Арьсанд хамгийн “хөнөөлтэй” хүчин зүйлс (2-р хэсэг)
2015 оны 1 сарын 28
Хүн бүр өөгүй толигор арьстай байж, эрүүл залуу харагдахыг хүсдэг шүү дээ. Үүний тулд арьсаа дотор ба гаднаас нь арчлаад зогсохгүй зарим сөрөг хүчин зүйлээс зайлсхийх шаардлагатай байдаг талаарх мэдээллийг хүргэж байгаа билээ.
Ингээд хүний арьсанд ямар зүйлс хамгийн "хөнөөлтэй" байдаг талаарх нийтлэлийхээ хоёрдугаар хэсгийг хүргэж байна.
Химийн найрлагатай ус хэрэглэх
Бидний өдөр тутам хэрэглэж буй ус химийн хольц найрлага ихтэй учраас арьсыг хуурайшуулж, эмзэг болгодог. Тиймээс гэрийнхээ шүршүүр, гоожуурт ус цэвэршүүлэх шүүлтүүр суурилуулах нь гоо сайхандаа зориулж буй зөв хөрөнгө оруулалт болж чадна.
Уруулаа үл арчлах
Арьсандаа анхаарал тавьдаг ч уруулаа орхигдуулах явдал хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Уруул нь 4 - 5 давхарга бүхий бүтэцтэй арьсны бүрэлдэхүүний салшгүй нэг хэсэг юм. Тиймээс уруулын арьсаа үргэлж арчилж тордон толигор, залуу байлгах нь чухал шүү.
Бохир дэрний уут хэрэглэх
Шөнийн цагаар арьсны эд эс шинэчлэгдэх үед зарим үхсэн эс дэрэн дээр наалдаж үлдэн улмаар хорт бактери үүсэх нөхцөл бий болдог аж. Тиймээс дэрний уутаа ядаж хоёр долоо хоногт нэг удаа солих нь нүүрний арьсаа бохирдохоос хамгаалах нэг арга юм.
Арьсаа ойр ойрхон гуужуулах
Арьсны өнгөн давхаргын үхсэн эсүүдийг тогтмол цэвэрлэх нь мэдээж чухал. Гэхдээ арьсаа хэт ойр ойрхон гуужуулах нь арьсыг уян хатан байлгах үүрэгтэй төрөлхийн тослогийг нь үгүй хийж, хуурайшуулах сөрөг талтай. Тиймээс гуужуулагч скрабыг долоо хоногт нэг юм уу хоёр удаа хэрэглэх нь зохимжтой.
Үргэлж хөмсөг зангидах
Хэрэв та нарны хурц гэрэл болон сэтгэлийн хөдөлгөөнөөс болж хөмсөг зангиддаг зуршилтай бол үүнийгээ эртхэн залруулахыг зөвлөе. Хөмсөг зангидах болгонд нүүрэнд тань үл мэдэгдэх үрчлээс сууж, аажимдаа арилшгүй гүн бат болох учраас аль болохоор инээмсэглэж заншихыг хичээгээрэй.
Сахар хэтрүүлэн хэрэглэх
Арьсны эрүүл мэндэд хооллолт хамгийн гол нөлөөтэй. Хоол хүнсэндээ сахар их хэрэглэвэл арьсны коллагены нөөц хорогдож, уян хатан чанар алдагддаг. Иймээс амтлаг зүйлсийн оронд байгалийн гаралтай сахар бүхий хан боргоцой, манго зэрэг жимс жимсгэнэ хэрэглэх нь илүү эрүүл сонголт болно.
Хөдөлгөөний хомсдол
Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх үед цусны эргэлт сайжирч нүүр царай хүртэл эрүүл тунгалаг харагдахад тусалдаг. Түүнчлэн арьсны үхсэн эд эс түрэгдэн гарч шинэ эс төрөх боломжийг олгодог аж. Хөдөлгөөний хомсдол нь хүнийг хөгшрүүлдэг томоохон хүчин зүйлсийн нэг юм.
Стресс
Нүүр бол сэтгэлийн толь гэдэг дээ. Сэтгэлийн түгшүүр зовнил нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй арьс гундаж, хөгшрөлт хурдацтай явагдахад нөлөөлдөг. Стрессээс сэргийлж эрүүл, залуу байхын тулд иогоор хичээллэх, ном унших, хоол хийх зэргээр идэвхтэй амьдарч, сэтгэл санаагаа тайвшруулж байгаарай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
16701
1 эможи