ТА ӨГЛӨӨГ ЗӨВ ЭХЛҮҮЛДЭГ ҮҮ ?
Та өдрийг яаж эхлүүлдэг вэ? Сэрүүлгийнхээ дуунд цочин сэрж, сэрүүлгээ унтраачаад, эсвэл нойроо харамлаж за таван минут хэвтсээр байгаад тэр өглөөнийхөө эрч хүчийг алддаг. Тэгвэл таны шинэ өдрийг эхлүүлэх зуршлыг ингэж өөрчилье!
Сэрүүлэгнийхээ цочмоор дууг соль!
Өглөө бүр таныг ууртай сэрүүлэгтэй цагны чих өвтгөм хашгираан сэрээдэг үү? Үүнээс ангижирцгаая! Мэдээж цочмоор дуунд хүн хурдан сэргэдэг нь үнэн. Гэхдээ энэ нь таныг өдрийн турш бухимдалтай байлгах болно. Учир нь та орноосоо босохдоо л тархиныхаа хамаг эд эсийг доргиож байна шүү дээ. Үүний оронд зөөлөн, урсгал дуу тавь. Энэ нь таныг нойрноосоо аажим аажмаар, зөв дарааллаар сэрэхэд тусална. Ийм дуу тавьбал ч би сэрэхгүй дээ гэж бодож байвал босдог цагаасаа 5минутын өмнө тааруулж болно. Хэдэн минутын турш дуу яваад эхлэхээр та сэрж л таарна. Гол нь огло харайж сэрэх хачин зуршилгүй л бол та сэрүүлэгтэй цагаа “орилдог” биш “дуулдаг” болгоорой.
Гүй, алх, шогш
Шөнөжин “битүү хайрцаг”-нд унтаж унтчихаад л, бид гэрээсээ гараад машин гэдэг нэртэй бас нэг битүү хайрцганд бушуухан орж суугаад авдаг. Энэ хооронд таны бие сэргэж, эд эсүүд чинь идэвхтэй ажиллагаанд орж амжихгүй. Тиймээс өглөө бүр 10-20 минут алхаж, дундуур нь бага сага гүйж, зарим хэсэгт зөөлөн шогшиж бай. Ер нь алхаж явахад л хамгийн шилдэг санаанууд орж ирдэг гэдгийг та мэдэх үү? Тиймээс бизнеслэйди, шинэ ажилтан нарт энэ зөвлөгөө хамгийн их хамаатай юм.
Улс төрийн биш цаг агаарын мэдээ сонс
Зурагтаар гардаг мэдээнүүдийн ихэнх нь биднийг бухимдуулж орхидог. Махны үнэ хоёр хоногийн өмнөхөс тэд дахин нэмэгдлээ, УИХ-ын гишүүн тэр тэглээ гээд л…баярлах сайхан зүйл нэг ч алга шив? Тиймээс та өглөө босч зурагтаа эсвэл компьютераа асаагаад шууд улс төрийн, цаг үеийн мэдээллийн суваг, вебсайт руу орох хэрэггүй. Харин сэтгэлийг тань сэргээж эрч хүч өгдөг зүйлсийн тухай эхэлж сонсоорой.
Шинэ өдрийг үнсэлтээр эхлүүлж, үнсэлтээр дуусга
Өглөөний мэнд, сайхан амраарай гэдэг хоёр үгийг үргэлж дотно дулаахан үнсэлтээр хачирлаж бай. Үүнийг зүгээр л зуршил болгох хэрэгтэй. Хараахан нөхөр аваагүй байгаа бол, ээжийгээ, дүүгээ тэгж үнсэж болно. Үнсүүлээд гарсан өдөр үргэлж азтай байдаг.
Өглөөний цайгаа заавал уугаарай, гуйя!
Ээжүүдийн хэлдгээр: Өглөөний цай бол өдрийн хамгийн чухал хоол. Яаж ч хоцорч байсан хоосон ходоодтой битгий гар. Зарим бүсгүйчүүд өглөө хоол идэхгүй байснаараа өөрийгөө турна гэж боддог. Харин ч өглөө хоол идэхгүй байх нь таргалах эрсдлийг нэмэгдүүлдэг гэдгийг сана. Яарч байсан ч, ядаж л таксинд идэх юм аваад гараарай. Ямар ч байсан уугаагүй чигтээ өдрийн хоолны цаг хүргэж болохгүй. Тархи, бие хоёроо бодоорой.
Урам зориг ав
Төлөвлөгөөгөө гаргачихлаа, хайртдаа эсвэл хүүхдүүддээ үнсүүлчихлээ, цайгаа уучихлаа… одоо яах билээ? Жаахан урам зоригоор өөрийгөө дүүргээд авбал ямар вэ! Өдрийн турш сэтгэл санааг чинь сайхан байлгах ямар нэг зүйлийг сэд. Жишээ нь та сайхан дотуур хувцас өмсөхөөрөө өөртөө итгэлтэй болдог бол нэг өглөө хамгийн дуртай дотоожоо өмсөөд гар. Дараагийн өдрийг өчигдөр орой нь даргынхаа хэлсэн магтаалын үгийг бодож эхлүүлж болно. Энэ мэтчилэн өдөр бүр өөрийгөө жаргалтай болгох арга ол.