Иран улс Монголоос мах импортлоно
Ираны эрх баригчид хөрш орнуудаас болон Монгол улсаас малын мах импортлох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. Өчигдөр буюу Лхагва гарагт Ираны хөдөө аж ахуйн дэд сайд Али Акбар Мехрфард мэдээлэхдээ тус улс Монгол болон Армени зэрэг хэд хэдэн хөрш орнуудаас мах импортлох шийдвэр гаргасныг мэдээлсэн байна. Мөн Бразилаас хөлдөөсөн үхрийн мах авах хэмжээгээ нэмэгдүүлэхээр болжээ. Ингэх болсон шалтгаан нь Исламын шашны Мухаррам сарын мөргөлийн үед үүсдэг махны эрэлтийг хангахад чиглэгджээ. Мухаррам мөргөлийн үед Ираны Шийт муслимууд буяны хоол хийж хөршүүд, хамаатнууд болон ядууст тараадаг уламжлалтай. Энэ үеэр өсдөг улаан махны эрэлтийг Ираны эрх баригчид хангаж дийлдэггүй юм байна. Жил бүр 100,000 тонн улаан махны хомсдол үүсдэг гэж албаныхан мэдээлж байжээ. Иран улс дотооддоо 950,000 тонн улаан мах болон 1.75 сая тонн шувууны мах жил бүр нийлүүлдэг ба үүн дээр нэмээд гадаадаас 100,000 тонн улаан болон шувууны мах импортлох хэрэгцээ гардаг юм байна.