Бүсгүйчүүд минь, эрчүүдтэйгээ хэл амаа ололцож сураарай

2014 оны 10 сарын 16

Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн харьцаанд хэдийд асуудал үүсдэг вэ? ”Цэцэг чихэрний”, өөрөөр хэлбэл эрэгтэй нь эмэгтэйнхээ араас идэвхитэй эргүүлэх үе дуусаад хамтын амьдрал эхлэнгүүт гомдол, маргаан, хэрүүл муудалцаан бий болчихдог. Энэ үед л учир зүйгээ ололцохыг хичээн илэн далангуй ярилцаж асуудлуудаа шийдэх ёстой байхад хүүхнүүд ингэх гэж яардаггүй.  “Тэр л намайг эргүүлсээр байгаад авч суусан юм чинь түүнтэй тохироод байхдаа яадаг юм, миний аашаар хөдлөх ёстой” гэж боддог бүсгүйчүүд тун олон байдаг.

Эр хүн эхлээд гаднах өнгөнд татагддаг болохоор эмэгтэйчүүдэд зориулагдсан бүхий л бараа өнгө зүс нэмэхэд чиглэгдсэн байдаг гэж хэлж болно. Эмэгтэйн дотоод ертөнцийг нэн түрүүн сонирхдог эр хүн ховор шүү дээ. Сайхан бүсгүйд татагдаад, танилцаад, ойртоод ирэхэд “гаднаа гяланцаг, дотроо паланцаг” биш байвал- аз.

Царайлаг сайхан бүсгүйн хувьд эрэгтэй хүнтэй хийх “хэлэлцээрийн” эхний үе шатанд шаардлагатай бүх зүйл нь түүнд угаасаа “ургаастай” байна гэсэн үг, өөр илүү юм хэрэггүй. Харин залуугийн хувьд, сонирхсон охинтойгоо олон зүйлийг тохирох учиртай болдог: болзоонд урих, хамт цагаа хэрхэн өнгөрүүлэх, хэрхэн зугаацах, тосч авах, гэрт нь хүргэж өгөх г.м. олон асуудал байдаг шүү дээ? “Би ингэх үү”,” хоёулаа тэгэх үү” гээд л залуу нь царайчилна, харин бүсгүй нь  “тэгмээргүй байна... ингэмээргүй байна... дахиад л тэнд очих гэж үү... тэрийг чинь үзчихсэн шд”... гэх мэтээр эрхэлнэ, шинэ зугаа нэхнэ. Иймэрхүү маягийн харьцаа анхны бэлгийн харьцаа, /хамт амьдарч эхлэх, эсвэл гэрлэх/ хүртэл үргэлжилдэг.

Хэрэв залууд секс таалагдаагүй бол тэр чигээрээ алга болох нь элбэг, харин бүсгүй “тэр хааччихав аа, яагаад утасдахгүй байна, яагаад алга болчихов оо” хэмээн дэвхцэнэ. Залуу, бүсгүйтэй хийсэн хэлэлцээрийнхээ үр дүнд хүссэнээ авсан, тэр нь сэтгэлд нь нийцээгүй бол бүсгүйтэй өөр ярих тохирох зүйл үгүй болсон учраас алга болсон гэсэн үг.

Харин, хэрэв секс таалагдсан бөгөөд бүсгүй тийм ч зэвүүн биш, тэвчиж болохоор зан ааштай бол цаашид хамт амьдрах, бүр гэр бүл болох ч боломжтой. Энд асуудал нэлээд ярвигтай болж ирнэ: залууд одоо сексийн тухай тохирох шаардлага байхгүй ч /хэрэв ийм шаардлага байсаар байвал энэ гэр бүл удаан наслахгүй/ жижиг сажиг ахуйн асуудлуудаас эхлээд санхүүгийн асуудал хүртэл олон зүйл босч ирдэг. Одоо бол бүсгүйд эрэгтэй хүнтэй хэлэлцээр хийх чадвараа хэрэглэх шаардлага гарна, яагаад гэвэл одоо хуучин шигээ хошуугаа унжуулж хөлөө дэвслээд нэмэргүй болсон. Нөхөртэйгөө хэл амаа ололцохгүй байгаа бол, нэг бол чадахгүй байна, үгүй бол хүсэхгүй байна гэсэн үг.

