Тааламжит үгсийг хэрхэн хэлэх вэ?

2015 оны 1 сарын 27

Хүнийг баярлуулах тааламжит үгсийг оновчтой, хэмжээ дамжааг нь тааруулан хэлж чадна гэдэг бол бас нэгэн урлаг юм. Тааламжит үгсийг манж үгс, доог болгон хувиргачихгүй байх нь л чухал. Энэ хоёрын хоорондох хил хязгаар маш нарийхан байдаг. Тааламжит үгс гэдэг бол хүний эерэг талыг бага зэрэг дөвийлгөн хэлэх явдал. Манж үг гэдэг бол харин хэт худлаа долигоносон байдалтай байдаг. Уул нь аль аль нь цаад хүнээ өөртөө ойртуулах, түүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх зорилготой. Харин тааламжит үгийг хэтрүүлж манж болгох юм бол бүхнийг баллах аюултай.

Зөвхөн эмэгтэйчүүд л тааламжит үгс сонсох дуртай гэж хүмүүс боддог. Харин миний туршлагаар, эрчүүд ч үүнд нугасгүй байдаг. Ялгаа нь, эрчүүд тааламжит үгс сонсохоороо эмэгтэйчүүд шиг ил баярладаггүй, дотроо бол их дуртай байдаг. Тэгэлгүй яах юм бэ? Өөрийнх нь хичээж хийсэн юмыг нь хүмүүс үнэлэн магтахад дургүйцэх хүн гэж байх уу? Аливаа эр хүн дайчин болон ялагч байх дуртай байдаг болохоор түүнд үүнийг нь үе үе сануулж байх хэрэгтэй. Гоё тааламжит үгсээр.

Шагшин гайхах – энэ тааламжит үгстэй ижил үү? Бишрэх-? Магтах? Эдний ялгаа нь юу вэ? Магтаал гэдэг бол эерэг дүгнэлт. Өөрөөр хэлбэл, та нэг хүнийг магтлаа гэхэд та түүнд сайн дүн тавьж байна гэсэн үг. Харин тааламжит үгс гэдэг бол та тухайн хүнийг дүгнэж байгаа хэрэг биш, байгаа юмыг нь магадлан тэмдэглэж тэр хүнээ өөрөөсөө дээш өргөж байгаа явдал юм.

Төгс сайхан тааламжит үгс хэлж сурахын тулд хэдэн дүрмийг мэдэж аваад ашиглаж байх хэрэгтэй. Харьцаж байгаа хүнээ өөртөө ойртуулж ажил хэргээ бүтээхэд зохицуулж хэлсэн тааламжит үгс маш чухал үүрэг гүйцэтгэдэг.

1. Тааламжит үгс заавал баримтанд тулгуурласан байх ёстой. Хүн хийх гэж байгаа юмаа танд ярихад та магтаад эхэллээ гэхэд энэ бол тааламжит үгс болохгүй. Баримт байхгүй тохиолдолд таны үг манжилсан, дооглосон шинжтэй болж ирнэ. Та ямар зорилгоор тааламжит үгс хэлэх гэж байгаагаа бодох хэрэгтэй. Нойргүй хонож ядарсан эмэгтэйд “Та өнөөдөр ямар сайхан харагдаж байна аа” гэж хэлбэл доромжилж байна гэж хүлээж авах нь ойлгомжтой.

2. Тааламжит үгс сэтгэлээс байх ёстой. Яаж үнэн сэтгэлээсээ хэлэх вэ? Цаад хүнээ сайн хар. Түүнд эерэг сайхан юм юу байна? Танаас юугаараа ялгаатай байна? Хамгийн зөв тааламжит үгс бол өөртэйгээ харьцуулж хэлсэн үгс болдог. “Чи яаж ингэж чаддаг байна аа? Би бүр ядаад ядаад чадаагүй шүү дээ? Гэтэл чи ийм гоёоор, тэгээд ийм хурдан хийчих юм!” гэх жишээтэй. Хамгийн гол нь худал хуурмаг, сэтгээлээсээ бус үг хэлэхгүй байх нь чухал.

3. Сайхан тааламжит үгс богинохон, ойлгомжтой, тодорхой байх ёстой. Ямар нэгэн хоёрдмол болон битүү утга байх ёсгүй. Богино байдлаар хэлээд л зогсох хэрэгтэй, цааш нь хөврүүлж хөгжүүлэх хэрэггүй. Олон үг сайхан үгсийг тань алж ч мэднэ. Царай болон хоолойныхоо өнгийг бас бодоорой. Тааламжит үгсээ доромжлол шиг харагдуулахгүйн тулд царай болон хоолойны өнгө хамгийн чухал. Хэрэв та тааламжит үгс гэдэг зэвсгийг хэрэглэж сураагүй байгаа бол толины өмнө дасгал сайн хийгээрэй.

4. Бас нэгэн, хүнийг баярлуулах арга бол цаад хүндээ өөрөө өөрийгөө магтан ургуулан бодож болох байдлаар тааламжит үгсийг хэлэх. “Таныг хараад, хүмүүс таныг яагаад ингэж их хүндэлдэгийг ойлголоо” гэх мэтээр. Цаад хүн чинь өөрөө дотроо ургуулан бодон баярлах болно.

5. Тааламжит үгс хүнд түлхэц, дэмжлэг өгөх ёстой. Таны үгнээс цаад хүн чинь зөв юм хийж байгаа гэдэгтээ итгэлтэй  болох ёстой. Ийм маягийн тааламжит үгсийг хүүхдүүддээ хэлж байхад зүгээр. Хүүхдүүдээ дэмжиж, итгэж байгаагаа хэлж байвал тэд өөртөө итгэлтэй болно. Өөртөө итгэлтэй хүн уулыг ч эргүүлнэ гэдэг биз дээ? “Тэд чадна гэж боддог болохоор чадаад байдаг” гэж ухаант Вергилий хэлсэн байдаг.

6. Нэг сайхан техник бас байна. Хэрэв та хүнд тааламжит үгс хэлмээр байгаа боловч чадахгүй байгаа бол энэ техник танд тус болно. “Би таныг магтах гээд санаа зовоод байна.” Та надад ямар их таалагдаж байгааг хэлж чадахгүй нь, үг олдохгүй байна...”  гэх маягаар.

Тааламжит үгс хэлэхээс ичээд байдаг хүн олон байдаг. Шалтгаан нь өөртөө итгэлгүй, эсвэл өөрийг нь буруугаар ойлгочих вий гэх болгоомжлол байх нь олонтаа. Зарим хүмүүс атаархлаасаа болоод тааламжит үгс хэлж чадахгүй байх нь бий. Тааламжит үгс хүнд хэлэхээсээ айгаад эвгүйрхээд байдаг бол энэ аргыг хэрэглээд үзээрэй.

Хүнд тааламжит үгс хэлж сурах юм бол та хүнийг үгээр баярлуулах ямар сайхан болохыг ойлгох болно. Тааламжит үгсийг хэнд хэлж болох вэ? Хэн бүхэнд! Заавал хэлж байх хэрэгтэй! Ямар ч хүнд сайн сайхан тал байгаа. Түүнийг нь жаахан дөвийлгөөд сайхан үг бэлэглэх хэцүү биш. Хүнд сайхан үг хэлснээр та өөрөө ч таашаал аван сэтгэл сэргээд ирнэ, үнэн шүү! Тааламжтай үгсийг харилцан солилцож сэтгэлээ сэргээж, баяр баясгалантай, сайхан амьдрахыг ерөөе!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16583
1 эможи
keyboard_arrow_up