Хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
Тавдугаар сарын сүүлийн долоо хоногийн байдлаар хонины ястай нэг килограмм мах дунджаар 6585 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8490 төгрөгийн үнэтэй байлаа. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байсан байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.4 хувиар буюу 160 төгрөг, хонины цул мах 1.0 хувиар буюу 75 төгрөгөөр буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6400 төгрөг, “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8300 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин “Алтан тариа” савласан нэг килограмм гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, I зэргийнх 1000-1300 төгрөг, II зэргийнх 780-1000 төгрөгийн үнэтэй байсан бол “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байгаа аж. Хүнсний ногооны төрөлд байцааны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 20.6 хувиар буюу 465 төгрөгөөр буурч, манжингийн үнэ 1.3 хувиар буюу 30 төгрөгөөр өсчээ.