Компьютер, ухаалаг утас хүүхдүүдийг нойрмог, ядруу болгодог
Орчин үеийн хүний амьдралыг шинэ технологигүйгээр төсөөлөхөд бэрх. Нөүтбүүк, ухаалаг гар утас, планшет зэрэг нь зөвхөн томчууд гэлтгүй хүүхдүүдийн ч амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Сүүлд явуулсан судалгаагаараа эрдэмтэд хүүхдүүд ухаалаг төхөөрөмжөөр хэтэрхий тогловол архаг ядаргаа, байнгын нойр дуталд хүрдэг болохыг нотлон харуулав. Чөлөөт цагаараа хүүхдүүд хийсвэр ертөнцөөр тэнүүчлэх болсон. Ийм хүүхэд бага унтсанаар нойр дуталд орж, уур уцаартай, сэтгэлийн хямралтай болдог гэнэ. Эрдэмтэд судалгаандаа 10-12 насны хүүхдүүдийг хамруулжээ. Тэд анкет бөглөсөн бөгөөд тодорхой хугацааны туршид гарандаа сэрүүн, унтаа байгааг нь бүртгэж авдаг төхөөрөмжийг зүүв. Цуглуулсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийгээд эрдэмтэд ихэнхи хүүхдүүд нэлээн орой унтдаг болсон бөгөөд унтахаасаа өмнө хэдэн цагийн туршид компьютерийн тоглоом тоглох юм уу зурагтаар кино үздэгийг олж мэджээ. Энэ нь хараанд очих ачааллыг нэмэгдүүлэхээс гадна мэдрэлийн тогтолцоог туйлдуулдаг аж.