Үнэртэй усыг хэрхэн зөв сонгох вэ?

2014 оны 10 сарын 29

Та өөртөө тохирсон үнэртэй усыг олж авах гэж үзэж байсан уу? Тэгээд чадсан уу, танд яг тохирсон уу? Үнэртэй усыг ямар үзүүлэлтээр нь хэрхэн сонгож авах вэ? Бүсгүйчүүдийн хамгийн дуртай мөртөө зөвөөр сонгож ч, зөв хэрэглэж ч чаддаггүй бараа бол - үнэртэн, үнэртэй ус. "Гайгүй байлгүй" гэж бүсгүй та гайхаж байна уу? Үнэртэнг өөртөө тохируулан сонгохын тулд үнэртэн гэж юу болох, үнэр хэрхэн яаж "ажилладаг" тухай ерөнхий онолыг мэдэж наад захын ойлголттой байхаас эхлэх учиртай.

Худалдаанд байгаа үнэртэй усны үй олон нэр төрлийг тоолохын ч аргагүй болж, хуучин шиг “Красная Москва”, “Ландыш” гээд бараг болчихдог байсантай адилгүй. Бутик, супермаркет, том жижиг дэлгүүр, зах гээд үнэртэй ус худалдаалагддаггүй газар алга.

Жил тутам зах зээл дээр хэдэн арван шинэ нэрийн үнэртэн гарч ирдэг. Жинхэнэ, чанартай үнэртэнийг ярьж байна, хаа саагүй байдаг “бясааны хорны” тухай энэ нийтлэлд би огт ярихгүй...

Хэдийгээр маш их мөнгө зарж байж бүтээдэг авч, үнэр бүр зах зээл дээр удаан тогтож чаддаггүй, хэдхэн нь л хоёр – гурван жилээс илүү тогтдог, цөөн хэдэн сор - урлагийн бүтээл л он удаан жилээр үлддэг.

 

Ихэнхи хүмүүс үнэртэн сонгохдоо тогтсон, гэхдээ ихэнхидээ буруу байдаг ойлголтыг дагадаг. Хамгийн өргөн тархалттай ойлголт бол – “Францад үйлдвэрлэгдсэн үнэртэй ус – хамгийн сайн нь” гэсэн ойлголт.  “made in france” гээд биччихсэн байхад л хангалттай, энийг нь л авъя гэнэ.

Тийм ээ, үнэртэн гоо сайхны эх орон бол – Франц Улс мөн. Чухам энд л хэдэн үеийн турш үнэ цэнээ алдалгүй ноёрхож байгаа үнэрнүүд бүтээгдсэн нь үнэн. Гэхдээ дэлхий даяар борлуулагдаж байгаа үнэртэй усны ихэнх нь Францад үйлдвэрлэгддэггүй: үнэрийг бүтээгээд тэр нь хэрэв үйлдвэрлэлд орвол “үнэрний эзэн” фирм түүнийгээ 2 – 3 сезоны турш л ашигладаг. Харин дараа нь өөр ямар нэгэн үйлдвэрт лицензээ зарах, эсвэл өөрийн охин компани - үйлдвэрүүдээрээ массаар нь үйлдвэрлүүлж эхэлдэг юм. Яг л бусад бараатай ижилхэн. Бодоод үз л дээ: хэрэв зохиогч фирм массын үйлдвэрлэл эрхлээд эхэлбэл  яагаад ч хүч хүрэхгүй шүү дээ? Тийм болохоор, шинэ бүтээлээсээ “цөцгийг нь л хамж авдаг”, харин  олон түмний хэрэгцээг хангах үйлдвэрлэлийг бусад нь хийг гээд өгчихдөг, аль ч салбарт – электроник ч бай, автомашин ч бай, гар утас ч бай... Тэгээд үйлдвэрлэлээс лицензийн хувиа “саагаад”, тэр мөнгөөрөө шинэ бүтээлээ туурвиад сууж байдаг. Хөдөлмөрийн хувиарлал гэсэн үг.

Үнэртэн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд Европын орнуудад, Ойрх Дорнодод, Египтэд төвлөрдөг. Гэхдээ мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг: үйлдвэрлэл Францаас холдох тусам үнэртний чанар буурдаг гэдгийг.  Дэлгүүрт зарагдаж буй “франц ус”-ны ихэнхи нь Францад үйлдвэрлэгдээгүй байдаг. Үнэрийг бүтээгч үйлдвэрлэсэн бус, зүгээр л Франц Улсад үйлдвэрлэгдсэн үнэртэй усыг зөвхөн өндөр үнэтэй дэлгүүр, бутикээс л авч болно.

