Төрсний дараах ариун цэврийг чанд сахиарай эхчүүдээ
Төрсний дараа залуу эхчүүдэд олон мэдэхгүй зүйл гардаг. Тэдгээрийн нэг бол ариун цэврийн асуудал.Төрсний дараах дотор бэлэг эрхтэнүүд бараг нэг том шарх гэхэд илүүдэхээргүй болсон байдаг болохоор элдэв халдвар авахад их эмзэг болсон байдаг. Иймд төрсний дараах элдэв хүндрэлээс зайлсхийхийн тулд төрсөн эмэгтэй эмзэг эрхтэний ариун цэврийг зөв бөгөөд сайн сахих ёстой байдаг. Тиймээс жирэмсэн эхчүүддээ бэлэг эрхтний ариун цэвэр, ариун цэврийн хэрэглэл,төрсний дараа баримтлах ёстой энгийн дүрэм болон биеийн ерөнхий ариун цэврийн талаарх зөвлөгөөг хүргэж байна
Төрсний дараа бэлэг эрхтэний ариун цэврийг сахих хэрэгслүүд
Бэлэг эрхтэний ариун цэврийг сахих хэрэгслийг сонгох асуудал мөн л чухал. Хэрэгсэл нь арьсыг сайн цэвэрлэдэг, цочроодоггүй, харшил өгдөггүй байх ёстой. Төрсний дараах үед эмзэг хэсгийн ариун цэврийг сахих зорилгоор хүүхдүүдийн саванг ашиглаж болно, мөн богино хугацаанд буюу 7-10 хоногоос хэтрүүлэлгүйгээр бактерийн эсрэг үйлчилгээтэй саванг ашиглаж болно. Мөн рН эмзэг газрынхтай адил байдаг тул цочроодоггүй, сайн цэвэрлэж, үрэвсэл бактерийн эсрэг үйлчилгээтэй эмзэг газрын ариун цэврийг сахихад зориулагдсан гель, шингэнүүд мөн л сайн. Гол нь харшил өгөхгүй байх ёстой.
Ариун цэврийн хэрэглэл
Төрсний дараах эхний хоногуудад шавхарга нэлээд их хэмжээтэй байдаг болохоор сайн шингээж авдаг, дотоожинд сайн бэхлэгддэг шөнийн ариун цэврийн хэрэгсэл сонгож авах хэрэгтэй. Сүүлийн үед тусгайлан төрсний дараа ашиглах зориулалттай шингээх чадвар өндөртэй ариун цэврийн хэрэглэл гэж гарсан. Ариун цэврийн хэрэглэлийг бохирдохын хэрээр 2-3 цаг тутам заавал сольж байх хэрэгтэй. Шавхарга нь өвчин үүсгэгч нян үржих таатай орчин байдаг болохоор ийм ойр ойрхон солих шаардлагатай байдаг. Төрсний дараах эхний хоногуудад гарч байгаа зүйлийн хэмжээ, хэлбэр зэргийг эмч, сувилагч тогтооход хялбар байдаг тул том даавуун ариун цэврийн хэрэглэл хэрэглэж болно. Төрсний дараа үед гарч байгаа зүйл хэт их, эсвэл огт байхгүй бол нэн даруй эмч,сувилагчид мэдэгдэх хэрэгтэй. Учир нь хэт их хэмжээний (ариун цэврийн хэрэглэл хэдхэн минутын дотор нэвт норох, нөжирсөн цус гарах) шавхарга нь нэн даруй, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байдаг төрсний дараах цус алдалтын шинж тэмдэг байж болзошгүй юм. Харин төрсний дараа шавхарга огт гарахгүй байх нь умайн хүзүүний сувгийг нөж бөглөсөн, умайн агших чадвар буурсанаас үүдсэн байж болзошгүй юм.
Төрсний дараах үед мөрдөх ёстой энгийн дүрэм
Төрсний дараах үед ариун цэврийг сахихдаа тодорхой дүрмийг дагах ёстой байдаг, үүнд:
- Төрсний дараа, ялангуяа эхний 7-10 хоногт төрөх замын бичил урагдалт, шарх эдгэрэх, оёдол тавьсан бол ёодлыг авах хүртэл бие зассаны дараа болон өглөө босоод, орой унтахын өмнө бэлэг эрхтэнээ угааж байхыг хичээх хэрэгтэй.
