Үйлчилгээний газруудад өгөх зөвлөмж
Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан зарим үйлчилгээний газрууд чанаргүй үйлчилгээ үзүүлдэг гэсэн гомдол иргэдээс багагүй ирдэг. Энэ ч үүднээс шинэ жилийн баярын арга хэмжээ, хүлээн авалт зохион байгуулах хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд болох ресторан, баар, кафенууд үйл ажиллагаандаа дараахь шаардлагуудыг бүрэн хангаж ажиллах шаардлагатайг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөлөө. Үүнд,
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 тоот тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын дагуу өөрийн үйл ажиллагаанд тохирсон журам боловсруулж, дотоодын хяналтыг эрчимжүүлэх
Хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн үеийн дэглэм, нормативийг мөрдөх, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн баталгаажилтийг хангаж, лабораторийн сорьцын дүн гаргуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
Түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүний хүлээн авалт, тээвэрлэлт, хадгалалтад онцгой анхаарах
Түүхий эдийг гаднаас хүлээн авч, хадгалах агуулах, бүтээгдэхүүнд анхны ажиллагаа хийх бэлтгэлийн өрөөг шаардлага хангасан төвшинд төрөлжүүлэн цэгцлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дэглэм, хугацааг баримтлан хадгалж хэвших
Хүлээн авалтын хоолны цэсийн дагуу хоол тус бүрд технологийн карт гарган баталгаажуулж, хоол үйлдвэрлэлийн технологийн горимыг чанд мөрдөж ажиллах
Бэлэн болсон бүтээгдэхүүн, хоолноос дээж авч, он, сар, өдөр, хоол үйлдвэрлэсэн тогоочийн нэрийг тусгай бүртгэлд бүртгэж, +4+6 хэмтэй хөргөх төхөөрөмжинд хадгалж, 48 цагийн дараа устгаж, бүртгэл хөтлөж хэвших
Хоол, хүнстэй харьцагчид /тогооч, зөөгч, бармен зэрэг/ хувийн ариун цэврийг дээд зэргээр сахиж, гараа тогтмол угааж байх, байгууллагын зүгээс ажилчдын гараа угааж, халдваргүйжүүлэх нөхцөл боломжийг бүрэн хангах
Ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж, эрүүл хүн ажиллуулах
Хоол үйлдвэрлэлийн болон үйлчилгээний танхимын цэвэрлэгээ, үйлчилгээг 2 цаг тутам хийж хэвших, ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын зохих норм дүрмийн дагуу хийлгэж байх гэлээ.