Монголчуудын сар шинийн баяраар төдийгүй энгийн үед ч түгээмэл хийж иддэг хоол бол бууз шүү дээ. Тиймээс илүү сайхан амттай бууз хийж идэхийн тулд буузны гурилаа дараах жороор зуурч нухаж бэлтгээрэй.
-
Бүлээн усанд давс хийж сайтар уусгаж холино. Хэрвээ бүлээн ус хийх боломжгүй бол гурил зуурах ус тань тасалгааны температурт байх ёстой шүү. Хэт хүйтэн усаар зуурвад гурил арзайж нялцгайраад эвэнд орж өгдөггүй.
-
Ингээд гурил зуурах савандаа 3 цайны аяга гурил хийсний дараа давстай усаа бүгдийг нь хийж савх эсвэл сэрээ зэргээр хутгаж холиход нэлээн нялцгай зуурмаг болно. Манайхны нэг алдаа бол гурилыг гараар зуурхаас гадна бүх гурилыг нэг зэрэг зуурдаг. Ингэснээр гурил нягтаршилтай сайн зуурагдаж чаддаггүй бөгөөд нэг хэсэгтээ хуурай гурил бөөгнөрч нэг хэсэгтээ нялцгайрсан байх магадлал өндөртэй.
-
Үүний дараа нялцгай зуурмаг дээр 2 цайны аяга хуурай гурил хийж хэсэг зуураад гамбанз дээр гаргана.
-
Гамбанзруу хуурай гурил цацаж наалдахаас сэргийлээрэй. Ингээд шаардлагатай бол хуурай гурил хэрэглэж 5-7 минут 2 гараараа гурилыг жигд нухна. Гурил зурган дээрх шиг эвэнд орсон ч бага зэргийн барзайсан байх болно.
-
Гурилыг гялгар тороор битүү ороож дор хаяж 30 минут тасалгааны нөхцөлд амраагаарай. Ингэснээр гурил өөрөө эвэнд орж бууз хийхэд тохиромжтой болдог. Ингээд л буузны гурил маань бэлэн боллоо.
-
Дээрх жор дээр нэмж хэлэхэд та буузны гурилаа илүү зөөлөн амттай бөгөөд гурилыг нухаж илдэж, буузыг чимхэхэд илүү биетэй, барьцтай болгохыг хүсвэл Алхам -2 дээр бүлээн усанд 1 ширхэг өндөг хагалаж хольж хийгээд зуурна. Өндөгний шарыг задартал холино. Ингэснээр бууз чимхэх үед гурил тасарч, зунгаарах асуудал гарахгүй. Гэхдээ энгийн буузны гуриланд 1-ээс илүү өндөг хийгээд хэрэггүй шүү.
-
Харин шарсан банш хийх гэж байгаа бол зуурмагт орох өндөгний тоог нэмж зуурч болно.
-
Гурилаа амраасны дараа 1 минут орчим нухаад сувих хэрчим болгон хуваана.
-
Хэрчмүүдийг тус бүрд нь гарын алгаараа имэрч ороосны дараа буузны гурилны хэмжээгээр тасдана.
-
Бага зэрэг хуурай гурил цацаарай.
-
Ингээд илдэнэ. Илдэхдээ хэт их хуурай гурил хэрэглэхээс татгалзаарай. Ингэснээр чимхэх үед гурилны ирмэг хоорондоо наалдахгүй байх ба эсвэл жигнэх үед гурилны чимхэлт задардаг тал бий.
-
Ингээд л амталсан махаа хийж манай сайт дахь буузны чимхэлтүүдээс сонгож үзэмжтэй сайхан чимхээрэй.
-
Ингээд амтат бууз жигнэхэд бэлэн боллоо. Гал дээр ус буцалгаж бэлтгэнэ.
-
Ингээд жигнүүр дээр буузыг өрхөөс өмнө хүнсний цаас дэвсэж тослож өгөөрэй. Гялгар уут, тор тавих нь эрүүл мэндэд муу, тохиромжгүй байдаг. Ус буцалсны дараа жигнүүртэй буузыг тавьж хий орохгүйгээр битүү таглаад 15-17 минут жигнэнэ. Харин хөлдүү бууз жигнэх гэж байгаа бол 20-25 минут жигнээрэй. Ингээд буузаа сэвж гаргана. Сайхан хооллоорой.