Сүрчигийг хэрхэн түрхэх вэ?
Таагүй үнэр гэдэг чиний тухай бусдад төрөх сэтгэгдлийг орвонгоор нь эргүүлж ч болно. Загварын шоуны шилдэг хувцсыг өмсчихсөн явахад хэн ч анзаарахгүй хирнээ сэнгэнэсэн таатай үнэртэн хэрэглэсэн байхад анхаарлаа хандуулах нь илүү гэдгийг санаарай.
Үнэртнийг сонгохдоо арьсан дээрээ яаж үнэртэхийг заавал шалга. Сүрчигний жинхэнэ үнэр арьсан дээр түрхэгдэж байж л мэдэгдэнэ. Үүнийг шалгахдаа алган дээрээ үнэртэй уснаас дусаагаад, хатангуут нь алгаа хамрынхаа ойролцоо сэвж үнэртвэл жинхэнэ үнэр нь үнэртэх болно.
Сүрчгээ хэрэглэхдээ аль болох нимгэн арьстай хэсэгт түрх. Хүзүүний урд, бугуйн дотор тал гэх мэт.
Харин зарим мэргэжилтэн чихний араар түрхэх буруу гэж дүгнэсэн байдаг. Учир нь чихний ар хэсэгт байрлах олон төрлийн булчирхай үнэрийг хувиргадаг гэнэ. Үслэг эдлэл үнэрийг удаан хадгалдаг онцлогтой. Тиймээс та өвлийн улиралд үслэл эдлэлдээ усаа цацаарай. Торго, нийлэг материал, үнэт эдлэл рүү цацвал толбо үлддэг гэдгийг анхаараарай. Үүнээс гадна дууссан үнэртэй усныхаа савыг орны даавуу хийдэг шүүгээндээ хийвэл үнэр даавуунд шингэж улмаар унтах үед биенд шингэдэг. Ямар ч хувцсанд сүрчиг түрхдэггүй. Учир нь хувцаснаас амархан үнэр нь гарахаас гадна толбо тогтвол хими цэвэрлэгээнд өгөхөөс аргагүй болдог.
Охидод цэцэгсийн, далайн сэрүү татсан зөөлөн үнэртэн илүү зохимжтой. Ээжийнхээ хэрэглэдэг үнэтэй брэндийн хурц хүнд үнэртэнг хэзээ ч битгий хэрэглээрэй. Ийм үнэр чиний насанд тохирохгүй. Үүний оронд өглөө бүр шүршүүрт орж тансаг үнэртэй саван хэрэглэсэн нь илүү дээр.
Ажил хэргийн болон өдрийн цагаар /дорнын/ гэгддэг хурц чамин үнэртэн хэрэглэх нь зохисгүй. Харин зөөлөн ердийн сүрчиг тохиромжтой байдаг.
Харин орой үдшийн цагаар, үдэшлэг уулзалтанд хурц үнэртэнг хэрэглэж болно.
Даруухан байдлыг эрхэмлэдэг эмэгтэйчүүдэд цэцгийн үнэр агуулсан сүрчиг гайхамшигтай зохьдог.
Харин чөлөөтэй эротик дүр төрхтэй бүсгүйчүүдэд дорны үнэртэй сүрчиг илүү зохино.
Мөн сүрчигний найрлагатай саван байдаг. Энэ саванг хувцасны шүүгээндээ хий. Та ажилдаа яараад сүрчгээ түрхэхээ мартсан байсан ч таны хувцсанд шингэсэн үнэр байсаар байх болно.
Харин та гэрээсээ гарахаасаа дор хаяж 15-н минутын өмнө үнэртнээ түрхээрэй.
Мөн биеийн тос тань хурц үнэртэй бол сүрчиг түрхэхээс зайлсхий. Хурц үнэр хольж үнэртвэл жинхэнэ үнэр алга болж таагүй үнэр үнэртдэг.
Үүнээс гадна тамхи, архи, халуун ногоо бусад хурц үнэртэй хоол ихээр хэрэглэвэл үнэрийг ихээр өөрчилдөг.
Хэрэв та ийм хоол идэх гэж байгаа бол сүрчиг түрхэхгүй байсан нь дээр.