Тансаг зэрэглэлийн ресторанд шинэ жилийн арга хэмжээ зохиоход 1 хүний 129-260 мянган төгрөг байна
Оны эхний гурван улиралд ресторануудын орлого 17.7 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулах өндөр зэрэглэлийн ресторан, үйлчилгээний газруудын сонголт нэмэгдэж байна. Ресторануудын хувьд, шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахад ойролцоогоор нэг хүний 129- 260 орчим мянган төгрөгийн ханштай байна.
"Шангрила" зочид буудал шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахдаа "Gold", "Jade", "Premium" багц болон гурван танхимаас сонгох боломжийг байгууллагуудад санал болгож байна. Харин нэг хүний 159-229 мянган төгрөгийн хооронд үнэтэй байгаа юм. Үүнд татвар нэмэгдэж тооцогдоно. Харин "Galaxy Tower"-т байрлах "Ceilo" ресторан 60-100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Шинэ жилийн хүлээн авалтын багц нэг хүний 130 орчим мянган төгрөгөөс эхэлж байна. "АСЕМ вила"-д байрлах "Brook" ресторанд шинэ жилээ зохион байгуулахад нэг хүний 100 ам.доллар байгаа юм. Тус ресторан нь нийт 300-350 хүн хүлээн авах хүчин чадалтай. Мөн "АСЕМ"-ийн арга хэмжээг зохион байгуулах үеэр ажиллаж байсан тогооч нар одоог хүртэл ажилладаг байна. Үүнээс гадна гэрэлтүүлэг, тайз зэрэг нь хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон болохыг онцолсон юм.