 

Үнэртэн сонгохдоо хүмүүсийн удирдлага болгодог бас нэгэн тогтсон ойлголт бол – реклам. Үнэрийг сонин сэтгүүл телевизээр дамжуулах боломжгүй нь мэдээж. Үнэртэй усны реклам гэдэг бол зүгээр л стиль, зан чанарыг реклам бүтээгч хэрхэн харж байгаа л асуудал. Хэн нэг нь, тухайн дүр төрхийг тухайн үнэртэй устай холбосон л асуудал гэсэн үг. Ихэнхи тохиолдолд реклам тухайн бүтээгдхүүн хоёрын хооронд төө хол зөрөө байдаг. Жишээ нь, гайхамшигтай рекламны ачаар нэгэн хямд, муухан чанартай ундаа залуучуудын дунд моод болон зах зээлийг эзэлж тэр чигээрээ ноёрхож үлдсэн тохиолдол бий.

Рекламны ертөнцөд бусад салбарын адил мөнгө л ноёрхож байдаг болохоор гоё рекламны ард сайн бүтээгдхүүн байна гэсэн үг огтхон ч биш – их мөнгө төлсөн бол хэн хүний сэтгэл татагдахаар гоё реклам хийгдэнэ. Ажаад байхад, бүтээгдхүүн муу байх тусам – реклам нь илүү түрэмгий, хүнд наалдамтгай, зардал ихтэйгээр хийгдсэн байдаг. Тэгэхээр рекламыг удирдлага болгож бараа бүтээгдхүүн, ялангуяа үнэртэй ус сонгоно гэдэг бол - найдваргүй ажиллагаа. Хэрэв танд үнэр биш харин гоё сав, баглаа боодол л хэрэгтэй бол өөр хэрэг.

Үнэртэн сонгох дараагийн найдваргүй арга – үнэртэй усны “зориулалтыг” уншиж сонголт хийх. “Ажил хэрэгч, эрч хүчтэй, эрхэмсэг бүсгүйчүүдэд зориулж бүтээсэн...” Эсвэл “Дур булаам ялдамхан бүсгүйчүүдийн үнэр...” Өөрийгөө дур булаам, ялдамхан гэж боддоггүй эмэгтэйг та мэдэх үү? Би л лав мэдэхгүй... Тэгээд ч, тухайн үнэртэй усыг ямар үнэлэмжээр “тийм ийм зан чанартай эмэгтэйд тохирно” гэж бичсэн байх вэ? Нэг хоёр хүний л (хэдий мэргэжилтэн авч) бодол шүү дээ? Үгүй яахав, хэдийгээр ажил хэрэгч эмэгтэй биш ч гэсэн, “ажил хэрэгч бизнесвумены үнэр” түрхэж сэтгэлээ засахад л хэрэгтэй байж болох юм.

Заримдаа үнэртний орцыг нь сайн уншиж үзэж сонго гэсэн зөвөлгөө бас тааралддаг, энэ бүүр их хөгжилтэй. Жишээ нь, та, тухайн амттаныг гурил, өндөг, сүү, цөцгийн тосоор хийсэн гэж хэлбэл ямар амттай, юу байна гэж ойлгох вэ? Блинчик үү? Кекс үү? Бульчик уу? Энэ зөвөлгөөгөөр бол ижилхэн орцтой юм чинь эд бүгд ижилхэн амттай юм байна л даа? Тэгээд ч бас, та жишээ нь иланг-иланг ямар үнэртэй байдгийг мэдэх үү? Мускустай хольчихвол ямар үнэр гардагийг нь мэдэх үү?...

Дараагийн “арга” – найз хүүхнээ үнэрлэх: “Ямар гоё юм бэ?” гээд дэлгүүр рүү гүйнэ. Ийм аргаар сонгосон үнэртэн бас л ихэнхи тохиолдолд тавиур дээр зай  эзлэхээс цаашгүй үлддэг. Яагаад? Тайлбарлая.

