Хөгжим хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
2014 оны 11 сарын 25
Хүн төрөлхтний зохион бүтээсэн оюуны үнэт өв болох хөгжмийн урлагийн гайхамшиг гэдэг далай мэт яндашгүй билээ. Дуу хөгжимгүйгээр хорвоо ертөнцийг төсөөлөхөд ч бэрх юм. Хөгжим нь хүний сэтгэлийг хөдөлгөж, оюун санаанд хүртэл нөлөөлөөд зогсохгүй өвчнийг ч анагаах чадалтай ажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг хүргэж байна.
Хөгжим зүрхний цохилтын хэмнэлийг өөрчилдөг.
Хүний бие сонсож буй хөгжмийн хэмнэлд хариу үйлдэл үзүүлдэг ажээ. Жишээ нь рок, техно урсгалын хөгжим сонсоход зүрхний цохилт эрчимждэг бол сонгодог хөгжим сонсоход тайвширч, удааширдаг. Тиймээс дасгал хөдөлгөөн хийх үедээ цоглог дуу сонсох нь цусны эргэлтийг сайруулж, булчингийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлэн эрч хүчийг сэлбэх нэгэн хөшүүрэг болдог байна.
Хөгжим нь хар тамхи ба сексийн адил донтуулах үйлчилгээтэй
Хөгжим сонсох үед хүний тархинд таашаалын гормон буюу “допамин” их хэмжээгээр ялгардгийг судлаачид тогтоожээ. Энэ нь хар тамхи хэрэглэх болон секс хийх үеийнхтэй ижил байсан гэнэ. Ийм учраас хөгжим сонсоход бидэнд таатай мэдрэмж төрж, дахин дахин сонсмоор санагддаг ажээ.
Хөгжим эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг.
Хөгжим нь мэдрэлийн хурц өвчлөлүүд болох ой санамжаа алдах, саа өвчин зэргийг анагаахад тустайг зарим туршилт харуулсан байна. Мөн хэл ярианы чадвараа алдсан хүмүүст ч илааршихад нь сайн нөлөө үзүүлсэн тохиолдол бий гэнэ. Түүнээс гадна хөгжим тоглох нь эрүүл мэндэд чухал ач тустай. Тухайлбал саа өвчтэй хүнийг бөмбөрөөр хичээллүүлэхэд биеийн хөдөлгөөн цэгцэрч, чичрэх нь багассан байна. Гэхдээ үр дүнд хүрэхийн тулд хамгийн гол нь тогтмол хичээллэх хэрэгтэй юм.
Хөгжим нь IQ-гийн түвшинг нэмэгдүүлдэг.
Ямар нэг хөгжмийн зэмсэг тоглож сурахын тулд хүний тархи олон төрлийн шинэ чадварыг эзэмших шаардлагатай болдог. Энэ нь хүний сэтгэн бодох чадвар буюу IQ-гийн түвшинг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлдэг байна. Мөн сонгодог хөгжим сонсох нь уураг тархины хөгжилд эерэг нөлөөтэй. Учир нь энэ төрлийн хөгжим нь оюун ухааны өндөр түвшний бүтээл юм.
Хөгжим нь айдас түгшүүр болон стрессийг багасгадаг.
Хүн дуртай хөгжмөө сонсох үед сэтгэлийн айдас түгшүүр болон стресс мэдэгдэхүйц багасдаг байна. Иймээс хамгийн их стресстэй мэргэжлүүдийн нэг болох мэс заслын эмч зэрэг стресстэй ажил мэргэжлүүдэд тус нэмэр болох нэг хэрэгсэл нь хөгжим байдаг аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
1
12704
5 эможи