Автомашиныг өвөлд бэлтгэх арван зөвлөгөө
Энэ намар дулаахан сайхан урт намар болсон ч өвөлийн жавар үүдэнд ирсэн нь ойлгомжтой. Хүйтний улиралд хүмүүс бид өөрсдөө дулаан хувцас, малгай, гутал, бээлий өмсдөг шиг автомашин маань өвөл хэвийн ажиллахын тулд бас л бэлтгэл хийх хэрэгтэй болдог. Энд бид машиныг өвөлд бэлтгэх, хүйтний улиралд жолоодлогын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар гол гэсэн хэдэн зөвлөгөөг авч үзэхээр шийдлээ. Өвөл та машинаа ажлынхаа гадаа өдөржин тавьдаг уу? Эсвэл гэрийнхээ гадаа машинаа тавьж хонодог юм биш биз? Хол замд гарахдаа юу авч явах хэрэгтэй вэ? Хөдлөхийн өмнө юуг шалгаж үзэх ёстой вэ? Түлш ба тосны төвшинг хэмжээнд нь барих хэр чухал болох? Дугуйндаа хэрхэн санаа тавих вэ? Энэ бүхэнд хариу олохыг та хүсч байгаа бол энэ арван зөвлөгөөг уншина уу.
Нэгдүгээр зөвлөгөө: Дугуйныхаа хийн даралтыг шалгаж, өвлийн дугуйн талаар бодож үзэхэд гэмгүй.
Машин үйлдвэрлэгчид болон замын хөдөлгөөний хяналт тавьдаг байгууллагууд ялангуя өвлийн улиралд дугуйны төлөв байдалд онцгой шаардлага тавьдаг. Өвлийн цагт хальтиргаатай зам ихэнхдээ осол аваарын шалтгаан болдог тул таны дугуй ийм замд тохирох эсэхийг хамгийн түрүүнд шалгаж үз. Хий сул юм уу хэт чанга байх нь халтирахад нөлөөлдөг. Өөрийн машины зааврын дагуу дугуйныхаа хийн даралтыг тохируулж явбал сайн. Машины дугуйн хийн даралт хэмжигч манометр таны машинд байх нь их хэрэг болдог. Зарим санамж:
Машин чинь гулгаж эхэлбэл, тоормосоо бүү гишгээрэй. Ер нь ихэнх хүмүүс зөн билгээрээ тооромсолдог нь буруу, түүний оронд хаазаа хасаад машиныхаа рулийг шарвалтын эсрэг эргүүлэн жолоодох нь зөв.
Ер нь эрс тэс уур амьсгалтай монгол орны хувьд өвлийн дугуй авч тавьж заншвал тустай билээ.
Хоёрдахь зөвлөгөө: Аккумлятороо шалгах.
Аккумлятортоо анхаарал тавиагүй явсны гай.
Өвлийн хүйтэн өглөө машинаа асааж чадахгүй холбогч хайх эсвэл дуудлагын засвар дуудахгүйн тулд анхаарч бэлдэх дараагийн зүйл бол аккумлятор юм.
Автомашины аккумляторын ашиглалтын хугацаа 3-аас 5 жил хүртэл байдаг тул машиныхаа аккумляторын хугацааг мэдэж байх нь бас хэрэг болно. Хэрэв солих болж байгаа бол намар сольсон нь дээр байдаг. Өвөл хөдөлгүүр ажиллахад ялангуяа хүйтэн хөдөлгүүр асаахад бэрхшээлтэй мөн аккумлятор маш их их ачаалал авч байдаг учраас өвлийг угтан намар аккумлятороо сольсон нь дээр. Хэрэв таны машины аккумляторын ашиглалтын хугацаа нь дуусаагүй бол хэвийн ажиллаж байгаа эсэхийг нь шалгаж үз. Холбох утас болон бэхэлгээ хошуу (клемм)-ийг шалгаж, суларсан зэвэрсэн эсэхийг сайн үз. Клемм дээр чинь цайвар зүйл ургасан бол аккумляторын хүчлийн нөлөөгөөр зэвэрч байгаа нь тэр. Түүнийг хоолны соод, ус ба шүдний сойзыг ашиглан амархан арилгаж болно. Аккумляторын доторхи шингэн хангалттай байгаа эсэхийг шалгаж үз. Ихэнх аккумлятор тагтай байдаг бөгөөд түүнийг нь аваад шингэний хэмжээг үзэж болно. Хэрэв бага байх аваас нэрмэл ус нэмж болно. Харин хальтал дүүргэж болохгүй шүү.
Гуравдугаар зөвлөгөө: Тосоо шалгаж, түүний төлөв байдлыг үз.
Тосныхоо төвшинг шүпээр шалган үзэж байна.
