Хайр дурлалын харилцаанд заавал анхаарах ёстой 5 шинж
Бид "заяаныхаа хайртыг" оллоо гэж андуурдаг ч биднийг чиглүүлэгч улаан дарцаг олон байгааг анзаардаггүй. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд "муу залууг" сэтгэлдээ тээн шаналах, эсвэл тэвчин хамт байх нь илүү элбэг тохиолддог ч энэ нь аль аль хүйснийхэнд хамааралтай байдаг.
Хэдийгээр хосууд дурласан үедээ "сохорч" дурласан хүнээ зөв үнэлж дүгнэж чадахгүй болдог ч гэсэн заавал анхаарч харилцааг зогсоох ёстой, тоолгүй өнгөрч болохгүй улаан гэрэл болох шинжүүдээс гол 5 шинжийг бичье. Үүнийг анхаарч, хэрэв ийм шинж байгаа бол харилцаагаа аль болох эрт зогсоохыг зөвлөх байна.
1. Сэтгэл байхгүй бол
Хэрэв та өөрөө, эсвэл үерхэж байгаа хүн чинь сэтгэлээсээ нэгэндээ татагдахгүй, сэтгэлгүй байгаа бол энэ харилцааг эртхэн дуусгасан нь дээр. Зүгээр л сайн хүн болж буруутан болохгүйн тулд, эсвэл өрөвдөж, эсвэл хэлсэн үгэндээ хүрэхгүй худалч болохгүйн тулд, эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар ийм харилцааг үргэлжлүүлсээр байвал улам л хүндрэх болно. Тиймээс харилцан сэтгэлгүй л бол харилцаа явцгүй бөгөөд хэд хэдэн удаа болзоод үзэж, бас түүнийг өдөж, татах оролдлого хийж болох ч үр дүнгүй бол хурдан дуусгах хэрэгтэй. Та СЭТГЭЛИЙГ үүсгэж чадах магадлал тун бага шүү.
2. Хэрэв тэр үйлчилгээний ажилтантай муухай харилцаж байгаа бол
"Та хэн нэгнийг өөрт юу ч хийж чадахгүй хүмүүстэй хэрхэн харилцаж байгаагаар нь дүгнэж болно" гэж хуучны Англи үг байдаг. Би үүнтэй санал нэг байдаг. Нөгөө талаас та хэн нэгнийг өөрт нь үйлчилж байгаа хүмүүст хэрхэн ханддагаар нь дүгнэж болно.
Хэрэв зөөгч, эсвэл ямар нэгэн үйлчилгээний ажилтан гаргасан алдаан дээр нь хэт муухай харилцаж байгаа бол тэр хүн тантай ч бас сөрөг нөхцөл байдал үүссэн үед тэгж харилцах магадлал өндөр гэдгийг санаарай.
3. Уурлаж, харааж байвал.
Хэрэв сэтгэл зүйн хувьд биеэ барьдаггүй уурлаж, харааж, эсвэл зодоон цохион хийж байгаа бол үүнд ямар нэгэн тайлбар, шалтаг хэрэггүй энэ харилцааг шууд дуусгасан нь дээр. Учир нь хэзээ нэгэн өдөр чамд шууд тусах болно.
4. Хэрвээ үргэлж чамд "завгүй" гэж байгаа бол.
Хүсвэл ямар ч завгүй хүн зав гаргадаг. Тэгэхээр хэрвээ чамд зав гаргахгүй л байгаа бол түүнд сэтгэл байхгүй байна л гэсэн үг. Тэр хэдийгээр чамд дандаа завгүй гэж хэлдэг ч өөрийн дуртай ямар нэгэн юманд зав дандаа гаргадаг гэж мөрийцөхөд ч бэлэн байна.
Хэрэв тэр чамтай байхдаа дуртай л байдаг бол хэдий их завгүй байсан ч хамт байх цаг гаргах л болно. Ямар ч хэрвээ, ба, гэвч, магадгүй хэрэггүй. Шалтаг тоочин завгүй гэж байгаа бол угаасаа чамайг дотроо энэ ядаргаагаас яаж салах вэ гэж бодож байх магадлал илүү өндөр. Эсвэл зүгээр л чиний ямар нэгэн зүйл л түүнд хааяа хэрэг болдог гэсэн үг. Ийм тохиолдолд харилцаагаа эелдгээр хурдан дуусгаад чамтай хамт байхыг хүсэх хэн нэгнийг хайсан нь дээр.
5. Хэрэв та хоёрт нийтлэг шинж байхгүй бол.
Кинон дээр 2 эсрэг тэсрэг хүн уулзаад бие биендээ дурлаад Жаргалтай төгсдөг тухай гардаг. Амьдрал дээр ч гэсэн маш ялгаатай нас, зиндаа, байр суурьтай хүмүүс бие биендээ татагдан дурлаж, урт удаан жаргалтай амьдардаг тохиолдол цөөнгүй. Эмэгтэй нь нээлттэй яриасаг, эрэгтэй нь даруухан дуугай, эрэгтэй нь мах, төмсөнд дуртай, эмэгтэй нь цагаан хоолтон гээд л эсрэг тэсрэг ч нийцтэй хосууд байдаг. Гэхдээ энэ бол өнгөн талын ялгаа юм. Гүндээ бол нийцтэй хосуудын дотоод "үнэлэмж" адил төстэй байдаг. Хостойгоо, гэр бүлтэйгээ хамт байх үнэлэмж, адил зүйлд дурлаж, адил зүйлд баярлаж, адил хошигнолд инээдэг, адилхан хэмжээнд бие биенээ хүндэлдэг. Бие биедээ татагдах зүйлс нь нэг нэгнийгээ улам дэмжиж хөглөж байдаг. Бидний өөр талууд нөгөөдөө сонирхолтой, давтагдашгүй санагддаг бол бидний адил төстэй талууд биднийг хамт байлгадаг. Тиймээс огтоос адил төстэй тал байхгүй, байнга зөрчилддөг бол эртхэн тийм харилцааг дуусгавар болгох хэрэгтэй.