Бизнес эрхлэхэд таатай орноор Дани улс тодорлоо
Америкийн эдийн засгийн асуудлыг түлхүү анхаардаг “Forbes” сэтгүүл Дани улсыг бизнес эрхлэхэд хамгийн таатай орноор тодрууллаа. Жагсаалтад нийт 114 орон орсон бөгөөд тэдгээрийг 11 үзүүлэлтээр шалгаруулдаг уламжлалтай.
Сүүлийн 10 жилийн турш Дани улс зургаа дахь удаагаа ийнхүү жагсаалтыг тэргүүлсэн байна. Хээл хахуультай тэмцэж чадсан, хувь хүний эрх чөлөө, зээл-санхүүгийн системийн хөгжил гэсэн шалгуур тус улсыг ийнхүү тэргүүлэхэд хүргэжээ.
Дани улс худалдааны эрх чөлөө, өндөр технологийн хөгжил зэргээр есдүгээрт бичигддэг бол өмчийн эрхийг хамгаалах байдлаар 11-д ордог аж. Харин урагшилж чаддаггүй зүйл бол хүнд суртал бөгөөд ийм үзүүлэлтээр 28-рт ордог гэнэ.
Эхний таван байранд Шинэ Зеланд, Норвеги, Ирланд, Швед зэрэг орнууд багтсан байна. Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай гэгдэх
- АНУ 22,
- Япон 23,
- Их Британи 10,
- Хонконг 11,
- Герман 18,
- Хятад 94,
- ОХУ 81-р байрт тус тус жагсчээ.
Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум, “Freedom House”, “Heritage Foundation”, “Property Rights Alliance” болон “Transparency International” зэрэг нэр хүндтэй байгууллагуудын үзүүлэлт дээр тулгуурлан “Forbes” энэхүү жагсаалтыг гаргадаг юм.