Хүнсний 100 нэрийн бараанаас 47-н барааны үнэ нэмэгджээ
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 11 сарын байдлыг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцууллаа.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс улсын хэмжээнд өмнөх сараас 0.1 хувь, өмнөх оны эцсээс 5.8 хувь, өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар тус тус өссөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2017 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.7 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.8 хувь, орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 5.5 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 4.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Түүнчлэн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2017 оны 11 дүгээр сард өмнөх сараас Булган, Дундговь, Дорнод, Архангай аймагт болон Улаанбаатар хотод 0.1-0.3 хувиар буурч, бусад аймагт 0.1-1.2 хувиар өсөж, Орхон, Говьсүмбэр, Өвөрхангай аймагт өөрчлөлтгүй байна. Харин Сэлэнгэ аймагт 1.2 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт байна.
Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2017 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.5 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.8 хувь, хувцас, бөс бараа гутлын бүлгийнх 5.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 10.0 хувь, боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Улаанбаатар хотод 2017 оны 11 дүгээр сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 33.7 хувийнх нь үнэ өсөж, 12.5 хувийнх нь үнэ буурч, 53.8 хувийнх нь үнэ өөрчлөлтгүй байсан байна. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 47 нэрийн барааны үнэ нэмэгджээ.