Ханиадыг гэрийн нөхцөлд эмчлэх энгийн аргууд

2014 оны 11 сарын 27
Хүйтний улиралд хүний биеийн дархлаа суларч өвчинд өртөмтгий болдог. Бидний өдөр тутмын амьдралд хамгийн их тохиолддог түгээмэл өвчний нэг бол ханиад юм.

Энэ өвчнийг хүндрэхээс нь өмнө ямар арга хэмжээ авч, гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх талаарх зөвлөгөөг хүргэе.

Өвчний шинж тэмдгийг эхлээд сайтар ойлгох нь зүйтэй.

Ханиад хүрсэн үед илэрдэг шинж тэмдгүүд үнэн хэрэгтээ хүний бие өвчнийг эсэргүүцэж буйн хэлбэр ажээ. Тухайлбал халуурах нь цусанд дархлааны эс олноор төрж, вирусыг эсэргүүцэх үйл явц юм. Мөн ханиалгах нь мөгөөрсөн хоолойн бохирдлыг цэвэрлэж, уушиг бохирдохоос сэргийлж өгдөг. Тиймээс эхний ээлжинд эм уух гэж яаралгүй биеийнхээ өөрийгөө хамгаалах системээр эмчлэх нь үр дүнд хүргэх магадлалтай. Гэхдээ биеийн температур хэт ихсэж, олон өдрөөр халуурах, цусаар ханиалгах зэрэг ноцтой шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зайлшгүй эмчид хандах нь зүйтэй.


Дулаан орчинд сайн амраарай.

Дулаан орчинд сайн амарснаар биеийн эсэргүүцэл сайжирч вирусыг эсэргүүцэх чадвар нь ихэснэ. Тиймээс ханиадтай үед болж өгвөл орондоо өнжих хэрэгтэй.

Халуун шингэн уугаарай.

Халуун юм ууснаар хамрын битүү, хоолойны бохирдол арилна. Биеийн байдал сул үед өдрийн турш шингэний хэрэгцээгээ хангалттай нөхөх нь чухал юм. Хэрэв зовиураас болж шөнө унтаж чадахгүй байвал ургамлын гаралтай цай бэлдээд нэг халбага зөгийн бал, 25 мл орчим виски хольж уугаарай. Гэхдээ спиртийн хэрэглээгээ хянахгүй бол өвчнийг сэдрээх аюултай шүү.


Хоолойгоо зайлж эмчлээрэй.

Хоолойд хуримтлагдсан бохирдол буюу цэрийг хөөж гаргахын тулд давстай ус болон хар цайгаар зайлж болно. Мөн 100 мл буцалсан халуун усанд 50 мл зөгийн бал, царван, чимх улаан перец зэргийг хийж бага зэрэг хөргөөд хоолойгоо өдөрт 3 - 4 удаа тогтмол зайлж эмчлээрэй.

Хамраа ойр ойрхон, зөв аргаар цэвэрлээрэй.

Хамраа ойр ойрхон цэвэрлэж, нусаа нийх нь маш чухал. Гэхдээ хэтэрхий хүчтэй нийж чих рүүгээ ачаалал өгвөл вирус чихний сувгаар дамжиж өвчин үүсгэх эрсдэлтэй. Харин хамрын нүхнүүдээ ээлжлэн хуруугаараа таглаж зөөлөн нийх нь хамгийн зөв арга юм.


Хамраа давстай усаар угаагаарай.

Хамар битүүрсэн үед давстай усаар зайлах нь нян бактерыг зайлуулж чөлөөтэй амьсгалахад тусалдаг. Тал аяга бүлээн усанд чимх давс болон хүнсний сода нэмж сайтар хутгаад дусаагуурын саванд хийж хамрын нүхээ нэг нэгээр нь зайлж цэвэрлээрэй.

Халуун шүршүүрт ороорой.

Уур савссан халуун шүршүүрт орсноор бүх бие тань тайвширч амарна. Мөн халуун ваннанд орсон ч болно. Ингэж биеэ хөлөргөснөөр хөлсөөр дамжиж биеэс хорт бодис ялгарах ач холбогдолтой учир ханиадыг тань эмнэхэд тустай арга юм. Гэхдээ салхи авахуулахгүйг хичээгээрэй. 


Хамрынхаа доор тос түрхээрэй.

Хамрын битүүг онгойлгох зориулалттай төрөл бүрийн тосон түрхлэгүүд нь үр дүнтэй аргуудын нэг юм.

Халуун хүйтэн жин тавиарай.

Халуун ба хүйтэн жин тавих нь зовиурыг багасгах нэг арга болж өгдөг байна.


Толгой доороо дэр нэмж унтаарай.

Хамар битүүрсэн үед унтахад хүндрэлтэй байдаг. Тэгвэл толгой доороо дэр нэмж бага зэрэг өндөрлөвөл унтахад арай амар байдаг юм шүү.

Халдварын эсрэг үйлчилгээтэй хоол хүнс хэрэглээрэй.

Ханиадны вирусыг устгахад туслах зарим хүнс:

  • Гадил - Ходоод гэдэс хямарсан үед эерэг нөлөөтэй юм.
  • Чинжүү - C витамин агуулдаг.
  • Нэрс - Гэдэсний гүйлгэлтийг зогсоохоос гадна байгалийн аспирин агуулдаг.
  • Лууван - Арьс ба  нүдний хэвийн үйл ажиллагаанд хэрэгтэй А витамин ихтэй.
  • Халуун перец - Хамрын салст ба уушгийг цэвэрлэхэд тустай.
  • Сонгино - Биеийн халдвар эсэргүүцэх чадварыг ихэсгэнэ.
  • Будаа - Гэдэсний гүйлгэлтийг зогсоодог.
  • Ногоон цай - Антиоксидантаар баялаг бөгөөд бодисын солилцоог сайжруулж, биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлнэ.

Зайлшгүй шаардлагагүй бол нислэг хийх хэрэггүй.
Хямралтай байгаа амьсгалын замын системийг агаарын даралт улам ачаалуулдаг байна. Үүний уршгаар чихэнд ирэх ачаалал ихдэж хэнгэрэг хагарах ч аюул учирч болзошгүй. Тиймээс зайлшгүй нисэх шаардлагатай бол хөөрөх ба газардах үед хамрын дусаагуур хэрэглэх болон бохь зажилж, шүлсээ залгих нь агаарын даралтын үед биеэ хамгаалах нэг арга юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
4
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
12838
9 эможи
keyboard_arrow_up