- Урьдчилан сайтар угааж цэвэрлэсэн гараар, цавинаас хошного руу гэсэн чигт бүлэн усаар угаана. Угааж байгаа усыг ийм чиглэлд урсгаснаар шулуун гэдэснээс элдэв халдвар үтрээ рүү орохоос сэргийлж өгдөг. Бэлэг эрхтэнийг угаахаас өмнө ба дараа нь сайтар угаана.
- Бэлэг эрхтэнийг угаахдаа эхлээд умдаг ба бэлгийн их уруулыг хэсгийг угаагаад дараа нь гуяны дотор талыг угааж, хамгийн сүүлд нь хошногоны орчмыг угаана. Усыг үтрээгүй гүн урсан оруулалгүйгээр урдаа нь арагш чигт урсгана, шүршинэ. Усыг үтрээ рүү гүн оруулбал халдвар орохоос хамгаалах үүрэгтэй үтрээний хэрэгтэй бактериуд урсаж, зайлуулагдах аюултай тул үүнийг онцгой анхаарах хэрэгтэй.
- Угаадаг алчуур, угаадаг хөөс зэргийг ашиглах ямар ч хэрэгцээ байхгүй. Учир нь эдгээрийг ашиглан угаах үед бичил язралт үүсч халдвар орох эрсдэл нэмэгдэнэ.
- Угаасны дараагаар салтааны арьсыг эмзэг хэсгийн ариун цэврийг сахих зориулалттай цэвэр алчуураар арчина. Алчуурыг өдөр болгон сайтар цэвэрлэн угааж байх хэрэгтэй. Нэг удаагийн арчуур ашиглаж болно. Арчих хөдөлгөөн нь угаах хөдөлгөөнтэй адилаар урдаас арагш гэсэн чиглэлд явна.
Биеийн ерөнхий ариун цэвэр
Эмзэг газрын ариун цэврээс гадна биеийн ерөнхий ариун цэврийг сайтар сахиж байх хэрэгтэй. Хамгийн энгийн бөгөөд заавал дагах ёстой дүрэм бол гараа сайтар угааж цэвэрлэж байх явдал. Боломжтой бол шүршүүрт өглөө оройд орж байх. Ор хөнжлийн цагаан хэрэглэлийг хамгийн цөөндөө 5-7 хоног тутам сольж байх хэрэгтэй. Цамц цэвэр даавуун байх ёстой бөгөөд өдөр болгон сольж байх хэрэгтэй. Гар, хөх, эмзэг газрыг арчдаг алчуурууд зөвхөн таных байх ёстой. Өөр хүн санамсаргүй хэрэглэхээргүй газар байлгах нь дээр.
Хөхийг хүүхдийн саван ашиглан гараараа өдөр хоёроос ихгүй удаа угааж байх хэрэгтэй. Хуучных шиг хөхийг хүүхдээ хөхүүлэхээс өмнө заавал угаах гэсний хэрэггүй. Ингэвэл хөхний товч гэмтэх нь нэмэгддэг. Хөхний товч орчмыг халдварын эсрэг йод г.м. зүйлстийг түрхэх хэрэггүй. Хөхийг хамгаалах хамгийн сайн арга бол хөхүүлж дуусаад хэдэн дусал сүү саан түүгээр хөхний товч, товчны тойронд
түрхээд арчилгүйгээр 2-3 минут хаттал нь хүлээх явдал юм.
Умайн холбоос нь төрсний дараах эхний хэд хоногт их сунасан хэвээр байдаг болохоор маш хөдөлгөөнтэй байдаг. Умайг зөв байрлалд орох хүртэл түрүүлгээ харж унтах нь зөв. Ийм байрлалтай унтахад шавхарга гадагшлахад бэрхшээл үүсдэггүй.
Төрөхөөс гарсны дараа 10-14 хоноод эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй байдаг. Бүх зүйл хэвийн байлаа ч гэсэн төрсний дараах үе элдэв хүндрэлгүйгээр явж байгааг эмч үзлэг хийн магадлаж үзэх ёстой.