Эцэг, эхчүүдэд өгөх зөвлөгөө
ХҮҮХДЭЭ УУШГИНЫ ХАТГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
Хүүхдэд төрөнгүүт 1 цагийн дотор ангир уургийг амлуулах нь чухал. Учир нь ангир уурганд ханиад томуу, уушгины хатгалгаа өвчнөөс хамгаалдаг бодис агуулагддаг, байгалиас заяасан вакцин юм.
Хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож, 2 нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэхийн зэрэгцээ насанд нь тохирсон, шим тэжээл бүхий нэмэгдэл хоолоор хооллоорой.
Уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлүүд:
-Бага насны хүүхдийн дархлааны тогтолцоо дөнгөж хөгжиж байдаг тул өвчлөх эрсдэл өндөр байдаг.
-Хүүхдийг хэт бэгнэж гадна орчноос тусгаарласнаас дасан зохицол алдагдаж, хүүхэд даарч хөрсөн үед өвчлөх эрсдэл ихэсдэг.
-Эхийн сүүгээр хооллоогүй, дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхэд өвчлөх нь илүү байдаг.
ХҮҮХДЭЭ УУШГИНЫ ХАТГАЛГАА ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
-Хүүхэддээ товлолын дагуу вакцинуудыг хугацаанд нь хийлгэх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлийг багасгана. Мөн уушгины хатгалгааны эсрэг пневмококкийн вакцин нь уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлдэг.
-Гэрийнхээ хаалга, цонх, тооноо үе үе нээж, өдрийн цагаар цэвэр агаар оруулж, гэр доторхи агаарыг сэлгэж, бохир агаарыг зайлуулаарай.
-Хүүхдийн орчинд тамхи бүү тат. Түлшинд элдэв бензин, хуванцар, хог түлэх нь бие махбодийг хордуулж, хорт хавдар, амьсгалын замын хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Зөвхөн зориулалтын түлш хэрэглэх нь зүйтэй.
-Бага насны хүүхэдтэй гэр бүл хүүхдээ асрах хооллох, бие зассаны дараа гараа сайтар савандаж угаах дадлыг мөрдсөнөөр уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлнэ.
ХҮҮХДЭЭ “УУШГИНЫ ХАТГАЛГАА” ӨВЧНӨӨР ӨВЧИЛСӨН ЭСЭХИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ТАНИХ АРГА:
Амьсгалын замын өвчнөөр өвчилсөн ихэнх хүүхдэд:
-Ханиалгах
-Халуурах
-Нус гоожих
-Тайван бус болох
-Хоолонд дургүйцэх
-Заримдаа амьсгаадах
-Цээж шуугих зэрэг шинжүүд илэрдэг ба үүнийг “ХАНИАД ШУУХИНАА” гэж үздэг.
Дээрх шинжээс гадна амьсгал олшрох, цээж хонхолзох эсвэл амьсгал саадтай болох шинж ажиглагдвал уушгины хатгалгаа юм. Хатгалгаа нь хүүхдийн нас, өвчний үүсгэгчээс хамаарч хүүхэд бүрт өвөрмөцөөр илэрдгийг анхаарч эрүүл мэндийн байгууллагад үзүүлээрэй.
УУШГИНЫ ХАТГАЛГАА ӨВЧНИЙГ ГЭРТЭЭ ЯАЖ ЭМЧЛЭХ ВЭ?
Ханиад уушгины хатгалгаагүй, ханиадтай байвал дараах эмчилгээг хийнэ.
-Ханиалга намдаах хоргүй зөөлөн эм /аньсны ханд, читамон, чигатуссин зэрэг/ уулгаарай.
-Хөлөргөхгүй, дулаан хувцаслах нь зүйтэй.
-Хамар битүү бол цэвэрлээрэй. Хамрын хоёр нүхэнд зэрэг хөвөн хийж болохгүй. Хөвөнгөө сайтар имэрч, хамрын нүхэнд эргүүлэх хөдөлгөөнөөр оруулж, зөөлөн татаж авна. Эм дусааж болохгүй.
-Ханиад шуухинаа даамжирч, уушгины хатгалгаа өвчний шинж илэрч байгаа эсэхийг ажиглаарай.
-Өрх, сумын багийн эмчдээ үзүүлж хяналтанд байх ба хэдийд эргэж үзүүлэх талаар эмчээсээ заавал асуугаарай.
-Хүүхдийг өвчилсөн үед сайн хооллох хэрэгтэй. Эх хүүхдийн ягаан дэвтэр дэх зааврын дагуу хоолыг бэлдэж бага хэмжээгээр ойр ойрхон хооллоорой.
-Халуун бүлээн шингэн сайн уулгана. Халуурах, амьсгаадах зэргээс улбаалан шингэн дутагддаг.
-Хүүхдээ өвчтэй үед сайтар анхаарч асарч сувил.
Мөн дараах шинжийг ажиглаарай.
-Хүүхэд амьсгалж чадахгүй, яраглах, амьсгалахад бэрхшээлтэй байх
-Хүүхэд унтаарах, сэрээхэд хэцүү, эсвэл сэрэхгүй байх
-Хүүхэд бөөлжих
-Ууж чадахгүй байх зэрэг санаа зовоосон асуудал гарах
-Халууныг 6 цаг тутам хэмжиж 38,5 ба түүнээс дээш градустай байвал эмчийн зааврын дагуу халуун буулгах эм уулгана.
ЗӨВХӨН уушгины хатгалгаа өвчний үед антибиотик буюу амоксициллиныг эмчийн зааврын дагуу уулгах хэрэгтэй.
-Танай гэр төвөөс хол зайтай бол парацетамол, амоксициллин, ибупрофен, шингэн сэлбэх давс зэрэг эмийн нөөцтэй байх нь хугацаа алдахгүй тусламж авахад тустай.
-Гэрээр эмчлээд сайжрахгүй бол эмнэлэгт яаралтай хандаарай.