Цаг ашиглалт: Хоёр минутын дүрэм
Хөгжлөө дагаад өдрөөс өдөрт хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх төрөл бүрийн арга технологи нэвтэрч байгаа ч хүн төрөлхтөнд чөлөөт цаг улам л багассаар байна.
Албан ажлаас гадна цахим шуудандаа хариу бичих, дэлгүүр орж хүнсээ цуглуулах, гэрээ цэвэрлэх, хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэх гэх мэт жижиг хэрнээ хойш тавьж болохгүй ажлууд дор дороосоо ундардаг билээ.
Гэвч ихэнх хүнд бүгдийг амжуулах цаг зав гардаггүй. Цахим шуудан дүүрснээс бүгдэд нь хариу бичихийн тулд хэдэн цаг шаардагдах болдог. Гэр орон тоос шороо нь дийлдэхгүй, эмх замбараагаа алдсанаас цэвэрлэгээ хийхэд бүтэн өдрийг зарцуулах нь бий. Цагаа зөв зарцуулахын тулд та хамаг ажлаа ийнхүү овоолох нь зохимжгүй юм. Тиймээс танд энэ асуудлаа шийдэх хоёр минутын дүрмийг танилцуулж байна.
Хоёр минутын дүрмийг цаг ашиглалтын чиглэлээр мэргэшсэн, хувь хүний хөдөлмөр бүтээмжийн зөвлөх Дэвид Аллен санаачлан бичжээ. Тэрбээр “Getting Things Done” хэмээх номондоо цаг хугацааг хэрхэн хэмнэж, зүй зохистой зарцуулах тухай заасан аж.
Шинжлэх ухааны хэвлэлд түүний арга барилыг магтан сайшаасан бөгөөд олон улсад ч ашиглагддаг ажээ. Түүний номд цагийг хэмнэж үр бүтээлтэй өнгөрүүлэх хоёр минутын дүрмийг багтаасан байна. Энэ нь хэрвээ хийх гэж буй ажил тань хоёр минутанд багтахаар бол та тэр дор нь түүнийгээ гүйцэтгэ гэсэн тун энгийн дүрэм юм.
Тэгвэл практик дээр уг дүрмийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Хүн бүрт шүүгээнд хувцсаа хийх, цайгаа уучихаад аягаа угаах, захидалд хариу бичих, ажлынхаа хүн рүү залгах, хогоо асгах гэх мэт өдрийн турш гүйцэтгэх аар саархан ажлууд хуримтлагдсаар байдаг. Энэ бүх ажил хоёр минутаас ч бага хугацаа зарахыг та мэднэ.
Гэвч бид тэдгээрт төдийлөн ач холбогдол өгөлгүй хуримтлуулсаар орой болоход овоорчихсон, богино хугацаанд амжуулахад төвөгтэй болсон байдаг. Хэрвээ хоёр минутын дүрмийг мөрдөж заншвал та энэ бүхнээс сэргийлж чадна.
Та юуны түрээнд өөртөө дараах асуултуудыг тавиарай.
Энэ ажлыг яаралтай хийх шаардлагатай юу?
Хэрвээ тийм бол хэдий хэр хугацаа зарцуулах вэ?
Хэрвээ танд үүнийг хийхэд хоёр минут болон түүнээс бага хугацаа шаардах бол шууд л хийж эхэл
Хэрвээ хийх гэж буй зүйл чинь хоёр минутаас илүү хугацаа шаардахаар бол хойш тавьж болно
Гэхдээ энэхүү дүрэм нь таныг бүх үйл хөдлөлөө секунд хэмжигчээр хэмжээд, хоёр минут нь дуусчихвал эхэлсэн ажлаа хая гэсэн ойлголт биш юм шүү. Ажил тань хэрвээ гурав эсвэл таван минут шаардагдахаар бол санаа зоволтгүй. Тэр ч бүү хэл бүтэн 20 минут зарцуулсан ч та эхний удаад туршлагагүйтсэн байж болно. Ингэснээр та ямар ажлыг хэдий хэр хугацаанд амжуулдаг болохоо сайтар мэдэрдэг болох юм.
Хоёр минутын дүрмийн гол өгөөж нь таныг өдрийн турш хийх ёстой жижиг ажлуудыг түргэн хугацаанд гүйцэтгэж сурахад оршиж байдаг. Хэсэг хугацааны дараа та цагаа төлөвлөж зөв зарцуулж сурна.
Хийх зүйлс их овоорсноос тухайн ажлыг чанаргүй хийх магадлал өндөр. Харин нэг ажлыг хоёр минутанд багтаагаад хийчихвэл хялбар бөгөөд тэр дороо хийх ёстой үүрэг даалгаврынхаа ард гарчихна.
Та чухал бичиг баримтаа хавтсанд хийчихвэл дараа нь хайж цаг алдахгүй. Хоолоо идчихээд л тавгаа угаачихвал уул овоо шиг сав суулгаа оройжин угаах шаардлага гарахгүй шүү дээ. Мөн хүнтэй уулзахаар төлөвлөсөн бол эртнээс ярилцаж тохирох хэрэгтэй. Тэгвэл цагийг нь тулгаж төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлагагүй болно.
Уг зарчмыг гэр ахуйн, хувийн болон албаны гэхчлэн бүхий л нөхцөлд хэрэгжүүлэхэд тун тохиромжтой.
Гэхдээ хоёр минутын дүрмээр бүх асуудлаа шийдвэрлэнэ гэвэл үгүй.
Энэхүү дүрэм нь таны ажлын өдрийг хялбарчлахад туслах арга барил юм. Хэрвээ үүнийг та амьдралдаа хэрэгжүүлж эхэлвэл өдөрт илүү ихийг амжуулж, бага ядрах болно. Таны өмнө дуусашгүй ажил хуримтлагдаж, сэтгэлзүйн хувьд дарамт үзүүлж, тэдгээрийг гүйцэтгэхийн тулд хамаг цагаа үрэх шаардлагагүй болох юм. Хоёр минутын дүрэм нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх болно.