Илүү цаг ба ажлын бүтээмж

2014 оны 11 сарын 12

“ИЛҮҮ ЦАГ” гэсэн ойлголт хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж болгон дээр яригддаг. Хувийн компанид ажиллаж байгаа хүмүүст энэ ойлголт илүү хамаардаг. Учир нь тэд илүү цагаар ажиллавал тухайн ажилласан цагийн цалингаа тооцуулж авдаг. Ажлын үндсэн цагаас гадна нэмэлт цагт ажилласан тохиолдолд цалинг хэрхэн олгох тухай Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 53-р зүйлийн1-т “Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно” гэж заасан байдаг.

Харин төрийн албанд энэ хууль үйлчлэхгүй байх явдал танил нөхдөөс чинь сонсогддог байх. Олон хүн илүү цагаар ажилладаг. Дээд албан тушаалтан гэнэт сууж үүнийг дуусга гэж ажлаар шахна, амралтын өдөр гэнэт дуудаж ажил өгнө, тухайн ажилтныг ямар хөтөлбөртэй, завтай эсэхийг үл харгалзан ажиллуулах гэх нь бий.

Тэгвэл “ИЛҮҮ ЦАГ” гэж ер нь юу вэ? Зарим хүмүүс ажил ихтэй болохоор үндсэн ажлын цагаас гадна орой, үдэш сууна, зарим нь өглөө эрт, амралтын өдрүүдээрээ ажиллана. Мөн өөрийн үндсэн ажлаа цагт нь дуусгаж чадаагүй хүмүүс үргэлжлүүлэн суух, амралтын өдрөөрөө ажил дээрээ өнжих тохиолдол олонтаа давтагдана.

Байгууллагын хувьд өөрийн үүрэгт ажлаа хугацаанд амжуулж хийгээгүй хүнд нэмэлт цагаар ажилласан ч илүү цаг тооцож олгодог газар бий. Гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоо нэвтрүүлээгүй эсвэл ажилтан тухайн ажлыг ямар хугацаанд гаргах ёстой зэргийг тэр бүр удирдлагууд нь мэдэхгүйгээс ажилтан зөвхөн хуруу уншуулах машинаар ажлын гүйцэтгэлийг тооцдог, боддог байгууллагууд байдаг.

Энэ тухай Японы нэгэн бизнесмэн өөрийн бодлоо хуваалцсан сонирхолтой ярилцлагыг дор сийрүүллээ. Та бүхэн уншиж өөрсдийн бодлоо хуваалцах, мөн танай байгууллага энэ тал дээр ямар бодлоготой байдаг тухай эргэн нэг харж үзээрэй.
Японы сурвалжлагч Ада Юүяа гэж нөхөр нэгэн компаний захирал /ажил олгогч/-тай уулзаж ярилцсан тухайгаа өөрийн блогтоо бичсэнийг танд хүргэе.

 “Манай компанид ажлын бүтээмж өндөр байх тусам тухайн хүн илүү цагаар ажилладаг” working overtime

ИЛҮҮ ЦАГ-ийн тухай байгууллагууд олон янзаар боддог. Тийм ч хялбархан шийдэх асуудал биш. Ажилтнуудын хүсэл эрмэлзлэл, ажлын бүтээмж, үр дүн гээд олон зүйлтэй хамт яригддаг ухагдахуун. Ихэнхдээ илүү цаг гэдэг нь хүний чадвартай их бага хэмжээгээр холбоотой байдаг гэж боддог хүмүүс олон. Тэр дотроо задалж дараах байдлаар хоёр янзаар хувааж ойлгох нь олонтаа.

Нэгт, “Байнга илүү цагаар ажилладаг хүн бол ЧАДВАРГҮЙ” гэж үзэх  компаниуд байдаг. Эдгээр компаниуд ажлын бүтээмж, үр дүнг бодолцож, илүү цагийг хязгаарласнаар “Ажлаа цагт нь гаргадаггүй” хүмүүсийг илүү цагаар ажиллаж, бусдаасаа илүү нэмэлт цалин авдаг ШУДАРГА БУС байдлыг халах зорилготой байдаг. Өөрөөр хэлбэл ажлын чадвар, бүтээмж муутай хүмүүс тухайн ажлыг цаг тухайд нь амжуулаагүйгээсээ болж илүү цагаар ажилладаг. Ингэснээрээ тэд илүү цаг бодуулж цагтаа амжуулсан хүмүүсээс их цалин авах явдал байдаг ба энэ бол шударга бус юм.

