Махны үнэ буурсан үзүүлэлттэй байна
Нийслэлийн статистикийн газраас арваннэгдүгээр сарын II долоо хоногийн өргөн хэрэглээний барааны үнийн танилцуулгыг гаргажээ. Танилцуулгыг гаргахдаа Нийслэлийн зургаан дүүргийн 17 хүнсний зах, худалдааны төвийн барааны бүтээгдэхүүний үнийн мэдээлэлд тулгуурласан байна. Ажиглалтаар өнгөрсөн долоо хоногт 28 нэрийн барааны үнэ тогтвортой, 6 нэрийн барааны үнэ буурсан, 3 нэрийн барааны үнэ өсчээ.
Махны дундаж үнэ
Хонины ястай нэг килограмм мах дунджаар 3885 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5370 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 20 төгрөгөөр, үхрийн цул мах 0.4 хувиар буюу 25 төгрөгөөр буурсан байна. Үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.6 хувиар буюу 65 төгрөг, хонины цул махны үнэ 1.4 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус буурсан байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5300 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
“Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 800-900 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Барс”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
Байцаа 1.2 хувиар буюу 10 төгрөгөөр буурч, харин манжин 49.5 хувиар буюу 505 төгрөгөөр өсчээ.