За ингээд аккумляторынхаа ачааллыг багасгах хүйтэнд хөдөлгүүрийнхээ эргэлтийг сайжруулахын тулд хөдөлгүүрийнхээ тосыг шалгах хэрэгтэй болно. Тос нь хөдөлгүүрийн металл эд ангийг тослож ингэснээрээ шууд үрэлцэн эвдрэл гэмтэл гарахаас сэргийлдэг. Тосны зуурамтгай чанар буюу өтгөн шингэн байх нь хөдөлгүүрийн ажиллагаанд их нөлөөлдөг. Хэрэв тос хэт өтгөн байх аваас эд ангиудыг тослохдоо удаан урсаж, хөдөлгүүр халахад хүрдэг. Өвөл хүйтэн үед тос өтгөрдөг тул та бага зууралттай буюу синтетик, хагас синтетик тос хэрэглэж энэ асуудлыг шийдэж чадах юм. Ер нь ердийн тос хийсэн бол 5000 км яваад буюу 3 сар тутам тосоо солих нь манай орны нөхцөлд их хэрэгтэй байдгийг санаарай.
Дөрөвдүгээр зөвлөгөө: Антифризийнхээ царцах хэм болон хэмжээг шалгаж бай.
Радиаторт байгаа антифрийзний төлөв байдлыг шалга.
Таны машины хөдөлгүүр аккумлятор маш сайн ажиллаж хөнгөн шингэн эргэж асдаг боллоо гээд орхиж болохгүй шалгах нэг зүйл нь хөргөлтийн шингэн буюу антифрийз юм. Хэрэв антифрийз нь хасах хэмд хөлдчихвөл хөдөлгүүрийн гавал хага хөлдөж өнөөх ажил болгож сольсон тос, аккумляторын хэрэгцээ алга болж эдийн засгийн томоохон гарз учрах болно. Антифрийз буюу хөргөлтийн шингэн нь машины хөдөлгүүрийг хүйтэнд хөлдөхөөс, халуунд хэт халахаас, мөн түүнчлэн зэврэлтээс хамгаалдаг. Харин радиатортоо болж өгвөл үйлдвэрлэгчээс заасан антифрийз хийх нь чухал. Манайхан зөвхөн хөлдөх хэмийг анхаарч дурын шингэн хийснээс хөдөлгүүрийн металл ангийг зэврээх, усны цамцны сувганд өнгөр тогтоох, усны насосны сэнсийг зэврээх зэрэг гэмтэлд хүргэдэг. Яагаад гэвэл хөдөлгүүр болон хөдөлгүүрийн эд анги болгон өөрийн онцлогоос шалтгаалж төрөл бүрийн металлаар хийгдсэн байдаг тул өөр өөр төрлийн химийн шингэнтэй өөр өөрөөр урвалд орох магадлалтай байдаг байна. Японы үйлдвэрлэгчид гол төлөв Toyota машинд улаан өнгийн, Nissan, Honda гэх мэт бусад үйлдвэрлэгчидийн машинд ногоон өнгийн Long Life Coolant гэсэн антифрийз хийдэг байна. Мөн азийн зарим орноос импортоор орж ирсэн машины антифрийзний хөлдөх хэм бага байх тохиолдол байдаг. Та бүхэн антифрийз авахдаа найдвартай газраас авсан нь дээр.
Тавдугаар зөвлөгөө: Түлшний банкаа заавал дүүргэж яв.
Ялангуяа өвлийн цагт дундхан банктай юм уу хоосон явах нь онц аюултай. Хүйтэн бөгөөд байнга өөрчлөгдөж байгаа цаг агаар хагас дүүрэн банкны чинь хананд конденсат үүсгэж, улмаар бензинд чинь ус орох нөхцөл үүсгэдэг. Ус бензинээс хүнд учраас банкны ёроолд орж цаашдаа түлш дамжуулагч хоолойд орвол хөлдөж хөдөлгүүрт хүрэх түлшний замыг бөглөж төвөг болох тохиолдол байдаг. Ийм эвдрэлийг засуулах нь таны санхүүд хүндээр тусах билээ. Тийм учраас бензин хэдий үнэтэй байлаа ч гэсэн банкаа байнга дүүргэж явах нь таны машин болон мөнгийг чинь хоёуланг нь хэмнэнэ гэдгийг санаарай.
Зургадугаар зөвлөгөө: Салоны паараа сайн шалгаж бэлтгэх.
