Германы гуйлгачид татвар төлдөг
Ядуурал, ажилгүйдэл, байнга оршин суух гэргүй хүмүүсийн асуудал аль ч төр засгийн толгойны өвчин болдог. Нийгмийн эмзэг хэсгийнхэн гэж нэрлэгддэг ядуу, орон гэргүй хүмүүсийг халамжлах ажил нь ёс суртахууны үндсэн дээр, ихэвчлэн сүм хийдийн газраас зохион байгуулагдаж байв.
Тухайлбал 1682 онд Оросын хаан Федор Алексеевич Москвагийн гэр оронгүй, өвчинд нэрвэгдсэн хүмүүсийг сүмийн дэргэдэх хоргодох газар байрлуулах, ажилгүй залхуу хүмүүст ажил олгох, өсвөр насны хүүхдүүдэд зориулан мэргэжил олгох сургууль нээх лүндэн буулгаж байв. Гэр оронгүй хүмүүсийн тоо үүний дараа буурчээ. I Петр хааны үед орон гэргүй хүмүүсийн талаар шинэ бодлого баримтлах болжээ. 1691 онд I Петр хаан Москвагийн орон гэргүй хүмүүсийг Сибирь руу хөдөлмөр эрхлүүлэхээр явуулах зарлиг гаргаж байв. Гэхдээ энэ зарлигийн хэрэгжилт тааруухан байсан бололтой. 1717 онд 1-р Петр хаан хотын гудамжаар ядуусыг явуулахгүй байх зарлиг гаргаж, 1724 онд ядуу иргэдийн тооллого хийжээ. Петр хааны үед ядуусын асуудлыг шийдэхийн тулд олон тооны зарлиг гардаг байсан ч хэрэгжилт нь үр дүн өгдөггүй байв.
II Екатерина хатан хааны үед ядуусын талаар баримтлах бодлогод өөрчлөлт гарчээ. Эцэг эхдээ хаягдсан хүүхдүүдийн асрамжийн газар байгуулж, сүмийн дэргэд сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг харж хандах төрийн байгуулага нээжээ. 1775 оноос Оросын бусад хотуудад ч Сенатад ажлаа тайлагнадаг асрамжийн газар нээгдсэн байна. Энэ байгуулага нь ядууст боловсрол олгох, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөр эрхлэх боломжоор хангадаг байлаа. 1823 оноос орон гэргүй хүмүүсийг цэргийн албанд татаж эхэлсэн байна. Тэнэмэл байдлаар амьдардаг хүмүүсийг баривчлан, тэднийг цэргийн албанд татжээ. 19 дүгээр зууны дундуур Орос оронд орон гэргүйчүүдээс бүрдүүлсэн 50 рот цэрэг байжээ.
Орон гэргүй хүмүүсийг илрүүлэх тусгай цагдаагийн газрыг 1838 онд Москва, Санкт-Петербург хотод нээжээ. 19 дүгээр зууны сүүл үеэр цэрэг цагдаагийн арга үр дүнгүй болох нь тодорхой боллоо. Иймээс ядууст тусламж үзүүлэх шинэ байгуулага нээв. Энэ байгуулага нь хүн бүрийн асуудлыг тухайн нөхцөл байдалд нь тохирсон хэлбэрээр шийдэхийг чармайж байлаа. 20 дугаар зууны эхэн үед Москвад орон гэргүй хүмүүсийн хоног төөрүүлэх газар, хоолны газар ажиллаж байлаа. 1917 оны хувьсгалын дараа хаант засаглалын үеийн бүх тогтолцоо нуран унав. Оросын иргэний дайн дараа 1920 оны дундуур хоёр сая хүн орон гэргүй байлаа. Ядуусийн тоо социалист Орос улсын нэр хүндэд сэв суулгаж байлаа. Иймээс эрх баригчид орон гэргүй, тэнэмэл хүмүүст тусламж үзүүлэх шийдвэр гаргасан байна. Тэнэмэл байдлаар амьдрах нь нийгмийн тустай хөдөлмөрөөс зайлсхийсэн, бусдын хөдөлмөрийг мөлжих гэсэн муу арга гэж үзээд эрүүгийн хариуцлага тооцох болжээ. Иймээс орон гэргүй тэнэмэл хүн ЗХУ-д бараг байгаагүй юм.
