Нэгийг ухааруулсан хамгийн “мартагдашгүй - 10” дурсамж ном

2014 оны 11 сарын 18

Хүн амьдралдаа гурван зүйлийг хийх учиртай байдгийн нэг нь ном бичих гэж ярьдаг. Номын төрөл жанрууд дотроос дурдатгал ном гэдэг зохиогчийн амьдралаар амьдарч, маш их зүйлийг ойлгож сэхээрэх боломжийг олгодог “бодит” ертөнц байдаг.

Ингээд та бүхэндээ алдаа оноогоор дэнслэгдсэн амьдралын туршлагаа хуваалцсан зарим зохиолчдын хамгийн мартагдашгүй хийгээд хамгийн алдартай дурсамж номнуудаас түүвэрлэн сонирхуулж байна.
     

№10. “THE HORSE BOY” / 2009

Нью Йорк Таймсын бестселлер болж байсан “The Horse Boy: A Father’s Quest to Heal His Son” хэмээх номыг Руперт Исааксон бичсэн юм. Аутизмаар шаналж байгаа хүүгийнхээ өвчнийг эдгээхийн тулд тэрбээр дэлхийг тойрон аялдаг билээ. Ингээд эцсийн зогсоол нь Монгол орон минь байж таарсан бөгөөд тэнгэр шүтлэгтэй Монгол түмний бөө мөргөлийн зан үйлийг шүтэн биширсэн байдаг.

Исааксоны олж мэдсэнээр аутизмтай хүүгийнх нь бие морьтой холбогдсоноор дээрдэж байсан нь бөө мөргөл хийгээд морьдын өлгий нутаг болсон Монголыг зорих гол зангилаа болж өгсөн юм. Бөө мөргөлийн зан үйлээр хүүгийн өвчнийг бүрэн эдгээгээгүй ч биеийн байдал нь тодорхой хэмжээгээр дээрдсэн нь л хангалттай байсан билээ. Рован Исааксон хүүгийн сэтгэл шимшрэм энэхүү үйл явдлаар бүрэн хэмжээний уран сайхны киног хүртэл гаргасан байх агаад үзэгчдийн таашаалд нийцэж сэтгэл хөдөлгөсөн бүтээл болж чадсан байдаг.

№9. “WILD: FROM LOST TO FOUND ON THE PACIFIC CREST TRAIL” / 2012

АНУ-ын зохиолч Шерил Стрэйдийн 2012 онд гаргасан энэхүү дурдатгал ном нь “Нью Йорк Таймс” - аас гаргасан бестселлер номын жагсаалтыг тэргүүлж байсан шилдэг бүтээл бөгөөд зохиолоос сэдэвлэсэн дэлгэцийн бүтээл нь 2014 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийхээр болсон билээ. Дэлхийн 30 гаруй хэл дээр хөрвүүлэгдэж худалдаанд гарсан энэ номдоо тэрбээр Мохаве цөлөөс эхлээд Калифорния, Орегон мужуудаар дайран гарч Вашингтон мужийн хилийг давахаар гарсан 1770 км аялалынхаа тухай бичсэн байдаг.

Энэ бол Шерил Стрэйдийн амьдралын бодит үнэнийг өгүүлсэн гайхалтай ном бөгөөд түүнийг 22 настай байхад нь ээж нь ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ. Ээжийг нь таалал төгссөнөөс хойш хойд эцэг, ах дүү нар нь холбоогоо тасалж Шерил Стрэйдэд өөрийг нь гэх хэн ч үлдээгүй юм. Орчлонд орь ганцаар хоцорсон түүнд амьдрал утгагүй санагдаж улмаар хар тамхи, мансууруулах бодисонд хэт донтсоноор нөхөртөө ч хаягдсан байна.

Иймэрхүү байдалтайгаар дөрвөн жил амьдарсны эцэст 26 насандаа тэрбээр амьдралдаа өөрчлөлт шинэчлэлтийг хийж, гуниг зовлонгоо таягдан гээж шинэ “Би” - гээ олохын тулд 1770 км урт үргэлжилдэг бартаат аялалыг эхлүүлэхээр шийдсэн нь энэ билээ. Аялалын ямар ч туршлагагүй түүний эхлүүлсэн энэхүү бэрх аялал хэрхэх эсэхийг намтарчилсан ном эсвэл нэрт жүжигчин Риз Уизерспуны тоглосон 2014 оны киноноос үзээрэй.

