Ам.долларын ханш 84.64 төгрөгөөр буураад байна
Төв банкнаас ам.долларын албан ханшийг 2404.89 нэгж дээр зарлаж, гуравдугаар сарын 23-ны өдрөөс эхэлсэн ханшийн доош чиглэсэн хөдөлгөөн үргэлжилсэн хэвээр байна. Он гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 84.64 төгрөгөөр буюу 3.3 хувиар чангараад байгаа юм. Юанийн ханшийн хувьд ч мөн төгрөгийн эсрэг суларсан хэвээр байна. 2017 оныг 357.96-ийн түвшинд эхлүүлж байсан юанийн албан ханш даваа гарагт 349.2 төгрөг дээр зарлагдлаа. Энэ нь өнгөрсөн дөрвөн сарын турш юанийн ханш төгрөгийн эсрэг 2.4 хувиар суларсан гэсэн үг юм. Үүнээс гадна Монголбанк нэг долоо хоногтой 467.3 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 14.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар нэг долоо хоногтой Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 1302.1 тэрбум төгрөг болж байна.