Хятадын ченжүүдийн эрэлт өндөр байсан нь ноолуурын үнийг өсгөжээ

2016 оны 8 сарын 03

Монгол Улс энэ жил 8000 орчим тонн ноолуур бэлтгэсэн бөгөөд зүүн аймгуудын ноолуурын чанар хамгийн сайн байсан бол баруун тийшээ болох тусам чанар нь тааруухан болдог байна. Энэ жилийн ноолуурын ханш нэг кг тутам нь 48 мянган төгрөгөөс эхэлж, зургадугаар сард 60 мянган төгрөг болж чангарчээ. Өмнөх жилүүдийн жишгээр ноолуурын ханш анх зарлагдсан үнээсээ буурах хандлагатай байдаг аж. Хэдий тийм боловч энэ жил БНХАУ-ын худалдан авагч ченжүүд олон байсан нь эрэлтийг нэмэгдүүлж ноолуурын үнэ өсөхөд нөлөөлсөн талаар салбарын яам мэдээллээ. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын хувьд татан авалтаа нэмэгдүүлсэн байна. Тухайлбал “Говь” ХК энэ жил 450 тонн ноолуур татаж авсан нь өнгөрсөн оноос 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд зөвхөн өнгөрсөн долоо хоногт 6.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өнгөрсөн жилээс 2.6 дахин бага дүнтэй юм. Энэ нь ноолуурын арилжаа буурсантай шууд холбоотой аж.

Ноолуур экспортлогч компаниуд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан ноолуураа борлуулах үүрэг хүлээдэг байна. Өөрөөр хэлбэл биржээр арилжсан ноолуурыг экспортод гаргасан гэж салбар яам тайлбарлалаа. Энэ оны эхний хагас жилд Хөдөө аж ахуйн бирж нийт 5400 тонн ноолуурыг 3.1 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Даваа гарагт Хөдөө аж ахуйн биржид 312.1 сая төгрөгийн арилжаа хийгджээ. Үүнээс 256.8 сая төгрөгийн тэмээний ноос, 55.3 сая төгрөгийн хонины ноос арилжсан байна. Тэмээний ноосны ханш нэг кг тутам нь 4400-5400 төгрөгийн хооронд байсан бол хонины ноос төрлөөсөө хамаараад нэг кг тутмыг нь дунджаар 1180 төгрөгөөр арилжжээ. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Хөдөө аж ахуйн бирж нийт 6.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.6 дахин бага байгаа юм. 2015 онд ноолуурын арилжаа хэвийн явагдаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35066
0 эможи
keyboard_arrow_up