Хүн бүр өөрийн гэсэн үнэртэй, ижил үнэртэй хүмүүс байхгүй. Хүн бүр өөрийн  гений бүрдэлтэй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх байх. Эндээс – хүн бүрийн бодисын солилцоо жаахан ч гэсэн ялгаатай явагдаж таарна. Тиймээс, арьснаас ялгарах шүүрсний (хөлс, арьсны тос г.м.) бүтэц – бас хүн бүрт өөр. Шүүрсний бүтэц өөр учраас үнэр нь ч, бусад бодистой урвалд орох байдал нь ч бас ялгаатай. Үнэртэй усыг арьсандаа түрхээд хэсэг байсны дараа арьсны шүүрстэй урвалд орж үнэр нь өөрчлөгдөж эхэлнэ, удах тусам үнэр нь өөрчлөгдсөөр байх болно. Найз дээр чинь сайхан үнэртэж байсан бол тань дээр ч бас тэгэж үнэртэнэ гэсэн үг биш. Таны өдөр идсэн хоол ч үнэртэй усны чинь үнэрийг өөрчилнө. Хоёр хумс сармис идээд, дараа нь үнэртэй ус түрхээд үзээрэй, гэхдээ өөрөө үнэрлэж хэрэггүй, өөр хүнээр үнэртүүлж жишүүлээрэй...

 

Натурал үнэртэн бодисууд амархан ууршдаг учраас дэгдэлтийг барьдаг тусгай бодиснуудыг хольж өгөхгүй бол ганц хоёр цагийн дараа л замхран алга болно. Мөн үнэртэн бодис агаартай холилдмогц исэлдэж үнэр нь хурдан өөрчлөгддөг. Дээрээс нь үнэртэн бодисууд хоорондоо ч урвалд орох дуртай. Агааргүй, шилэнд байхдаа хоорондоо удаанаар урвалд ордог, тиймээс, задлаагүй шинэ усны үнэртэн бодисууд "тайвандуу байж байснаа" хэрэглээд эхэлсний дараа хүчил төрөгчний нөлөөгөөр хоорондоо урвалд орох хурд нь хэдэн арав дахин нэмэгддэг.

Чанартай сайн үнэртний гол нууц нь – үнэр “шат дараалан” эгшиглэх учиртай .

Натурал иж бүрдлүүд аливаа гадаргуу дээр түрхэгдсэний дараа агаарын нөлөөгөөр хоорондоо хурдан урвалд орж дэгдэж эхэлдэг. Энэ маш олон урвалын үр дүнд үнэртэй ус маань цаг хугацаа өнгөрөх тусам өөр өөрөөр үнэртэнэ.

Үнэртэн бүтээгч мастерууд үнэрийг гурван үе шат – гурван ноттой - байхаар бодож бүтээдэг. Эхний нот нь хэдэн минутын хугацаанд үргэлжлэнэ. Энэ хугацаа үнэртэй усны орц, найрлага, орчны температур, биений эсвэл усыг түрхсэн гадаргууны температур гэх зэргийн олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд энэ эхний, “толгой” нотны үнэр 15 минут хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд хамгийн дэгдэмхий бодиснууд замхран алга болох агаад орц найрлаганы бодиснуудын хоорондын үйлчлэлээр үнэрний хамгийн хурдан өөрчлөлт энэ эхний хэдэн минутанд явагддаг.

 

Үнэрний хоёрдахь нот – “зүрхний” нот – хоёр гурван цаг үргэлжилнэ (энэ хугацаа дээр хэлсэн олон хүчин зүйлээс хамаарна). Чухам энэ “зүрхний” нот л үнэр бүтээгч мастерын гол санаа байдаг бөгөөд тухайн үнэртэй усны үнэр юм. Энэ хугацаанд дунд зэргийн дэгдэлттэй бодиснууд замхарч дуусах тул үнэрний үндсэн өөрчлөлт ч зогсоно.

Гуравдахь нот – “хойд хормой” нот буюу суурь нот ч гэдэг.  Энэ хугацаанд үнэртэй усны хамгийн бага дэгдэлттэй, тогтвортой хэсгийн ба хамгийн удаанаар явагддаг бодис хоорондын урвалын үр дүн болсон үнэр л үлдэнэ. Энэ гуравдахь нот үнэртний орц болон бусад хүчин зүйлээс хамаарч 12 цаг хүртэл, зарим нь бүтэн хоног ч үргэлжилдэг. Чухам хэр удаан үргэлжлэх нь үнэр хадгалагч ямар бодис хэрэглэгдсэнээс хамаардаг: мускус, амбра г.м. Энэ бодиснууд маш өндөр үнэтэй учраас өргөн хэрэглээний үнэртэй усанд хийдэггүй, хиймэл бодисоор орлуулдаг учраас үр дүн нь ямар байх нь ойлгомжтой.

