Цагаан сараар цээрлэх үйл

2015 оны 2 сарын 13

 

Монголчууд эртнээс Цагаан сарын баярыг шинэ бүхний эхлэл хэмээн билэгшээж зарим үйлийг цээрлэдэг байжээ.

Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.

Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээнэ.

Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.

Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлаггүй байхыг хичээ.

Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. Зөрчвөөс жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасарна.

Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.

Билэг дэмбэрэлтэй үгс хэлэх, мал нядалж, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ.

Шинэ сарын шинийн 7-нд ах дүү, амраг садан, айлд очиж золгохыг цээрлэ. Эл өдрийг хар өдөр гэдэг учраас ийнхүү цээрлэдэг.

Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог аж.

Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг зөрчихийг цээрлэнэ.

Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай.

Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг  цээрлэдэг.

Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хүн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.

Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс Цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17676
0 эможи
keyboard_arrow_up