Үнэт эдлэл авахдаа юуг анхаарах вэ?

2014 оны 12 сарын 31

1. Ямар ч тохиолдолд үйлдвэрлэгчийн барааны тэмдэггүй, улсын сорьцын баталгаагүй түүнчлэн дээрх тэмдгүүд нь мэдэгдэхгүй, балархай, эсвэл цифрүүдийн шрифтийн хэмжээ харилцан адилгүй зэрэг эдлэлийг хийсэн металл нь үнэт металл биш гэж шууд ойлгож болно.

2. Үнэт эдлэлийг худалдан авахдаа худалдагчаар нь жин, чулуун шигтгээ зэргийг шалгуулж авахаас гадна эдлэлийн нэр, сорьц, жин, чулуун шигтгээний нэр, байгалийн, таримал, дууриамал алин болох, carat зэргийг бичүүлсэн гэрчилгээг /сертификат/ заавал авах шаардлагатай.
3. Ямар ч тунгалаг чулуун шигтгээний арыг будсан эсвэл далд хийсэн эдлэл байвал шигтгээ нь дуураимал чулуу гэж ойлгох хэрэгтэй.
4. 583 юмуу түүнээс доош сорьцтой алтан эдлэлийг гарынхаа алга эсвэл цэвэр цагаан даавуун дээр сайтар үрэхэд ногоон бал гарах юмуу зэс үнэртэж байвал алт биш гэж ойлгоорой.
5. Эрдэнийн чулуун шигтгээтэй алт, мөнгөн эдлэл нь нилээд өндөр үнэтэй учраас хүн бүр худалдан авч чаддаггүй. Иймээс худалдан авах чадвар багатай хүмүүст зориулан хийсэн дууриамал юмуу алт, мөнгөн хучилттай эдлэлийг ялгаж таних нь чухал. Цахилгаан химийн /гальвоник/ хучилттай эдлэл дээр хучилттай гэдгийг тэмдэглэсэн Pt18k, GP18К, Au 0.02 тэмдэглэгээг алтан, MНЦ, нейзилбер тэмдэглэгээг мөнгөн эдлэл дээр тус тус тавьсан байдаг. үүнээс өөр тэмдэглэгээ ч бий.
6. Үнэт эдлэлийг таних хамгийн энгийн арга нь үнэ юм. Ялангуяа үнэт чулуун шигтгээтэй алт, мөнгөн эдлэлийн үнэ асар өндөр байх бөгөөд үнэ хямд байвал үнэт эдлэл биш гэж ойлгож болно.
7. КАРАТ гэдэг үг үнэт металл, эрдэнийн чулуу хоёуланд нь хэрэглэгддэг бөгөөд Karat гэж бичсэн байвал “К” үсгээр тэмдэглэх бөгөөд үнэт металлын сорьц, Carat гэж бичсэн байвал “ct” гэж тэмдэглэх бөгөөд эрдэнийн чулууны жин гэж ойлговол зохино. Зөвхөн алтан эдлэлийн сорьцыг каратаар илэрхийлэх бөгөөд 14К гэвэл 583 сорьцтой, үнэт чулуун шигтгээний жин 1 carat байна гэвэл 200 мг буюу 0.2 гр байна.
8. Манай хүмүүсийн дийлэнх нь 750, түүнээс доош сорьцтой алтан эдлэлийг маниат гэж ярьж хэвших гээд байна. Маниат гэдэг Монгол үг байхгүй бөгөөд Орос хэлний монет буюу зоос гэдэг үгийг буруу хэлсэн хэллэг гэдгийг ойлговол зохино. Гэхдээ магадгүй энэ нь зөв ч байж болох юм. Учир нь зэсийн хайлшийг Монголчууд хүрэл, гууль, мелихор, полиос гээд олон янзаар нэрэлдэг биздээ түүнтэй нэгэн адилаар алтны хайлшинд монголчууд шинээр нэр өгч байгаа явдал гэж ойлгож болох юм.
9. Доржпалам шигтгээг хүмүүс ихэвчлэн бриллиант гэж ярьдаг. Бриллиант гэдэг чулуу мөн л байхгүй бөгөөд энэ нь аливаа чулуунд 57-58 ширхэг талст гарган зассан дугуй хэлбэрийн одлог засалтыг хэлдэг юм. Ер нь чулуун шигтгээний талст гарган зассан заслага бүхэн өөр өөр нэртэй байдаг.
10. Дууриамал /imitation/, таримал /синтетик/ чулуун шигтгээтэй үнэт эдлэл түүнчлэн гальвоник хучилттай ямар ч эдлэл байх ёстой бөгөөд гагцхүү та өөрөө таньж, сонгож авах эрхтэй. Харин үйлдвэрлэгчийн барааны болон улсын сорьцын баталгааны тэмдгийг хуурамчаар үйлдвэрлэсэн /үнэт биш металл эдлэл дээр тавьсан/ эсвэл зэс, никель, цайрын хайлшаар хийсэн эдлэлээ /аяга, товч, эмээл хазаарын хэрэглэл гэх мэт / мөнгө гэж худалдан борлуулахыг хориглосон болно.
11. Цагаан алт нь шар алтны нэг төрлийн хайлш бөгөөд хими, геологийн салбарын хүмүүс платиныг цагаан алт гэж орчуулан хэрэглэж байгаа нь буруу ойлголт юм. Цагаан алтыг оросоор белый золота, англиар White gold гэж нэрэлдэг Платина бол биеэ даасан элемент тул заавал орчуулах шаардлагагүй.
12. Swarovski бол байгалийн чулуу биш imitation буюу хиймэл чулуу бөгөөд Австри улсын чулуу хийдэг компанийн нэр юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14958
0 эможи
keyboard_arrow_up