Эрчүүдийн дур хүслийг “унтраадаг - 10” хүчин зүйл

2014 оны 11 сарын 18

Энэ ертөнцийн чимэг бол эрхэмсэг нандин бүсгүйчүүд билээ. Эмэгтэй хүнд бурханаас төрөлхийн гайхамшигт гоо үзэсгэлэнг харамгүй хайрласан байдаг. Эрчүүд хүртэл эмэгтэй хүний үзэсгэлэнг туйлаас бишрэн татагддаг нь нууц биш юм.
Харин бүсгүй та байгалиас заяасан гоо сайхнаа гутааж, эрхэмсэг байдлаа үгүй хийх үйлдэл хийдэг юм биш биз? Дараах нийтлэлээр эрчүүд эмэгтэй хүний ямар үйлдэлд хамгийн дургүй вэ гэдгийг илэн далангүй дэлгэхийг зорьсон юм.

Ихэнх эмэгтэйчүүд эдгээрийг мэддэг байж болох ч алхам тутамдаа анхаарч явахад илүүдэхгүй зөвлөмжүүд багтсан байгаа.

Хэт чамин үс засалт
Онцгой баярт үйл явдал, зураг авалт зэрэгт зориулан үсээ өвөрмөц хэв маягаар засч янзлах нь мэдээж зүйтэй. Гэхдээ бусад үед үсээ аль болохоор энгийн, эвтэйхэн байдлаар янзлах нь тохиромжтой. Эрчүүд элдэв гель, лакнаас илүү байгалийн намирсан зөөлөн үсийг тань илбэн таалах дуртай байдаг шүү дээ.

Зузаан тавьсан энгэсэг

Энгэсэг бол нүүрний үрчлээ, өө сэвийг далдлах зориулалттай бүтээгдэхүүн билээ. Арьсаа илүү толигор, гэгээлэг харагдуулахын тулд энгэсэг тавихдаа болж өгвөл маш нимгэн түрхвэл зүгээр. Ингэснээр арьс тань бараг будаг түрхээгүй мэт байгалиараа харагдах ёстой бөгөөд харин эсрэгээрээ илт мэдэгдэж байвал хэтэрхий их түрхсний илрэл юм. Ер нь бүсгүй та төрөлх гоо сайхнаа арчилж тордон, будаг шунхны хэрэглээгээ багасгаснаар илүү дур булаам харагддаг гэдгээ мэдэх үү?

Гялалзсан саатай нүдний будаг

Хэрэв та мэргэжлийн нүүр будагч биш л бол хэтэрхий гялалзаж гялтганасан нүдний тень хэрэглэх хэрэггүй. Учир нь энэ бол ихэвчлэн бүтэлгүй болдог эрсдэлтэй алхам юм. Харин үүний оронд нүдээ энгийн тениэр хичнээн ч янзаар гайхалтай сайхан будах арга бий гэдгийг санаарай.

Дутуу хусагдсан биеийн үс

Бараг бүх эрчүүд булбарай зөөлөн арьсанд дуртай. Тиймээс та биеийнхээ арьсны толигор зөөлөн байдалд анхаарлаа хандуулаарай. Ялангуяа биеийн үсээ хуссаны дараа бүрэн авсан эсэхээ сайтар шалгах хэрэгтэй. Нэмж хэлэхэд нүүрний будагнаас илүү чухал зүйл бол биеийн гоо сайхан гэдэгтэй эрчүүд санал нэгддэг байна.

Хоорондоо наалдсан сормуус

Нүдээ илүү сайхан харагдуулах гэж сормуусны будгаа хэт зузаан тавьснаас болж сормууснууд хоорондоо барьцалдаж наалдан бүр долоон дор харагдах тохиолдол түгээмэл байдаг. Энэ нь хэнд ч таатай сэтгэгдэл төрүүлэхгүй учраас чанартай сормуусны будаг сонгож, хэмжээг нь тохируулан хэрэглээрэй. Мөн зориулалтын сормуусны сам таны хамгийн хэрэгцээт туслагч юм.

Хуурайшсан арьс

Эрчүүдийн хамгийн дургүй зүйлсийн нэг бол хуурай ширүүн арьс ажээ. Тиймээс нүүр ба биеийнхээ арьсанд чийгшүүлэгч тос байнга түрхэж заншаарай. Тэр дундаа хамгийн хуурай хэсэг болох өвдөг, тохойгоо онцгой анхаарах хэрэгтэй.

Шарласан шүд болон амны эвгүй үнэр

Амны ариун цэврийг сайн сахихгүй бол хайр дурлалын харилцаанд хэр зэрэг саад учруулахыг төсөөлж байгаа биз дээ. Та тамхи татдаг, эсвэл кофе их уудаг, согтууруулах ундаа хэрэглэдэг үү? Эсвэл ходоод гэдэсний асуудалтай ч байж болох юм. Шалтгаан нь ямар ч байлаа гэсэн эртхэн шиг арга хэмжээ авч, шийдвэрлэх нь зүйтэй. Жишээ нь шүд цайруулах үйлчилгээ хийлгэх, амны эвгүй үнэр дарагч цүнхэндээ авч явах гээд олон арга бий.

Хэт их түрхсэн сүрчиг

Сүрчиг бол эрчүүдийг татах хамгийн гол зэвсэг. Гэхдээ эрчүүдийн сонирхлыг өдөөж таатай мэдрэмж төрүүлэхийн тулд багахан хэмжээний сүрчиг түрхэхэд л хангалттай. Таны үнэр бусдад оньсого мэт сэтгэгдэл төрүүлддэг бол сайн. Хэтэрхий их цацсан үнэртэн нь үнэ цэнийг тань бууруулж, эргэн тойрны хүмүүст ч төвөгтэй санагддаг гэдгийг бүү мартаарай.

Зохимжгүй харагдах уруул хүрээлэгч

Хэрэв та оройн зоогонд уригдсан бол хоол идсэний дараа уруул тань ямар харагдахыг урьдчилан бодож үзэх ёстой. Учир нь уруулаа бүдэг өнгөөр будаад хүрээлэгчээ арай тод тавьсан бол уруулын будаг арилсны дараа хүрээлэгч нь үлдэж эвгүй төрхийг бий болгодог аж. Тиймээс болзоонд явахдаа энэ хоёрын уусалтыг сайтар анхаарч үзэхээс гадна дан уруул өнгөлөгч түрхээд явах нь илүү дээр сонголт ч байж магад.

Олон нийтийн газар нүүрээ будах

Энэ бол эрчүүдийн өмнө гоо үзэсгэлэнгийнхээ үнэ цэнийг хадгалахын тулд санаж явах ёстой хамгийн том зөвлөгөө. Хэзээ ч олон нийтийн газар, хүмүүсийн нүдний өмнө нүүрээ бүү будаарай. Ингэх нь хамгийн бүдүүлэг бөгөөд эмэгтэй хүний эрхэмсэг, нууцлаг байдлыг үгүй хийдэг үйлдэл аж. Хувийн зүйлс гэртээ л байх нь дээр.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12255
0 эможи
keyboard_arrow_up