Ханиад гэж ямар өвчин бэ?
Найтаах, хоолой хорсох, хамраас шингэн нус гоожих зэрэг нь хүн бүхний мэддэг ханиадны үед илэрдэг хамгийн анхны шинж тэмдэгүүд. Гэхдээ ханиад гэж чухамдаа яг ямар өвчин байдаг вэ? Таны найз чинь зүв зүгээр байтал чухам юуны улмаас та ойр ойрхон ханиад хүрээд байна вэ? Хамгийн чухал нь өвөл хаяанд ирж буй энэ үед та хэрхэн ханиаднаас сэргийлэх вэ? Тэгвэл энд хүргэж буй цуврал мэдээллүүдээр дамжуулж өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн ханиад гэдэг өвчнөөс хамгаалахад тань туслах зарим суурь ойлголтуудыг өгөх болно.
Ханиад гэдэг нь хоорондоо ялгаатай олон төрлийн вирусээр үүсгэгддэг амьсгалын дээд замыг хамарсан бүлэг шинж тэмдэгээр илэрдэг өвчин юм. Анагаах ухаанд одоогийн байдлаар ханиад гэгч өвчнийг (өөрөөр хэлбэл ханиад гэж ерөнхийд нь нэрлэдэг амьсгалын дээд замыг хамарсан бүлэг шинж тэмдэгүүд) үүсгэгч 200 гаруй төрлийн вирус мэдэгдээд байна.
Эдгээр 200 гаруй төрлийн вирусуудээс хамгийн түгээмэл нь риновирус бөгөөд нийт тохиолдлын 10-40%-д нь өвчин үүсгэгч шалтгаан болж байдаг. Риновирусын араас коронавирус (нийт тохиолдлын 20% орчимд), амьсгалын замын синцит вирус (амьсгалын дээд замд байдаг гадны биет, бохирдол, шүүрэл ялгадасыг гадагш нь чиглэлтэй намираа хөдөлгөөнөөр гаргаж байдаг олон тооны сэртэн, сормуус бүхий эсийг синцит эс гэх бөгөөд уг эсэд халдварладаг вирусыг ийнхүү нэрлэх ба нийт тохиолдлын 10% орчимд ханиадыг үүсгэгч шалтгаан болдог) зэрэг вирус ордог байна.
Дээрхээс дүгнээд үзвэл ханиад гэдэг нь амьсгалын дээд замыг хамарсан бүлэг шинж тэмдэгээр илэрдэг, вирусын шалтгаант (ханиадыг үүсгэгч хэд хэдэн төрлийн вирус байдаг), хөнгөн явцтай, цааш хүндэрч даамжрах замаар бусад хүнд хэлбэрийн өвчлөл (уушгины хатгаа г.м) үүсгэх нь ховор, ихэвчлэн өөрөө аяндаа эдгэрч, зүгээр болдог өвчлөл юм.
Хэдийгээр ханиад нь хөнгөн явцтай, хүндэрч ноцтой өвчлөл үүсгэдэггүй боловч өвчний улмаас эмчид хандах шалтгааныг тэргүүлдэг бөгөөд бага насныхны дунд хичээлээс түр хугацаагаар завсардах томоохон шалтгаан болдог ажээ. Зарим тооцоогоор АНУ-д жил бүр 1 тэрбум долларыг ханиадтай холбоотой зардалд зарцуулдаг гэж тооцсон байдаг. Ингээд ханиад гэгч өвчнийг үүсгэхэд хамгийн ихээр холбогддог дээрхи 3 вирус тус бүрийн талаар танилцуулъя.
Риновирус
Энэхүү вирус нь ханиадыг үүсгэгч гол гэмтэн бөгөөд намрын эхэн үе, хавар болон зуны цагт хамгийн идэвхитэй байдаг. Өнөө үед хоорондоо ялгаатай 110 гаруй риновирусын төрөл бүртгэгдээд байна. Риновирус нь маш ховор тохиолдолд хүнд хэлбэрийн өвчлөл (амьсгалын доод замын халдвар болох уушгины хатгаа) үүсгэдэг. Харин томуу төст вирус, амьсгалын замын синцит вирус зэрэг ханиадыг үүсгэгч бусад вирус риновирусээс илүүтэй хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэх нь илүүтэй байна.
Коронавирус
Манайд зарим мэдээ, нийтлэлүүдэд титэм вирус гэж нэрлэгдсэн байдаг энэхүү вирус нь ихэвчлэн насанд хүрэгчдэд ханиад үүсгэх шалтгаан болдог ажээ. Энэ төрлийн ханиадны вирус нь өвөл болон хаврын эхэн цагт хамгийн идэвхитэй байдаг. Нийт 30 гаруй төрлийн коронавирус байдгаас 3-4 төрөл нь хүнд халдварлаж өвчлөл үүсгэдэг байна.
Ханиад үүсэхэд ядаргаа, харшлын үзүүлэх нөлөө
Судлаачдын үзэж байгаагаар сэтгэл санаанаас шалтгаалсан стресс, ажлын ачаалалтай холбоотой ядаргаа, хамрын харшилтай байх нь таны хамар, залгиур хоолойн бичил орчинг өөрчилж, тухайн хэсэг газрын дархлаа, хамгаалах тогтолцоог сулруулах, наалдамхай, зунгааралдсан шүүрэл ихээр ялгаруулах замаар вирус өсч үржих таатай нөхцөл бүрдүүлэх, амьсгалын дээд замын өөрөө өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагааг алдагдуулах замаар таны ханиад гэгч өвчинөөр өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг байна.
Гэхдээ ханиад нь нэгэнт л вирусын шалтгаант өвчин тул ямар нэг байдлаар халдвар аваагүй л бол ханиад гэгч өвчин үүсэхгүй юм.
Түүнчлэн дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм, гүйлсэн булчирхай томролттой байх зэрэг хүчин зүйлүүд ханиад үүсэхэд нөлөөлдөг эсэх талаар баримт нотолгоо одоогоор байхгүй байна. Тиймээс та ямарваа дархлаа сайжруулах эм бэлдмэл, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, витамины бэлдмэл хэрэглэснээр ханиад огт тусахгүй гэсэн үг биш юм.