100 юанийн дэвсгэрт шинэчлэгдэнэ
Хэдэн сая долларын үнэ бүхий хуурамч юанийг гүйлгээнд оруулсантай холбогдуулан хуурамч мөнгө үйлдвэрлэж байгаатай тэмцэхийн тулд БНХАУ-ын төв банк хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан 100 юанийн дэвсгэрт гаргахаар шийджээ.
Хятадын ардын банк хамгийн том мөнгөн дэвсгэртийнхээ шинэ загварыг даваа гарагт танилцуулсан байна. Тус улс хамгийн сүүлд одоогоос 10 жилийн өмнө мөнгөн дэвсгэртээ шинэчилж байсан юм. 100 юань нь одоогийн ханшаар 16 орчим доллартай тэнцэж байна.
Шинэ 100 юанийн дэвсгэрт нь одоогийнхтой төстэй харагдаж байна. Шинэ дэвсгэртийн суурь өнгө нь улаан бөгөөд голд нь Хятадын Коммунист намыг үүсгэн байгуулагч Мао Цэдуны хөрөг зураг байна. Энэ нь хэмжээгээрээ ч одоогийнхтой бараг адил харагдаж байна.
Гэхдээ төв банкны мэдэгдсэнээр, шинэ 100 юанийн дэвсгэрт нь долоон нууцлалтайгаараа онцлогтой ажээ.
Тухайлбал, Маогийн хөргийн баруун талд өөр өөр өнцгөөс харвал улаанаас ногоон болж хувирах тасархай зураастай гэнэ. Мөн дэвсгэртийн гол дахь 100 гэсэн тооны өнгө нь өөрчлөгдөх аж.
Тус улсын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, өнгөрсөн онд 64 сая гаруй долларын үнэ бүхий хуурамч мөнгөн дэвсгэртийг хураан авчээ.
Шинэ 100 юанийн дэвсгэртийг энэ оны 11 дүгээр сарын 12-нд гүйлгээнд нэвтрүүлнэ.