№8. “UNSTILL LIFE” / 2014

Нью Йорк хотноо амьдардаг зохиолч Габриэль Зельц бол “Ноён Модерн Арт” хэмээн олноо хүндлэгдсэн урлаг шүүмжлэгч, түүхч Питер Зельцийн охин юм. Тэрбээр “The New Yorker”, “The New York Times”, “More Magazine” зэрэг сэтгүүлийн онцлох уран бүтээлчээр нэрлэгддэг бөгөөд “The Huffington Post” сэтгүүлд шүүмж бичдэг ажээ. “Unstill Life” хэмээн нэрийдсэн энэхүү дурдатгал ном бол түүний бичсэн анхны ном бөгөөд 2014 оны бестселлер “шилдэг” номын жагсаалтад багтжээ. Урлагийн гэр бүлд төрж өссөн тэрбээр энэхүү номдоо амьдралын философи, бодит үнэнийг урлаг, уран сайхантай холбож бичсэн нь үнэхээр сонирхолтой байсан юм.

Номынх нь тухай маш олон эерэг сэтгэгдэл эрхэм уншигчид хийгээд мэргэжил нэгт нөхдөөс нь ирсээр байгаагийн дотор www.booklistonline.com - ийн шүүмжлэгч Донна Симений бичсэнээр “Зельцийн дурдатгал ном үнэхээр сайхан болжээ. Түүний номноос хүний мөн чанар, халуун сэтгэл хийгээд аминч үзэл, гуниг гутрал, хайр харуусал зэргийг урлаг гоозүйн өнцгөөс хүүрнэсэн гайхалтай өгүүлэмжийг уншиж мэдэрснээ нуух юун. Зарим хэсэгт ад зэтгэрийн мэт туйлын хэрцгий үнэнийг сийрүүлсэн нь үнэхээр төгс болжээ.” гэсэн байна.

№7. “SECOND WIND: ONE WOMAN’S MIDLIFE QUEST TO RUN SEVEN MARATHONS ON SEVEN CONTINENTS” / 2010

50 нас хүрэхээсээ өмнө АНУ-ынхаа 50 мужийн “марафон” гүйлтийн тэмцээнд оролцохоор төлөвлөж, зорилгодоо хүрэхийн тулд цуцалтгүй хөдөлмөрлөж байгаа блоггер, зохиолч, гүйлтийн тамирчин энэ эмэгтэйг Ками Остман гэдэг. Тэрбээр нэгэн найзынхаа зөвлөснөөр гүйлтийн спортоор хичээллэх болсноор ном бичиж, ном бичсэнээр өөрийгөө нээж олсон нэгэн юм.

Дэлхийн 20 гаруй орноор аялчихаад байгаа тэрбээр 2010 онд долоон тивийн долоон марафон гүйлтийн тэмцээнд оролцсон адал явдал, амьдралын туршлагаасаа хуваалцсан номоо гаргасан бөгөөд энэхүү номоороо дамжуулж уншигчдадаа боломжийг ашигла, амьдралынхаа утга учир, үнэ цэнийг олж мэдэхийн зэрэгцээ дотор хүнийхээ юу гэж байгааг сонсож сурахад туслахыг эрмэлзсэн юм. Ками Остманы хэлж байгаагаар хүн бүрт өөрийгөө танин мэдэж “Би” - гээ олж нээхэд нь дөхөм болдог онцгой нэгэн зүйл бий. Гагцхүү түүнийгээ л олох юм бол бие махбод хийгээд сэтгэл оюуны асар их эрх чөлөөг мэдрэх билээ.

№6. “LOSING AMMA, FINDING HOME: A MEMOIR ABOUT LOVE, LOSS AND LIFE DETOURS” / 2014

Энэтхэгээс гаралтай АНУ-ын зохиолч Ума Гиришийн 2014 онд гаргасан дурдатгал ном нь өмнөх бүтээлүүдийнх нь нэгэн адилаар хүчирхэг бөгөөд гайхамшигтай болж чадсан юм. Тэрбээр энэхүү номдоо Энэтхэгээс АНУ-д цагаачилж ирсэн шилжилтийн үеийн амьдралынхаа гашуун дурсамжийг нэхэн дурссан байна.