Харин 1991 онд батлагдсан эрүүгийн хуулинд орон гэргүй тэнэмэл хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх тухай заалт байхгүй юм. Оросын шинэ үеийн түүхэнд гуйлга гуйх нь нэг төрлийн бизнес болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, дундаж болон өндөр насны хүмүүс, хүүхэдтэй эмэгтэйчүүдийг томоохон дэлгүүр, кафе, зах, төмөр замын буудал, газар доорх нүхэн гарцанд суулгаж гуйлга гуйлгах нь элбэг. Ийм зохион байгуулалттай бүлэглэл бодитоор оршиж жилдээ хэдэн мянган долларын хөрөнгө цуглуулдаг байна. Ийм гуйлгачидын дотор хуурамч лам хуврагууд ч бий. Тун саяханаас амьтан ашиглан гуйлга гуйх болжээ. Тэд “нохойд маань хоолны мөнгө өгөөч” гэсэн бичигтэй байх нь энүүхэнд.
Цагдаагийн газрынханы судалгаанаас үзвэл гуйлга гуйдаг хүмүүсийн баг бүхэл бүтэн найман үе дамжлагатай байдаг. Тэдний нэг хэсэг нь гуйлга гуйж, хоёр дахь хэсэг нь хэдий хэмжээний орлоготой байгааг хянадаг байна. Харин гурав дахь хэсэг нь орлогийг нь хураан авч цалин мөнгийг нь хуваарилдаг байх жишээтэй. 2007 оны 10 сарын 12-13-нд болсон Үндсэн хуулийн цэцийн тухай олон улсын хэлэлцүүлэгт оролцсон Оросын үндсэн хуулийн цэцийн дарга Валерий Зорькин ОХУ-д байнга оршин суух хаяггүй тэнэмэл 4 сая хүн, нэн ядуу ангилалын гурван сая хүн, асран хамгаалагчгүй таван сая хүүхэд байна гэж мэдэгдсэн байна.
Харин одоо гадаадын бусад орнуудад ядуурал, орон гэргүй тэнэмэл хүмүүсийн байдал ямархуу байгааг сонирхоод үзье. Израиль улсад ямар ч байсан өлсөж үхнэ гэсэн ойлголт байдаггүй бололтой. Израилийн ямар ч худалдааны төвд худалдагчийн лангуун доор ялимгүй муудсан, гэхдээ идэж болохоор жимс хэвтэж байдаг. Баасан гарагийн орой наймаачид амархан мууддаг, зарагдаагүй үлдсэн жимс ногоог үнэгүй тараадаг байна. Нямбай израильчууд хэзээ ч хуучин хувцсаа шатаадаггүй. Тэд угааж индүүдээд уутанд хийж гудамжиндаа орхидог. Орон гэргүй хүмүүс ямар ч байсан идэх хоол өмсөх хувцастай.
ХБНГУ, Австри улсад ядуусыг “идэвхигүй”, “түрэмгий” гэж хоёр хуваадаг. Түрэмгий ядуус нь гудамжинд яваа хүмүүсийг ээрч тойрч мөнгө салгахыг хичээдэг. Германы цагдаагийн газрын мэдээгээр бол Словак, Румын улсаад Мюнхен рүү өдөр бүр автобусаар ядуучууд ирдэг байна. Мэргэжлийн гуйлгачид гэж хэлж болохор эдгээр хүмүүс өдөрт дундажаар 150 еврогийн орлоготой. Гэхдээ мөнгөний аравны нэг нь гуйлгачинд, ихэнхи хэсэг нь ядуусыг Мюнхенд авч ирсэн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийнхэнд ноогддог. Мюнхен хотын захиргаа 2005 оны сүүлээс гуйлга гуйхыг хориглосон байна. Дараа нь Вена хотын захиргаа ч бас ийм арга хэмжээ авчээ. Германы Гамбург, Австрийн Граце хотод гуйлга гуйхыг хориглосон жагсаалт гаргах гэтэл зарим улс төрчид, нийгмийн либерал үзэлтнүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Иймд гуйлгачид татвар төлж байх болсон байна.