Махны үнэ өсч, хүнсний ногооны үнэ буурчээ
Нийслэлийн статистикийн газраас 7 хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.
Махны дундаж үнэ
2017 оны 1-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5675 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6900 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.3 хувиар буюу 90 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.2 хувиар буюу 95 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөг, харин “Бөмбөгөр” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.5 хувиар буюу 30 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2017 оны 1-р сарын 4-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2017 оны 1-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 2.4 хувиар буюу 25 төгрөгөөр өсч, харин байцаа 1.9 хувиар буюу 25 төгрөг, хүрэн манжин 4.8 хувиар буюу 75 төгрөгөөр тус тус буурсан байна.