Хүний нутагт хөл тавьсан Ума Гириш охинд ээжээс нь өөр хэн ч байдаггүй байлаа. Харамсалтай нь нэг л өдөр ээж нь хөхний хорт хавдраар ертөнцийн мөнх бусыг үзүүлснээр Ума Гириш харийн нутагт ганцаар хоцорсон юм. Ингээд тэрбээр амьдрахын төлөө хүний нутагт хэрхэн тэмцэж өнөөгийн өндөрлөгт хүрсэн тухайгаа энэхүү номдоо томруун дүрсэлсэн нь та бидний заавал унших гайхалтай дурдатгал номын нэг юм.

№5. “THE YEAR OF MAGICAL THINKING” / 2005

Хослон жаргадаг амьдралын нугачааг хосоороо биш ганцаар туулах тавилантай хоцорсон хөөрхийлөлтэй бүсгүйн хайртай хүнийгээ санан ганихрах сэтгэлийн тусгал болсон энэ номыг харууслын хамгийн “сонгодог” бүтээл гэж үздэг. 2005 онд худалдаанд гарч байсан энэхүү номыг АНУ-ын зохиолч Жоан Дидион нас барсан нөхөр Жон Данн (1932 - 2003) - нд зориулж бичсэн гэдэг. Нөхөр нь зүрхний шигдээсээр нас барсан бол газар дээрх ганц охин нь уушигны хатгалгаа болон гэнэтийн шокийн улмаас 2005 онд түүнийг орхин оджээ.

Жоан Дидион дээрх номыг нөхөртөө зориулсан бол “Blue Nights” номоо охиндоо зориулсан байдаг. Эдгээр бүтээлд ямар ч зөвлөгөө зөвлөмж байхгүй бөгөөд гэнэтийн уй гашуу, амьдралын хатуу бэрхийг хэрхэн сөрж тэмцэж байгаа асар их сэтгэлийн хаттай “жирийн” л нэгэн эмэгтэйн тухай гардаг юм.

№4. “MY FATHER’S GARDENS” / 2013

Хоёр ертөнцийг зааглан орших цагаач иргэдийн амьдралын бодит үнэнийг бүтээлдээ тусгасан Израиль гаралтай АНУ-ын зохиолч Карен Леви үнэн түүхээ ийнхүү дурдатгал ном болгон гаргажээ. Израилиас АНУ, АНУ-гаас Израиль... Бяцхан охин аль орныг нь эх орноо хэмээн бахархаж, аль орных нь хэл соёл, зан заншлыг дагаж мөрдөх учиртай вэ? Үнэн чухам хаана оршиж байна вэ? Түүний эцсийн сонголт нь аль вэ? зэрэг олон асуултад хариулт өгөх энэ номыг уншсанаар та бид нэгийг сэхээрэх нь гарцаагүй... Гэвч бяцхан Карен Леви он цаг улиран одохын хэрээр харийн хөрсөнд боловсорч гүйцэх эцгийнхээ цэцэрлэгийг сонгож байна...

№3. “UNREMARRIED WIDOW” / 2014

Эх орныхоо төлөө эрэлхэгээр амь үрэгдсэн АНУ-ын цэргийн хүчний албан хаагч Майлз Хендерсоны гэргий Артис Хендерсон нөхрийнхөө дурсгалд зориулж “Unremarried Widow” дурдатгал номоо гаргажээ. Тэрбээр Нью Йорк хотноо амьдардаг зохиолч, сэтгүүлч нэгэн бөгөөд түүний нөхөр 2006 онд 26 насандаа Иракт амь үрэгдсэн юм. Энэхүү номдоо Артис Хендерсон нөхрөө алдсан гэргий, айл гэрийн эзэгтэй хүний сэтгэлийн шаналанг томруун дүрсэлсэн бөгөөд уй гашуу тохиосон он жилүүдэд сэтгэлийн шаналангаа хэрхэн чиглүүлж сэхээрэхийг өөрийн амьдралаар өгүүлсэн байдаг.