Хоёрт, “Байнга илүү цагаар ажилладаг хүн бол АЖИЛДАА ДУР СОНИРХОЛТОЙ” гэсэн ойлголттой компаниуд бий. Эдгээр компаний тухайд “Уртасгасан цагаар ч шантралгүй ажилладаг ажилтан”-уудынхаа тэрхүү байдлыг нь үнэлж, “ИЛҮҮ ЦАГИЙН ХӨЛС”-ийг   бүр анхнаасаа л тэдгээр ажилтнууддаа олгож байхаар тогтсон байдаг. 

Гэхдээ энэ хоёр аргачлалд хоёуланд нь давуу болон сул тал бий.
Эхний аргачлалын тухайд давуу тал нь үйлдвэрлэлийн бүтээмжийг өсгөхөд хялбар, тухайн ажлыг гүйцэтгэх цаг нь тодорхой байвал төвлөрч ажиллах нь ойлгомжтой. Сул тал нь ажил ихтэй үед ажилтнууд нь илүү цаг хийхийг хүсэхгүй байх явдал бий. Энэ төрлийн компаниудын хувьд зарим үед ажил багатай, зарим үед ажил ихтэй байх зэргээр ээлжилж байдаг.
 Гэтэл, хоёр дахь аргачлалын тухайд давуу тал нь нэг дэхийн эсрэг. Ажил ихтэй завгүй үед ч илүү цагаар ажилладаг, тийм уртасгасан цагаар ажиллах хүсэлтэй, сэтгэлтэй ажилтнуудын тэрхүү хүслийг боогоод байх шаардлагагүй байдаг. Мэдээж сул тал нь цалингийн зардал хэт өсдөг явдал. Мөн цаашилбал хувийн амьдралаа хойш тавьж, ажил ажил гэсэн хэнээтнүүд нэмэгддэг юм.

Тэгэхээр илүү цагийг хэрхэн олгохыг сайн бодохгүй бол зүгээр сэтгэлийн хөдөлгөөн, хуулийн дагуу цалинг тавьхад л болно гэж хандвал энэ аль аль талдаа хүндрэлийг бий болгодог. Компаний хувьд ч шаардлагагүй юманд их цалин бодох болдог.

Харин манай компаний хувьд эдгээрээс арай өөр арга хэрэглэдэг.

Бид ажил хийж чаддаг, бүтээмж өндөртэй хүмүүс л ИЛҮҮ ЦАГ хийж болно гэсэн зарчимтай.

Түүнийг хүмүүс анх сонсохдоо “Илүү цагаар их ажилладаг хүн АЖИЛДАА ДУР СОНИРХОЛТОЙ” буюу дээрх хэлсэн хоёр дугаар аргачлалтай хутгаж ойлгох нь бий.

Энэ хоёр нь тэс өөр ойлголтууд юм. Манай компаний хувьд “Илүү цагийг зөвхөн ажлын бүтээмж өндөртэй хүмүүсээр л хийлгэнэ” гэсэн зарчим үйлчилдэг.

Тэгэхээр компани дотор ИЛҮҮ ЦАГ-аар ажиллахын тулд ЗӨВШӨӨРӨЛ АВДАГ юм. Тэгээд ажлын бүтээмж өндөртэй хүнд л тэр зөвшөөрлийг олгодог. Өөрөөр хэлбэл, ажлын бүтээмж муутай, үнэлгээ багатай нөхдийг илүү цаг ажиллуулахгүй гэсэн санаа. Ажлын цаг дууссан л бол тэд гэртээ харих ёстой. Эсрэгээрээ ажлаа хийж чаддаг, бүтээмж өндөртэй нөхдүүдийг бол ажлаар булна гэсэн үг.

Хүмүүс асуудаг, ажлаа хийж чаддаг хүмүүст нэмж ажил өгөөд байхаар шантрах, залхах байдал гарахгүй юу гэж.
Эхлээд тийм байдал ажиглагдсан. Гэхдээ, ажлын бүтээмж өндөртэй хүн гэдэг чинь тухайн нэмэлт ажлуудыг ч бас хурдан хийнэ. Тэдний дунд ажлын бус цагаар 3 цагаас илүү суух хүн бараг байдаггүй. Мөн илүү цагийн хөлс Японд хуулиар ердийн цагийн ажлын хөлснөөс 1.5 дахин их байдаг. Тиймээс бүтээмж өндөртэй хүмүүс өндөр цалин авна гэсэн үг. Жилийн орлогыг нь авч үзэхэд бүтээмж өндөр, бага хүмүүсийн цалингийн ялгаа их байдаг.
Тиймээс л “ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ” гэдэг нь манай компаний хувьд ТУСГАЙ ЭРХ байдаг юм. Бараг нэр төрийн хэрэг юм уу даа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11895
2 эможи
keyboard_arrow_up