Өвлийн цагт урд шил цантах явдал олонтаа тохиолддог нь салон доторхи чийг ууршсаны үр дүн юм. Хаалга, цонх онгойх үед орж ирсэн болон та бидний амьсгалаас гарсан агаарын уур шил хөлрөх цантах эх үүсвэр болдог. Халаагч нь цонхны шил рүү бүлээн бөгөөд хуурай агаараар үлээж энэ асуудлыг шийддэг билээ. Халуун агаараар хэвийн үлээж байгаа атал хөлөрч цантаад байвал хаалга болон цонхныхоо жийргийг шалгаж үзэх хэрэгтэй. Мөн сүүлийн үеийн ихэнх машинууд салоны агаарыг шүүж нэвтрүүлдэг салоны агаар шүүгчтэй болсон бөгөөд манай орны хуурай шороо тоостой нөхцөлд энэ шүүр нь амархан бохирдож бөглөрөх явдал ихээр тохиолддог. Иймд та салоны агаар шүүгчээ солих буюу цэвэрлүүлэх хэрэгтэй. Түүнчлэн салон дулаахан бөгөөд тохилог байх нь чухал. Халаагч радиатор эсвэл удирдлага, халаагчийн хөдөлгүүр зэрэг нь эвдрэлтэй байж болох тул шалгуулж засуулаарай.
Долдугаар зөвлөгөө: Шил арчигчийн сойз болон шингэнийг шалгаж солих хэрэгтэй.
Шил арчигчийн дээрх болон доогуурх цасыг байнга цэвэрлэж, шингэний төвшинг хянаж бай.
Бороо цас холилдон орж буй сэрүүн үед таны шил арчигч муу ажиллаж, үзэгдэх орчинг харуулж чадахгүй байх нь осолд хүргэж мэдэх маш аюултай. Шил арчигчийн сойз резинээр хийгдсэн байдаг тул халуун хүйтэнд элэгдэж, хагарал үүсч хатууран цасыг арилгаж чадахаа больдог. Тийм учраас энэ сойзыг 6-12 сар тутам сольж байх хэрэгтэй. Түүнээс гадна шил арчигчийн шингэний төвшинг байнга хянаж байх учиртай. Мөн шил арчигчийн шингэн тань давын өмнө хөлдөхөөргүй хүйтэн нөхцөлд тохирсон байх хэрэгтэй.
Наймдахь зөвлөгөө: Ремени ба патрубуудыг сайтар шалга.
Машины тань капот дор байдаг резинэн эд анги буюу ремени болон патрубкуудыг ердийн үед 50 000 км яваад техник үйлчилгээ хийх үед шалгадаг. Хэрэв та энэ өвөл техник үйлчилгээ хийлгэхгүй бол автосервист очиж механикт үзүүлсэн нь дээр. Бүх уулзвар, залгааг сайтар шалгах ёстой. Хүйтэн цагт ремень ба патрубууд сулардаг тул ялангуяа хол замд гарахаас өмнө урьдчилан сэргийлж сайтар үзүүлбэл зохино.
Ес дэх зөвлөгөө: Дөрвөн дугуйны хөтлөгч (мост) ажиллаж байгаа эсэхийг сайтар шалгах.
Та бүтэн жил засмалгүй газраар явдаг ч бай тэр бүр хүндрүүлэгчээ залгаад байдаггүй байх. Тийм учраас өвлийн эхэнд үйлчилгээ хийхгүй ч гэсэн бүх хөтлөгч саадгүй ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байх нь чухал. Ялангуяа Full Time буюу байнгын дөрвөн дугуйн хөтлөгчгүй машины хувьд анхаарах зүйл. Бүх хөтлөгч хэвийн ажиллах нь халтиргаатай замд явахад хамгийн хэрэгтэй зүйл. Бүрэн хөтлөгчтэй явна гэдэг нь мөстсөн зам дээр дрифт хий, эсвэл ердийнхөөсөө хурдан яв гэсэн үг биш шүү. Ялангуяа хүндрүүлэгч нь зөвхөн зам дээр цас, мөстэй үед хөдлөх үед зууралдах чанарыг сайжруулж өгдөг болохоос асфальтанд наалдан тооромс гишгэмэгц машин зогсоодог гэж ойлгож болохгүй.
Аравдугаар зөвлөгөө: Гэнэтийн шаардлагатай үед хэрэгтэй зүйлсүүдийг аптекийн адил машиндаа байнга авч явж занших хэрэгтэй.
Өвлийн нөхцөлд тохиолдсон ослоос болж Та замын хажууд удаан зогсох, түгжрэх хэрэг гарч магад, бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Ямар ч тохиолдолд юунд ч бэлэн байх анхны тусламжийн хэд хэдэн хэрэгслүүдийг бэлтгэх хамгийн энгийн арга. Нөөц дугуй, дугуйгаа солих өргүүр болон түлхүүр багаж ав. Түүнээс гадна танд моторын тос, шил угаагчийн шингэн ба хөргөлтийн шингэн ачаандаа хийж явахыг зөвлөе. Мөн машин чирэх татлага болон аккумляторын холбогч нь байх ёстой л зүйлс юм. Шилнийхээ цан хөөрөг, мөсийг арилгах зүйлүүд ч байвал зохино. Хэрэв цасанд суух явдал тохиолдвол хүчтэй гар чийдэн, дохионы пуужин зэрэг нь тун хэрэг болдог. Дулаан хувцастай ч гэсэн илүү дулаан бээлий, бүтээлэг байхад илүүдэхгүй.