Та яг одоо компьютрийн гараа доош нь харуулаад үзээрэй
Айл гэр, албан тасалгааны хамгийн бохир тавилга хэрэгсэл юу вэ гэж ойр хавийнхаа хүмүүсээс асуувал жорлон, суултуур гэж бүгд дуу нэгтэй хэлэх вий. Бид ингэж андуурч явдаг юм байна. Лондоны их сургуулийн микробиологич эрдэмтэд албан тасалгааны ямар тавилга, тоног төхөөрөмж хамгийн бохир байдгийг 2008 онд судалжээ. Судалгааны дүн санаанд оромгүй. Бичгийн ширээ, хаалганы бариул, утас, факсын аппарат, компьютер , сантехникийн шугам сүлжээ зэрэг бүх тавилга хэрэгслийг цэвэрхэн цаасаар арчиж аваад шинжлэхэд компьютрийн гар хамгийн бохир, нянгийн “диваажин” байсан аж. Компьютрийн гарны ганцхан товчлуураас таван төрлийн нян илрүүлсэн байна. Тэрхүү нянгийн тоо хэмжээ нь жорлонгийн суултуурт байсан нянгаас ч олон байжээ. Хүмүүс ажлын ширээгээ цэвэрхэн гэж бодоод барагтай бол савантай усаар арчиж цэвэрлэдэггүй. Цэвэрлэсэн ч чийгтэй даавуугаар арчсан болоод өнгөрдөг. Харин ариун цэврийн өрөөг бол байнга угааж цэвэрлэдэг. Бас ажлынхаа ширээн дээр хооллож ундалдаг. Нэг гартаа бургер барьчихаад нөгөө гараараа компьютрийн товчлуур, хулгана дарж суудаг хүн олон. Энэ үед ширээ, компьютрийн товчлуур дээр унасан хоол хүнсний үлдэгдэл, тоос шороотой холилдон үржиж олширдог байна. Компьютрээс ялгарах хортой цахилгаан соронзон цацраг тэрхүү нянгуудыг хурдан үржихэд нь тусалдаг аж. Ялангуяа эмэгтэйчүүдийн компьютрийн гар эрчүүдийнхээс бохир. Яагаад гэвэл хүүхнүүл ажил дээрээ будаг шунх, элдэв амттан хэрэглэдэг тул хог их унагадаг гэнэ. Үүнийг уншсан бол та яг одоо компьютрийн гараа доош нь харуулаад үзээрэй. Маш их хог унах вий. Гэрийнхээ бичгийн ширээ, компьютрийн гарыг ч бас шалгаарай.