Одоо “бид үнэрний мэргэжилтэн” болж бэлтгэгдсэн тул үнэртэй ус сонгох хамгийн зөв арга руу оръё.

Үнэртэй усыг гэнэт авах биш, сэтгэл  санаагаа бэлдэж байгаад ул суурьтай сонгохоор очих хэрэгтэй. Дэлгүүр хэсэх дашрамд авах хэрэггүй, сайн сонголт хийж чадахгүй, мөнгөний гарз л болно. Зөвхөн үнэртэй ус авах зорилгоор цаг зав гаргаад яваарай. Ажлаа тараад ядарсан амьтан очвол бас л хэрэггүй.

Архи уусны дараа, тамхи ихээр татсаны дараа, хурц хоол идсэний дараа үнэртэй ус хэзээ ч бүү сонго, ийм тохиолдолд аливаа үнэрийг зөв хүлээж авах чадвар эрс муудсан байдаг юм.

Олон хүн холхисон дэлгүүрт тайван сонгох бололцоогүй байдаг. Бас ханиадтай, эсвэл толгой өвдөж байгаа үедээ ч – хэрэггүй.

Найз залуу, нөхрийнхөө зөвөлгөөгөөр ч үнэртэн сонгох хэрэггүй: бушуухан харьж зурагтынхаа өмнө хэвтэхийн түйс болж байгаа ч юм билүү? Та өөрөө л хэрэглэх болно гэдгээ бүү март, ганцаараа сонгосон нь л дээр.

“Тохитой томоотой” дэлгүүрт бол танд үнэртэй ус шингээсэн тусгай цаасыг үнэрлүүлнэ. Хэрэв танд үнэртэй усны шилний таглааг үнэрлүүлэх гээд байвал – шууд зугт, өөр дэлгүүрт оч, итгэж болохгүй газар байна, наадах чинь... Үнэртэн шингээсэн цааснаас үнэртэй усны гуравдахь - хамгийн удаан хугацаанд эгшиглэх - нот л үнэртэнэ гэдгийг санаарай.

Ингээд суурь нотоо тодорхойлж авсны дараа гол туршилт руугаа орж үнэртэй уснаас бугуй, тохойнхоо дотор талд түрхэнэ. (Түрхэхийг зөвшөөрөхгүй байвал – өөр дэлгүүр рүү яв, найдваргүй нөхдүүд байна!) Зүгээр л түрхэнэ, үрж шингээж хэрхэвч болохгүй, хамаг композицийг нь нураачихна! Өөрөө хатаг! Элдэв тос, бусад гоо сайхны бүтээгдхүүн түрхээгүй цэвэр арьсан дээр үнэртэн тус бүрийг хоорондоо хол зайтайгаар түрхэнэ. Нэг удаад гурваас олон үнэртэн туршиж хэрэггүй, үүнээс олныг зөв үнэлж чадахгүй.

Шууд үнэрлэхгүй, 15 – 20 минут, зүрхний нот эгшиглэхийг нь хүлээ.

Сайн дэлгүүрт бол тусгай зөвлөх байдаг. Ийм зөвлөх тантай ярилцаж ерөнхийдөө танд таалагддаг үнэрийг мэдсэний дараа 5 – 7 хувилбарыг санал болгон үнэрлүүлдэг. Энэ хувилбараас та 2 – 3-г нь сонгож арьсан дээрээ түрхээд үнэр боловсрохыг хүлээж байх зуур зөвлөх таныг уйдаахгүй яриа дэлгэж суудаг учиртай. Сайн зөвлөх танд тухайн үнэр тохирох эсэх тухай юу ч ярихгүй, танд өөрөө сонгох бололмжийг бүрдүүлж өгдөг. Зөвлөх байхгүй тохиолдолд та дахин дахин дэлгүүрт очих хэрэгтэй болно, нэг удаад 3 – аас илүү үнэртэн турших хэрэггүй учраас. Тиймээс, зөвлөхтэй дэлгүүрт очиж сонголтоо хийгээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11006
1 эможи
keyboard_arrow_up