Охидуудыг хөвгүүдтэй хэлэлцээр хийж хэл амаа ололцох хэрэгтэй гэдгийг хэн ч хэлж өгдөггүй. Тиймээс, охидын байр суурь тун энгийн: би энэнтэй яахаараа тохиролцох ёстой юм, эр хүн юм чинь бүх асуудлыг өөр дээрээ авч, миний хүслээр шийдэж байх ёстой...” Тохиролцох гэж байгаа нь энэ гээд хэрүүл хийж, уйлж хашгирна, тэгээд хүссэн үр дүн нь гарахгүй болохоор “энэнтэй тохиролцох гээд ч нэмэргүй” гэсэн дүгнэлт хийнэ.

Одоо тэгээд яах вэ гэж бүсгүй та асуух байх. Миний зөвөлгөө таны сэтгэлд нийцэхгүй байж магад, гэхдээ нөхрөө, ерөөсөө эр хүний “дотор”-ыг сонирхож үзвэл зөв. Эр хүнийг зөвхөн өөрийн чинь романтик хүслийг биелүүлэгч байх ёстой гэдэг үүднээс харахаа больбол яаж байна?

Бүсгүйчүүд гайхамшигтай фантаазитай улс шүү дээ. Жишээ нь, танихгүй залуу “энэ хорвоогийн хамгийн сайхан бүсгүйд” гэж хэлээд цэцгийн баглаа өгөөд эргээд явчихад тэр бүсгүйн толгойд романтик солиорол буцалж эхэлнэ: ямар гоё юм бэ, юу хүссэн юм бол, намайг харж явдаг юм байна, дахиж ирэх болов уу... гэх мэтээр өчнөөн юм ургуулаад бодчихно. Тэгээд л нөгөө залууг харуулдаад хүлээгээд унана.... Зүгээр л, цэцэг бэлэглэсний л төлөө шүү дээ! Залуу дахиж тэр бүсгүйд ойртож ч ирэхгүй бол хүсэн хүлээсэн мөрөөдлийн ханхүү байснаа өөдгүй новш, хүүхний донтой этгээд болтол зиндаа буурна. Тэгэлгүй яадаг юм? Тэгвэл яах гэж цэцэг бэлэглэсэн юм, хүн өчнөөн юм төсөөлөөд, мөрөөдчихөөд байж байхад энэ сайхан бодол мөрөөдлийг чинь хэрэгжүүлэхгүй нүүр буруулчихсан юм чинь, тээ? Ингээд цэцэг өгсөн биш залуу маань түмэн буруутан болж хувирах. Залууг буруутан болголгүй, “би ямар тэнэг юм бэ...” гэж өөртөө хэлж чадах хүүхэн ховор. Фантаазлахгүйгээр тэр залууг сонирхож болохгүй гэж үү? Тэр жинхэнэдээ юу хүсээ вэ? Юу сонирхдог, юунд тэмүүлдэг? Түүнийг нь асуувал юу гэж хэлэх бол?

Хүүхнүүд минь, та нар дотны хүнийхээ хүсэл мөрөөдөл, сонирхолд нь анхаарал хандуулдаг уу? Яаж, ямар байдлаар? Зүгээр л асуудаг уу, эсвэл бүр оролцдог уу?

Түүний ажил, бизнесийг нь сонирхдог уу? Учир начирыг нь мэддэг үү? Түүнд оновчтой зөвөлгөө өгч чаддаг уу? Эсвэл, ядаж түүний проблемуудыг нь хамт хэлэлцэж эргэцүүлж туслах гэж оролддог уу?

Нөхөр чинь гэр бүл болон гэр бүлийн амьдралын талаар ямар үзэл бодолтой гэдгийг нь мэдэх үү? Тэр өөрийгөө ямар үүрэгтэй, ямар эрхтэй гэж ойлгодог вэ, та үүнийг нь асууж сонирхож байсан уу? Таны ямар зан байдал түүнийг бухимдуулдаг вэ?

Энэ мэтийг тайвнаар асууж, ул суурьтай ярьж хэлэлцэн хамтын шийдвэр гарган тохиролцох нь гэр бүлийн хоёрыг ойртуулан дотносуулдаг, хамтын амьдрал улам тухтай, гэгээтэй болдог юм шүү. Та туршаад үзээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10236
0 эможи
keyboard_arrow_up