Ирээдүйд хамгийн “эрэлттэй - 10” мэргэжил (2010 - 2020)
2014 оны 12 сарын 02
Ирээдүйд хамгийн эрэлттэй төдийгүй цалин ч өндөртэй ажил мэргэжлүүдийг жагсаан гаргасан энэхүү мэдээллийг Америкийн Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан байна. Энэхүү жагсаалт нь багаар бодоход 1000 гаруй ажлын байрыг жагсаасан судалгаанд үндэслэсэн бөгөөд эдгээр ажлын байр, мэргэжлийн боловсон хүчний эрэлт ирэх 8 жилд буюу 2010 - 2020 он гэхэд 60% хүртэлх хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоог гаргаад байгаа юм.
Оптометрист
- Дундаж цалин: $94.990
- 2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 11.300
- Эрэлт ихтэй мужууд: Хавай, Хойд Дакота, Монтана
Хараа зүйн нарийн мэдрэмж, ур чадвар шаардсан энэ мэргэжлийн зорилго бол орчлонг тольдох онцгой эрхтэн болох нүдээ үзүүлэхээр ирсэн үйлчлүүлэгчийн нүдний гэмтлийг оношлох, харааг нь шалгаж шаардлагатай бол тохирсон шил, линзийг нь тааруулж, захиалж өгөх зэргээр нүдтэй холбоотой бүхий л мэдлэгийг бүрэн эзэмшсэн Докторын зэрэгтэй мэргэжилтэн байх хэрэгтэй юм. Сайн ажиллавал $166.400 ам.долларын нэмэлт цалинг авах боломжтой юм. Нас ахих тусам хүний хараа мууддаг учраас ирээдүйд Америк оронд энэ төрлийн мэргэжилтэн 33.1% болж нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Нарийн мэргэжлийн эмч / Эмчийн туслах
- Дундаж цалин: $72.320
- 2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 36.400
- Эрэлт ихтэй мужууд: Мэн, Массачусетс, Нью Хэмпшир
Өвчтний авсан шархыг цэвэрлэж боолт хийж өгөхөөс эхлээд тухайн өвчтөнд өдөр тутмын ажил амьдралдаа мөрдвөл зохих бүхий л чадвар, мэдлэг мэдээллийг түгээх үүрэгтэй энэ мэргэжилтэн хамгийн багаар бодоход Магистрын зэрэгтэй байх хэрэгтэй. 2020 он гэхэд энэ мэргэжлээр ажиллагсдын тоо 145.200 болох судалгааны дүн гарчээ.
Малын эмч
- Дундаж цалин: $82.040
- 2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 22.000
- Эрэлт ихтэй мужууд: Монтана, Колорадо, Айова
Амьтанд хайртай, тэднийг анагаах чинхүү хүсэлтэй энэ мэргэжлийг сонгосон Докторын зэрэгтэй 22.000 хүний ажлын байр ирэх 10 жилд АНУ-д нээлттэй байх ажээ. Гадаа гэрийн гэлтгүй өвчтэй амьтдад туслах эмч бэлтгэдэг мэргэжлийн 28 их дээд сургууль АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Биохимийн инженер
- Дундаж цалин: $81.540
- 2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 9700
- Эрэлт ихтэй мужууд: Юта, Массачусетс, Миннесота
Хиймэл эрхтэн, суулгац болон рентген зургийн төхөөрөмж дээр чөлөөтэй ажиллах чадвартай математик, техник, биологи, химийн мэдлэгтэй мэргэжилтнүүдийн тоо ирэх 2010 - 2020 онд 61.7% эрэлттэй байх ажээ. Цалингийн хувьд дээр дурьдсанаас гадна $126.990 болгож нэмж авах боломжтой бөгөөд эрүүл, идэвхитэй зөв амьдралын хэв маягийг эрхэмлэгч ухамсартай иргэдийн тоо эрс нэмэгдэж байнгын үзлэг шинжилгээнд хамрагдах эрмэлзлэлтэй байгаатай холбоотойгоор энэ мэргэжлийн эрэлт нэмэгдэх гэнэ.