Нөхрийнх нь цогцсыг нисдэг тэргээр тээвэрлэж ирэх агшинд ухаан нь балартаж ямар ч аргаар хамаагүй, юуг ч хамаагүй золиослоод нөхрөө л эргүүлж амьдруулахыг хүссэн тэрбээр эцэст нь энэ бол хамгийн тэнэг алхам байдаг юм билээ хэмээсэн байдаг.

Номдоо тэрбээр “Нөхрийгөө нас барсан гэдэгт итгэж өгөхгүй хэсэг хугацаанд солиорлын байдалтай байж үзсэн... Бүхнийг эргэцүүлж бодсоор эцсийн эцэст би л анхнаасаа бүхнийг зөв хийсэн бол нөхөр минь амьд байх байсан хэмээн өөрийгөө буруутгаж эхэлсэн... Гэвч ингэлээ гээд тэр минь нэгэнт эргэж ирэхгүй ч үргэлж надтай хамт байгаа гэдгийг нь ойлгосон... Тэгээд нөхрийнхөө төлөө буян хурааж буян үйлдэж сайн сайхан зүйлийг хийж амьдрах нь хамгийн зөв алхам гэдгийг ухаарч билээ... Түүнийг минь аваад одсон ч надад бусдын төлөө цохилох зүрх, асар их хариуцлага, хайр итгэл ухамсрыг үлдээжээ гэдгийг сая л сэхээрсэнсэн...” гэжээ.

№2. “THE LIAR’S CLUB” / 1995

Энэ ном бол дурдатгал номын төрлийн дэлхийн хамгийн алдартай “бестселлер” ном юм. Номыг зохиогч Мэри Карр нь АНУ-ын нэртэй зохиолч, илтгэгч бөгөөд түүнийг дурсамж номын хатан хаан гэж нэрлэдэг. Тэрбээр энэхүү номдоо хүүхэд насны хар бараан дурсамж, сэтгэлийн хямрал, салалт хагацал зэрэг гэр бүлийнхээ түүхийг бүхэлд нь ямар ч нууцгүйгээр дэлгэсэн байдаг.

“The Liar’s Club” ном Нью Йорк Таймсын “бестселлер” номын жагсаалтыг жил гаруй хугацаанд тэргүүлж байсан ба одоо ч эрэлттэй юм. Зохиолч Мэри Карр 1955 онд төрсөн бөгөөд номд 1960-аад оны үеийн Техасын жижигхэн тосгоны амьдралын тухай гардаг. Энэ амьдрал нь бүхэлдээ худал хуурмаг, зүй бус үйлдэл, хүчирхийлэл, хар тамхи, мансууруулах бодисонд донтсон ертөнц байсан гэдэг.

№1. “SEARCHING FOR MERCY STREET: MY JOURNEY BACK TO MY MOTHER, ANNE SEXTON” / 1994

АНУ-ын зохиолч Линда Грэй Секстон бол Пулитцерийн нэр хүндтэй шагналыг хүртсэн яруу найрагч Анна Секстоны охин юм. Тэрбээр гагцхүү бодит үнэнийг л хүүрнэн өгүүлэгч гэдгээрээ онцгой нэгэн бөгөөд багаасаа шүлэг яруу найраг бичих болжээ. Утга зохиол, яруу найргийн өлгий болсон оюунлаг гэр бүлд өссөн ч сэтгэлзүйн хувьд тайлагдашгүй нууц оршсоор ирсэн байдаг нь энэхүү номд тусгагдсан байна.

Тэрбээр “Хэрвээ би ээжийгээ уучилж чадвал уншигч та ч гэсэн ээжийгээ уучилж хайрлах болно...” гэжээ. Оюунлаг гэр бүлийн амьдралын үнэн чухам юу байсан бэ? Линда Грэй Секстон ямар шалтгаанаар ээжийгээ үзэн ядах болсон бэ? гэхчилэн удам дамжсан амиа егүүтгэлтийн нууцыг тэрбээр энэхүү номдоо бичсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12241
0 эможи
keyboard_arrow_up