Өвлийн хүйтэн улиралд арьсаа чийгшүүлэх гурван арга
Манай орны хахир хатуу өвлийн уур амьсгалд арьс хуурайших нь аргагүй юм гэж бодох хэрэггүй, хүн бүрт тохирох гурван хялбар аргыг танд хүргэж байна.
1. Биеэ дотроос нь чийгшүүлэх арга
Өвлийн улиралд бидний биеэс зун цагтай адил хөлс ялгардаггүй, мөн ам хатдаггүй учир бид шингэн зүйл тэр бүр хангалттай хэмжээгээр уудаггүй. Тэгэхээр одооноос эхлээд та өдөрт ууж буй шингэнийхээ хэмжээнд анхаараарай. Мэдээж , арьс арчилгаанд гадна талаас нь чийгшил өгөх нь чухал ч, дотроосоо шингэн сайн хэрэглэх нь арьсанд хэрэгцээтэй чийгшлийг өгдөг байна. Өвөл хүйтэн юм уухаас илүү бүлээн ус эсвэл тасалгааны хэмтэй адил температуртай ус, цай уух нь тохиромжтой. Ингэх нь арьсанд чийгшил өгөхөөс гадна биеийн дотор хуримтлагдсан хорт бодисын ялгаруулалтыг нэмэгдүүлдэг сайн талтай. Мөн шингэн дутагдсан биед ханиад томууны вирус илүү идэвхжиж, дархлаа сулардаг байна. Хоолойгоо чийгтэй байлгах нь вирусээс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн арга юм.
Түүнчлэн олон төрлийн амин дэм агуулсан хоол хүнсийг хэрэглэх нь зүйтэй. Арьс хуурайших нь арьсны өөрийгөө хамгаалах чадвар суларсантай мөн холбоотой байдаг. Өөрийгөө хамгаалах уг чадварыг нь дээшлүүлдэг зүйл бол А, В, С зэрэг амин дэмүүд юм. Эдгээр амин дэмүүд нь гүн өнгөтэй хүнсний ногоонд ихээр агуулагддаг. Өвлийн улиралд өдөр тутмын хоол хүнсэндээ хулуу, лууван, бууцай, жүрж зэргийг хэрэглэх нь тустай.
Усанд орох үедээ анхаар
Усанд орохоор биеийн арьс чийгшдэг гэж бодож байна уу? Үнэндээ эсрэгээрээ байдаг. Халуун ваннд ороход биед агуулагдах ус алдагддаг аж. Усанд ороход арьсны сүв онгойн, түүгээр ус гадагшилдаг байна. Хуурай арьстай хүмүүс усанд ороод бие дулаацангуут загатналт мэдэрдэг. Энэ нь бие дулаацсанаар загатнаа үүсгэдэг бодис ялгардагтай болон биеэс ус гадагшилсантай холбоотой байдаг. Иймд, усанд орох үедээ арьсыг чийгшүүлэх найрлагатай зориулалтын бодисыг ашиглаарай. Мөн, биеэ угаахдаа аль болох бие угаагчаар бус гараараа угаахыг зөвлөе. Зарим төрлийн бие угаагч биеийн арьсыг гэмтээдэг ба арьсны өөрийгөө хамгаалах чадварт нөлөөлж, улмаар хуурайшсан арьсыг бүр ч дордуулдаг талтай.
Усанд ормогцоо 5 минутын дотор?
Уснаас гарсны дараа арьс хуурайшдаг тул, биеэ хатаамагцаа шууд чийгшүүлэх хэрэгтэй. Энэ үед бие дулаацаж, арьсны сүв нээгдсэн байдаг учир чийгшүүлэгч тосны шингэц ч сайн байдаг байна. Ерөнхийдөө уснаас гараад 5 минутын дотор арьсаа тослох нь зохистой.