Шүдний эрүүл ахуйч
- Дундаж цалин: $68.250
- 2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 68.500
- Эрэлт ихтэй мужууд: Мичиган, Юта, Айдахо
Энэ чиглэлээр ажиллах мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 250.000 гаруй мэргэжилтний эрэлт АНУ-д их байгаа нь тоон үзүүлэлтээс илэрхий харагдаж байна. Шүдний рентген зураг авч, шүдийг цэвэрлэх гол үүргийг тэд л гүйцэтгэж, эмчилгээнд бэлтгэдэг ажээ. Ер нь амны хөндийн эрүүл ахуйг хүн төрөлхтний эрүүл байх хамгийн гол үндэс гэж үзэх нь зүй бөгөөд амны хөндийгөөр дамжиж хоол хүнс биед шингэдэг учир амны хөндий эрүүл байх нь чухал юм.
Физик эмчилгээний эмч
- Дундаж цалин: $76.310
- 2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 77.400
- Эрэлт ихтэй мужууд: Род Айленд, Вермонт, Мэн
Шилдэг нь байж чадвал $107.920 ам.долларын цалин авах боломжтой энэ мэргэжил бол биеийн тамирын дасгал хөдөлгөөний зөв голдрилийг зааж чиглүүлэхээс эхлээд тухайлсан гэмтэлтэй хэсгийн эдгэрэлтийг түргэсгэх идэвхитэй, зөв техник эмчилгээг хийх хариуцлагатай ажил билээ. 2020 он гэхэд энэ чиглэлээр мэргэшсэн эмч нарын эрэлт 39% нэмэгдэнэ.
Маркетингийн мэргэжилтэн
- Дундаж цалин: $60.570
- 2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 116.600
- Эрэлт ихтэй мужууд: Делавэр, Массачусетс, Нью Йорк хот
Зах зээлийн судалгаа шинжилгээ хийж, өнөөгийн болоод ирээдүйн зах зээл, арилжаа бараа бүтээгдэхүүн, наймааны чиг хандлагыг урьдчилан таамаглах, үнэлэлт дүгнэлт өгөх зэргээр өрсөлдөөнт зах зээлийн нийгэмд маркетингийн алба хариуцсан мэргэжилтнүүдийн үүрэг роль нилээд өндөрт тавигддаг билээ. Наанадаж Бакалаврын зэрэгтэй байх шаардлагыг тавьдаг эл мэргэжлийн хувьд 2020 он гэхэд АНУ-д 400.000 болж өсөх ба сайн ажиллах юм бол жил бүр $111.440 ба түүнээс дээш орлоготой байх ажээ.
Оношлогооны мэргэжилтэн
- Дундаж цалин: $64.380
- 2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 23.400
- Эрэлт ихтэй мужууд: Флорида, Өмнөд Дакота, Род Айленд
Энэхүү мэргэжилд тавигдах шаардлага нь мэргэжлийн үнэмлэхтэй байх, хэт авиан оношлогооны төхөөрөмж дээр ажиллаж, гарсан үр дүнг өвчтөнд үнэн зөвөөр хэлж ойлгуулах чадвартай байх явдал юм. Цалингаа жил бүр $88.490 ам.доллар болгон өсгөх боломжтой энэ ажлын байр ирэх 8 жилд 77.100-д хүрнэ.
Дотрын эмч / Салбарын эрдэмтэн
- Дундаж цалин: $76.700
- 2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 36.400
- Эрэлт ихтэй мужууд: Калифорния, Вашингтон, Массачусетс
Хүний биеийн анатомийг гаргаахгүй мэддэг эрдэмтэн эмч нарын эрэлт их дээд сургуулиуд болон судалгаа шинжилгээний багаар ажиллах байгууллагуудад нилээд өндөр байдаг гэнэ. Тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүд нь $142.800 ам.доллараар цалинжих боломжтой бөгөөд тэдний эрэлт 2020 он гэхэд 136.000 хүрэх юм.
Чихний эмч
- Дундаж цалин: $66.660
- 2010 - 2020 онд нэмэгдэх ажлын байр: 4800
- Эрэлт ихтэй мужууд: Нью Мексик, Колорадо, Баруун Виржиния
Сонсгол хэвийн эсэхээс эхлээд чихний эрүүл ахуйтай холбоотой аливаа эмгэгийг илрүүлэх, эмнэх үүрэгтэй мэргэжилтнүүдийн тоо 2020 он гэхэд 17.800 гаруйд хүрнэ гэсэн тооцоолол гарчээ. Шилдэг эмч нар $102.210 ам.долларын цалин авах магадлал өндөр юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
13036
0 эможи