Хүний биед ашиг тустай ч шүдний дайсан хүнсний зүйлс
Бүгд л аль нэг хүнсний бүтээгдэхүүний ашиг тустай шинж чанаруудын талаар ярьцгаадаг ч хэн ч тэдний шүдэнд үзүүлэх муу үр дагавруудын талаар дурсдаггүй.
Өөрөөр хэлбэл, бидний гоё сайхан инээмсэглэлийг баллаж орхих олон хүчин зүйлүүд байдаг юм. Бид никотин, кофе юм уу улаан дарс шүдийг муухай болгодог гэж боддог. Тэгвэл тийм биш аж. Хүчил агуулсан бүх хүнсний бүтээгдэхүүн шүдэнд халтай гэнэ. Тэдгээр нь шүдний пааланг эвдэж орхидог учраас бидний шүд хүйтэн юм уу хэт халуун хоол унданд таагүй хариу барьдаг юм.
Нэгдүгээрт, бөөрөлзгөнө зэрэг дотроо хүчил агуулсан гашуувтар амттай жимснүүд орно. Тэдгээр нь өөрийн бүтцэд шүдийг хамгаалах пааланг будаж орхидог бодисууд болон хүчлийг ихээр агуулдаг аж. Тиймээс гэмтсэн шүдний паалантай хүмүүс бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ зэрэг жимсийг болгоомжтой идэх хэрэгтэй гэнэ.
Хоёрт, хатаасан жимснүүд орно. Тэднийг идсэний дараа шүдний хооронд болон дээр нь наалдаж орхидог. Бид үүнийг анзааралгүй, тоолгүй орхидог. Тэгвэл шүдэнд наалдсан хатаасан жимс пааланг хүчил шиг түлж орхидог байна. Дээр нь хатаасан жимс бидний шүдэнд механик гэмтэл учруулдаг аж.
Гуравт, ханборгоцой жимсийг нэрлэж болно. Энэ жимсийг тогтмол хэрэглэвэл шүдэнд тун аюултайгаас гадна түүгээр хийсэн шүүс ч хор уршиг тарьдаг байна. Учир юунд вэ гэвэл, энэ жимсний агуулгад хүчлийн өндөр агууламж хадгалагддаг юм.
Дараа нь амтат жүрж жимсийг нэрлэж болно. Аливаа ханиад, томууг эмчлэхэд нэн тохиромжтой энэ жимс илүүдэл жингээ хаяж, дархлааны тогтолцоогоо сайжруулах үед шүдний пааланд тун аюултай гэнэ. Энэ жимсэнд, ялангуяа түүний шүүсэнд шүдний пааланг шууд үгүй хийж орхидог хүчтэй хүчлүүд ихээр агуулагддаг байна. Амтат жүржийн шүүс шүдний паалангийн хатуулаг чанарыг 84 хувиар бууруулж, шүдийг үйрүүлдэг гэдэг нь батлагдсан зүйл.
Тавдугаарт, даршилсан ногоо орно. Даршилсан ногоог бэлтгэхэд хүчил ихээр шаардагддаг. Ихэвчлэн орос цууг энэ зорилгод ашигладаг. Шүдний эмч нар ийм хүнсний бүтээгдэхүүнийг өдөрт нэгээс илүү удаа хоолондоо хэрэглэвэл шүдний пааланг гэмтээх аюулыг 85 хувиар нэмэгдүүлдэг гэж үзжээ.
Элдэв сүмс шүдний пааланг гэмтээх аюултай. Өдгөө хүмүүс хоол, зуушийг бэлтгэхдээ элдэв сүмсийг хэрэглэх болсон. Түүн дотроо орос цууны хүчил юм уу нимбэгний хүчлийг ихээр хийдэг болжээ. Тэдгээр нь шүдний эрүүл мэнд болон паалангийн бат бэх чанарт муугаар нөлөөлдөг байна. Бидний хоолондоо хэрэглэх дуртай цуу ч кофеноос дутахгүй шүдний пааланг гэмтээдэг гэнэ. Тийм учраас сүмсийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь зүгээр.
Монголчууд сүүлийн үед кетчупыг ихээр хэрэглэх болсон. Тэгвэл улаан лоолиор хийсэн бүх төрлийн сүмс шүдийг буддаг аж. Энэ нь тэдний тод улаан өнгөтэй огт хамааралгүй зүйл. Кетчупэнд хүчил ихээр агуулагддаг байна. Дээр дурдсан хүнсний бүтээгдэхүүний дийлэнх нь бидний бие махбодод чухал шаардлагатай учраас тэднээс бүрэн татгалзах хэрэггүй юм. Харин цаг тухайд нь шүдээ угааж, цэвэрлэж байх хэрэгтэй билээ.