ШИНЭ ЖИЛ: Бүсгүй таныг төгс харагдуулах даашинзны трэнд
Юу юугүй шинэ жил хаяанд ирлээ. Та шинэ жилийнхээ үдэшлэгийн даашинз, гоёлын туфлийг сонгох гээд завгүй л гүйгээд байна уу. Таны сонголтод нэмэр болох зорилгоор загвар зохиогч болон дизайнер нарын шинэ жилийн үдэшлэгийн даашинзны талаархи зөвлөгөөг хүргэж байна.
Оны трэнд гэхээр хамгийн эхлээд өнгө, материалын шинж чанар, чимэглэл гэдгээрээ онцлогтой. Нэвт гэрэлтсэн, секси төрхийг илэрхийлсэн торон, зөөлөн уналттай материалууд зонхилно.
Мөн гоёлын даашизны гол төлөөлөгч болох торгон материал шигтгэгдэж байгаа. Эмэгтэй хүнийг илүү тодруулж, ялгаруулж харагдуулахаар тод, ассан, галзууруулсан өнгөнүүд давамгайлна. Жишээлбэл, хөх болон улаан өнгө. Зүгээр хөх өнгө бус усан цэнхэр рүүгээ ууссан ч юм уу. Мөн улбар шар, алтлаг, мөнгөлөг, хар өнгөнүүд энэ жилийн трэнд байгаа.
Охид бүсгүйчүүд маань харилцан адилгүй галбиртай байдаг шүү дээ. Энэ тохиолдолд даашинзаа яаж сонгох вэ гэж санаа зовж байна уу.
Мэдээж хүн бүхэн сүүлийн үеийн загвараар хувцаслах дуртай байдаг. Зарим нь жаахан махлаг байхад, нөгөөх нь өгзөггүй, цээжгүй гэдэг ч юм уу зохиомж нь өөр шүү дээ. Хамгийн гол нь өөрийнхөө бие галбирт тохируулж хувцаслах хэрэгтэй. Бүсгүйчүүд маань өөрт нь зохихгүй байсан ч Энэ их гоё, сүүлийн үед моод болж байгаа гээд авчихдаг дутагдалтай. Тийм учир даашинзны сонголтоо сайн хийх хэрэгтэй.