивол эрүүл мэндэд бүр ч хортой.
Түргэн болдог нухаш үүнээс ч илүү хортой. Нэгдүгээрт төмсний нухаш зэрэг ийм бүтээгдэхүүний 70 хувь нь хиймэл найрлагаас бүрддэг. Хоёрдугаарт нухшийг полистролд савладаг. Энэ нь буцалсан усанд халснаас стирол хэмээх хүний биед аюултай химийн нэгдэл үүсгэдэг аж.
Ер нь л түргэн хоол бидний эрүүл мэндэд маш их хор хөнөөлтэй аж. Цаг хугацаагаа хэмнэхийн тулд эрүүл мэндээрээ дэнчин тавих хэрэг байна гэж үү, бүсгүйчүүд ээ?