Билл Гейтсийн 2014 онд уншсан “шилдэг - 5” ном
Майкрософт корпорацийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтс 2014 онд өөрийн уншсан номнуудаас онцлон дараах шилдэг таван номыг нэрлэжээ. Хэдийгээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, нэртэй бизнес эрхлэгч ч гэсэн тэрбээр их ажлынхаа хажуугаар ном унших цагийг тогтмол гаргадаг юм.
Түүний уншсан номнуудаас олонх нь эдийн засаг, бизнестэй холбогддог ч эрхэм танд ч гэсэн уншихад илүүдэхгүй номнууд цөөнгүй бий. Ингээд та бүхэнд Билл Гейтсийн блогоороо дамжуулж энэ жилийн онцлох номоор сонгосон таван бүтээлийг толилуулж байна.
1.Business Adventures / John Brooks (1920 - 1993)
1990-ээд оны тэртээ Билл Гейтс Уоррен Баффеттаас ямар номонд дуртайг нь асуужээ. Тэрбээр Билл Гейтст Жон Бруксын “Business Adventures” (1969) номыг санал болгосон байдаг. Энэ ном нь бизнесийн ялалтад хүрэхэд зарчим ямар чухал вэ гэдгийг байнга сануулж байдаг бүтээл юм.
Энэ ном 1969 онд хэвлэгдэж байсан ч өнөөг хүртэлх Билл Гейтсийн уншсан номнуудаас хамгийн шилдэг нь ажээ. Тэрбээр жил бүр энэхүү номыг дахин дахин уншдаг бөгөөд номонд гардагчлан бизнесийн тухай бүхий л тэмдэглэл нь өнөөдөр ч ирээдүйд ч үнэн оршсоор байгаа нь үнэхээр гайхалтай.
2.Capital in the Twenty - First Century / Thomas Piketty
“Capital in the Twenty - First Century” нь Францын эдийн засагч, зохиолч Томас Пикеттигийн бестселлер номнуудын нэг юм. Тэрбээр энэхүү номдоо эдийн засгийн салбарын түүхийн 250 жилийг судалсан материалуудаа нэгтгэж гаргасан бөгөөд Англи хэл дээрх хувилбар нь 2014 оны дөрөвдүгээр сард худалдаанд гарчээ.
Элдвийг хачирлаж урнаар зөгнөөгүй, бодит судалгаан дээр үндэслэн бичигдсэн номыг уншсаныхаа дараагаар Билл Гейтс зохиолчтой нь биечлэн уулзсан гэдэг. Номын гол агуулга нь орлогын тэгш бус байдлын тухай судалгаа, харьцуулалт хэлэлцүүлэг хийгээд дүн шинжилгээ, шийдвэрлэх гарцыг эрэлхийлэхэд төвлөрсөн байдаг.
3.How Asia Works / Joe Studwell
АНУ-ын сэтгүүлч, зохиолч, илтгэгч Жо Стадвеллийн судалгааны ажил ихэвчлэн Азийг хамардаг. Энэ ч утгаараа Япон, Тайвань, Өмнөд Солонгос, БНХАУ зэрэг орны эдийн засаг хэрхэн тогтвортой өсөн дэвжиж байгааг судалсан “How Asia Works” номоо өнгөрөгч тавдугаар сард худалдаанд гаргажээ.
Энэ номноос яагаад зарим орны эдийн засаг тогтвортой хөгждөг, зарим нь яагаад хөгжиж чаддаггүйн учрыг мэдэж авахын сацуу хэрэгтэй санаануудаас нь тусгаж авах зүйл олон билээ. Билл Гейтсийн тэмдэглэснээр номын хөдөө аж ахуйн тухай бүлэг хамгийн их таалагдсан байна. Тэрбээр Өмнөд Африкийн орнуудад Азийн хөдөө аж ахуйн хөгжлийг загвар болгож цаашид хийх ажлынхаа үеэр онцлон авч үзэх олон хэрэгтэй, бодууштай санааг эндээс олж авсан гэнэ.
4.The Rosie Effect / Graeme Simsion
Билл Гейтс үргэлжилсэн үгийн зохиол тийм ч их уншаад байдаггүй. Гэхдээ гэргийнх нь санал болгосон энэ ном түүнд маш их таалагджээ. Шинэ Зеланд гаралтай Австралийн зохиолч Грэм Симсионы энэ номыг тэрбээр худалдаанд гарахаас нь өмнө уншсан нь тохиолдлын хэрэг биш байсан юм.
Хөгжилтэй, сэтгэл сэргээсэн мэт хэрнээ нэгийг бодогдуулсан энэ романыг Билл Гейтс суудал дээрээсээ босолгүйгээр уншиж дуусгасан байдаг аж.
5.Making The Modern World / Vaclav Smil
Тэрбээр Чех гаралтай Канадын эрдэмтэн, зохиолч Вацлав Смилийн номнуудыг унших дуртай. Түүний хамгийн сүүлд гаргасан “Making The Modern World: Materials and Dematerialization” ном нь хүн төрөлхтөн материаллаг зүйлсийг хэрхэн хэрэглэж юмханаар ямар ч гайхамшгийг бүтээдэг болохыг өгүүлсэн байдаг.
Билл Гейтсийн хэлснээр магад энэ номын агуулга хэтэрхий жирийн сэдэв байж болох ч материаллаг зүйлс бидэнд хэр их хэрэгтэй байгааг, тэдгээрийг хэрхэн ашиглаж баялаг бүтээх нь сая сая хүмүүсийг ядуурлаас ангижруулах гол зангилаа нь ч байж мэдэх юм хэмээжээ. Тиймээ, тэр ч гэсэн бусдаас суралцсаар л явна...