ДЭЛХИЙН БАНК: Монголын эдийн засаг 2017 онд өсөхгүй, 2018 оноос бага зэрэг сэргэлт ажиглагдах хүлээлт байна
Дэлхийн банкнаас бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн судалгаа болох Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг өнөөдөр танилцууллаа.
Дэлхийн Банкнаас бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн судалгааны тайланг хагас жил тутам гаргадаг юм. Тайланд дэлхийн эдийн засаг, түүхий эдийн үнийн сэргэж эхэлсэн энэ үед Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй улс орнуудын эдийн засаг ямар чиг хандлагатай байх, ямар эрсдэлүүд тулгарч болзошгүй зэргийг тусгасан байна. Түүнчлэн ямар нэгэн эрсдэл, эмзэг байдлаас урьдчилан сэргийлэх болон даван гарахад шаардлагатай бодлогын зөвлөмжүүдийг багтаасан байна.
Энэхүү тайланд бүс нутгийн эдийн засгийн дархлааг дэмжихийн тулд улс орны бодлого боловсруулагчид макро эдийн засгийн эмзэг байдлыг тууштай бууруулан, төсвийн хөрөнгө оруулалтын чанарыг сайжруулж, бүс нутгийн интеграцчлалыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж зөвлөсөн байна.
Дэлхийн банкны судалгаанд Монгол Улсын ирэх гурван жилийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг гаргасан байна. Монгол Улсын эдийн засаг 2017 онд -02, 2018 онд 1.9, 2019 онд найман хувиар өснө гэж тооцсон байна.
Энэ онд эдийн засагт өсөлт ажиглагдахгүй гэж төсөөлөхөд төсвийн алдагдал өндөр байгаа нь голлон нөлөөлсөн байна. Хэдий Оюутолгойн хөрөнгө оруулалт болон бусад хөтөлбөрүүд хэрэгжих ч өнөөгийн эдийн засгийн байдалд төдийлөн өөрчлөлт орохгүй гэж үзжээ. Нүүрсний үнэ өсч байгаа ч цаашид үргэлжлэн өсөх, эсэх нь тодорхой биш байгаа учраас эдийн засагт нөлөөлөл бага байна гэж тооцоолсон аж.
Дэлхийн банкны төсөөлөл Засгийн газрын 2017 оны төсвийн тодотголд тусгасан төсөөлөлтэй нийцэж байгааг дурдсан. "Энэ жилийн төсөв бизнесийн орчинг сайжруулахад төдийлөн нөлөөлөхгүй. Харин урт хугацаандаа тогтвортой бодлого явуулж, төсвийн тохиргоог зөв хийвэл бизнесийн орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах арга хэмжээ үр дүнтэй байвал банкуудын зээлийн хүү, хүртээмж нэмэгдэнэ. Мөн төсвийн алдагдлыг бууруулснаар урт хугацаандаа зээлжих зэрэглэл нэмэгдэх нөхцөл үүсч, гадаад зах зээлээс хөрөнгө босгох боломжтой болно" гэж Дэлхийн банкны ахлах эдийн засаг Таехиун Ли онцоллоо.
Мөн Хятадын эдийн засагт хийгдэж буй хэрэглээ, үйлчилгээний салбарт чиглэсэн бүтцийн өөрчлөлттэй уялдан өсөлт цаашид удаашрахаар байна гэдгийг дурьджээ.
Зургийг MPA.mn-ээс..
о